| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0018/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/04 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж шүүгчид Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Иргэдийн төлөөлөгч Ц.Гансүх
Хохирогч Ц.Д************н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр
Шүүгдэгч Ц.Л************ нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнчимэдийн Л************д холбогдох Эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ц.Л************ нь 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 2016 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 15-13 тоот хашаанд өөрийн найз Батмөнхтэй маргалдаж байхдаа хохирогч Ц.Д************нг толгойн тус газар нь модоор цохиж "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ц.Л************ыг 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 2016 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 15-13 тоот хашаанд өөрийн найз Батмөнхтэй маргалдаж байхдаа иргэн Ц.Д************нг толгойн тус газар нь модоор цохиж "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч, Хохирогч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд аюул учруулахыг хүссэн шууд санаатай, эсхүл зориуд хүргэсэн шууд бус санаатай үйлдэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ц.Л************ нь 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 2016 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 15-13 тоот хашаанд Х.Батмөнхтэй маргалдаж байхдаа хайхрамжгүй хандаж иргэн Ц.Д************нгийн толгойн тус газар модоор цохиж бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Ц.Л************ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хамгийн сүүлд Мөнхөө нэг банз барьсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудна гэж хэлсэн. Би цохиогүй гэв. Хохирогч Ц.Д************н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Давка ах нэг найзынхаа гэрт очно. Түрүүн тааралдахад надтай дуугараагүй гэж хэлээд очсон. Тэгээд Дагва нэг ахтай хоорондоо маргаад л байсан. Тэр ах чи их уусан байна хоёулаа маргааш уулзая гээд хэлээд байсан. Тэгээд ээж нь гарч ирээд яв гэж хэлсэн. Бас нэг бүдүүн эгч "хөөе нааш ир гөлөгнүүдээ" гэсэн чинь Мөнхөөгийн уур нь хүрээд буцаж очоод зодолдоод байсан. Би яг хэнд цохиулснаа хаанаасаа цохиулсан тухайгаа санахгүй байна. Шүүгдэгчээс 2.500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Хохирогч Ц.Д************нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Мөрөн сумын 3 дугаар хороонд Мөнхөө найз Дагва гэх хүний гэрт очсон. Дагва гэх хүний хашааны гадаа нь очоод Адъяасүрэн ах түүний найз Мөнхөө хоёр машинаас буусан ба Мөнхөө гэх хүн хашааны гадаа нь очоод Адъяасүрэн ах түүний найз Мөнхөө хоёр машинаас буусан ба Мөнхөө гэх хүний хашааны хаалгыг нь нүдсэн чинь Дагва гэх залуу нь гараад ирсэн. Тэгээд Мөнхөө, Давга хоёр хоорондоо юм ярьж байгаа бололтой байснаа маргалдаад бие биенийгээ заамдаж аваад арай ч зодолдчихгүй байсан. Тэгээд байж байтал Дагва гэх хүний хашаан дотроос үл таних хоёр залуу гарч ирсэн чинь Адъяасүрэн ах найз нар учраа олно биз гээд тухайн хоёр залуутай машин хажуу зогсчихсон ганц хоёр юм яриад зогсож байсан. Тухайн үед Бямбадорж бид хоёр зодоон болж магадгүй гэж бодоод салгах санаатай буусан чинь зодоон болоогүй. Тэгсэн чинь Адъяасүрэн ах та хоёр машиндаа сууж бай гээд машиндаа суух гээд явж байхад Дагва гэх залуу Мөнхөө гэх ахад за хөгшөөн чи маргааш ир хоёулаа эрүүлдээ уулзъя гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд Бямбадорж бид хоёр машиндаа орж суусан. Бид хоёрыг машин орж суусны дараа Дагва гэх залуу Мөнхөө гэх хоёр хүн маргалдаад хэрэлдээд байсан гэхдээ зодоон бол хийгээгүй байсан. Тэгээд байж байтал Давга гэх залуугийн ээж нь гарч ирээд та нар явцгаа яах гээд байгаа юм бэ гээд бид нарыг явах гэж байсан чинь хашаан дотроос махлаг хүүхэн гарч ирээд гөлөгнүүдээ нааш ир гэсэн чинь Мөнхөө гэх ахын уур нь хүрсэн бололтой машины урд талын суудал дээр сууж байснаа гэнэт машинаас буугаад Дагва гэх залууг хашааны үүдэнд зогсож байхад нь цохиод авсан. ...Тэгээд тухайн хүмүүс зодолдоод хашаа руу яваад орчихоор нь машинаас буугаад салгах санаатай хашаа руу нь яваад орсон чинь миний толгой руу нэг нь модоор цохичихсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Д.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 10-ны шөнө байсан санагдана. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-15-13 тоотод байрлах гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшоод орилох чимээ гарсан. Тэгээд би өөрийн хүү Л************ руу утсаар залгаад гадаа юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Дагва мэдэхгүй би гараад харъя гэсэн. Тэгээд Л************ гэрээс гараад орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарсан чинь манай жорлонгийн хажууд Л************ыг үл таних 3 залуу боогоод дараад унагаачихсан байсан. Тэгээд би болиоч гэсэн чинь намхан нуруутай хар хувцастай залуу нь чи хэн бэ чам шиг хүүхэн зайл гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи яах гээд байгаа юм бэ би наад залуугийн чинь ээж нь байна та нар хүүхэд аллаа болиоч гэсэн чинь болихгүй байсан. Би гэрээс гарахдаа манай гэрт хонож байсан бид нарын дууддагаар бууз гэх эмэгтэй хүн гарсан тэр хүн болсон асуудлын талаар мэдэж байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч М.Бямбабаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 07 дугаар сарын яг хэдний өдөр байсныг би одоо сайн санахгүй байна. Манай гэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-15-15 тоотод байдаг юм. Ингээд намайг өөрийн гэртээ дүүгээ хүлээгээд байж байтал манай хажуу талын айлын хашааны үүд хаалга дуугараад хүн орилох чимээ гарч байсан. Тэгээд би юу болж байгаа юм бол гэж бодоод хажуу талын айлын хашаа руу ороход согтуу бололтой 2-3 залуу манай хамар хашаанд ороод ирчихсэн. Манай хамар хашааны айлын Дагва гэх залуутай маргалдаж байсан ба тэр хүмүүс Дагва гэх залуугийн ээжийг нь бас янхан, банзал гэх зэргээр доромжилж байсан. Тэгээд хүүхэд уйлаад байхаар нь би гэртээ буцаж орж хүүхдээ унтуулчихаад буцаад гараад ирсэн чинь манай хамар хашааны залуу болох Дагвын дээр нь 2-3 залуу гарчихсан зодож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 07 дугаар сард байсан санагдана. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өөрийн хамаатны эгч Лхагважавын гэрт хонож байхад шөнийн 03 цагийн орчимд Дагвын нэрийг дуудаад хүмүүс орилоод байсан. Тэгээд Дагва унтаж байснаа босоод гэрээсээ гарсан. Дагвыг гэрээсээ гарснаас хойш нилээн сүүлд Дагвын ээж Лхагважав бид хоёр араас нь гарсан бөгөөд бид хоёрыг гэрээс гарахад Лхагважав эгчийн гэрийн хашаанд 4 залуу ороод ирчихсэн хашгиралдаад, ноцолдоод байгаа бололтой байсан. Тухайн үед би бодохдоо 4 залуу ирчихсэн Дагвыг зодоод байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн: Тэгээд замдаа явж байсан чинь Батмөнх ах би багийнхаа найзтай очиж уулзмаар байна гэсээр байгаад Батмөнх ахын найзынд очихоор болсон. Тэгээд бид нар Батмөнх ахын найз гэх 03 дугаар хороонд байдаг айлын хашааны гадаа очсон бөгөөд Батмөнх ах машинаас ганцаараа буугаад Дагва гэх айлын хашаа руу ороод буцаж гарч ирэхдээ найзынхаа хамт гарч ирсэн. Батмөнх ах найзтайгаа гарч ирчихээд хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдаад байсныг би мэдээгүй, найзууд хоорондоо маргалдаж байгаа юм чинь гайгүй биз гэж бодоод нэг их тоогоогүй. Тэр хоёр нилээн удаан маргалдсан бөгөөд сүүлдээ нэг нэгнийгээ цохиж эхэлсэн. Тэгээд Адъяасүрэн ах Д************н бид гурав машинаас буугаад салгах санаатай очсон. ... Дагва гэх ах банз барьчихсан Мөнхөө ахыг банзаар цохиж байсан. Тухайн үед Мөнхөө ахын дал руу нь цохиж байсан санагдана. Тэгээд би салгах гээд очсон чинь миний гар руу банзаар нэг удаа цохисон. Тэгээд би хойшоо зугтаагаад гүйтэл Д************н миний хажуугаар зөрөөд Дагва гэх ахын хашаа руу нь орж таарсан. Тэгтэл Дагва ах барьж байсан банзаараа Д************нгийн толгой руу цохисон. Тухайн үед Д************н ухаан алдсан бололтой газарт шууд унасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн: Мөрөн сумын 03 дугаар хороонд байрлах Дагвын хашааны үүдэнд очоод зогссон. Дагвын хашааны үүдэнд очоод зогсход Батмөнх ганцаараа машинаас буугаад Дагвын хашаа руу ороод буцаж гарч ирэхдээ Дагватай хамт гарч ирсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж зогсож байснаа нэг нэгнийгээ цохиод унасан. ...Дагва гэрийнхээ тэндээс нэг их уртгүй дөрвөлжин мод барьчихсан ирээд манай Батмөнхийн дал руу нь цохисон. Мөн манай дүүгийн гар луу нь цохисон. Тухайн үед Батмөнх, Бямбадорж хоёр хойшоо зугтаасан чинь хашааны гаднаас Д************н дөнгөж цухуйсан чинь Дагва гартаа барьж байсан банзаараа Д************нгийн толгой руу нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Л************ намайг хашаа руугаа оруулаад банзаар цохих гэж дайрсан. Эхлээд миний ар нуруу хэсэг рүү банзаараа хальт цохисон. Тэгээд дахиад цохих гээд байхаар нь би зүүн гараараа хаасан. Дахиад цохих гээд байхаар нь би хойшоогоо зугтаагаад хажуу талынх нь хашаа руу давж ороод хэсэг байж байгаад гараад ирсэн чинь Бямбадоржийн найз гэх залууг Л************ толгой руу нь банзаар цохисон гээд тэр залуу сонин болчихсон зогсож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч С.Чогдовын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой өөрийн найз Дашням, Бямбадорж, Д************н нартай зааланд тоглоод бид гурав маргааш нь Хөвсгөл нуур явъя гээд тохирсон байсан. Тэгээд би маргааш нь Бямбадоржийн гэрт очсон бөгөөд Д************н Бямбадоржийн гэрээс сонин царайлчихсан гарч ирсэн. Д************нгээс юу болсон талаар асуухад толгой руу нь хүн модоор цохисон гэж байсан. Хэн гэх ямар хүнд цохиулсан талаараа хэлээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас,/
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /ХХ-ийн 52-55 дугаар хуудас/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 414 тоот: Ц.Д************нгийн биед гэмтэл тогтоогдлоо.
Ц.Д************нгийн биед тархины баруун чамархай хэсгийн цусан хураа, дух ясны цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дух ясны цууралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт/ ХХ-ийн 58-р хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ц.Л************д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Л************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Л************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Л************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Л************ нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /хх-ийн 91-р хуудас/,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Л************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Хонход овогт Цэрэнчимэдийн Л************ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Ц.Л************ыг 2/хоёр/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Л************д оногдуулсан 2/хоёр/жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Л************д оногдуулсан 2/хоёр/жилийн хорих ялыг тэнсэж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л************д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ