| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0431/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/418 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Э.Б, Ч.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатар ван овогт Э.Б, Суян овогт Ч.Р нарт холбогдох 201725031185 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ДарханУул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодези мэргэжилтэй, Сетсюрвэй ХХК-ийн захирал, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатар ван овогт Э.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 342 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 2 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Суян овогт Ч.Р
Холбогдсон хэргийн талаар: Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 6 дугаар байрны 29 тоотод Ч.Ртой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Рийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд Баярсайхан бид 2 миний машинд байсан хагас шил архийг хувааж уусан юм. Ингээд архиа ууж дуусаад хамт айлд оръё гэхэд би зөвшөөрөөд машинаа тавиад бид 2 дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи аваад бид 2 хамт Б гэж найзынх нь гэрт орсон. Баярсайхан бид 2-ыг ороход гэрт нь Б гэж хүнээс гадна 2 залуу байсан юм. Тухайн үед тэд нар 1 шил архи хувааж уугаад хөзөр тоглоод сууж байсан. Намайг ороход Б гээд залуу нь нилээн согтсон байдалтай гэр дотроо явж байсан. Баярсайхан бид 2 авч орсон архийг уугаад эхэлж байхад 2 залуу нь хүүхэд сургуулиас авах цаг нь болсон байна гээд яваад өгсөн. Ингээд Б, Баярсайхан бид авсан архиа хувааж уусан байгаа Ингээд би Б гэдэг залууг танихгүй учраас найз Баярсайхантай юм яриад суугаад нэг нэгнээ тоглоомоор шоглоод байж байхад Б гэж залуу чи миний ахыг доош нь хийлээ гээд над руу агсам тавиад эхэлсэн. Тэгээд хэл амаар доромжилж байгаад миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би Б гэж залуутай барьцалдаж аваад нэг нэгнээ цохисон байгаа. Тухайн үед Баярсайхан бид 2- ыг салгах гээд намайг бариад авахаар нь Б гэдэг залуу нь намайг цохиод байсан юм. тухайн үед Баярсайханы хувьд нилээд согтсоны улмаас сайн салгаж чадахгүй байсан. Ингээд би одоо болиоч гээд Б бид 2 салаад харж суугаад чи арай ч дээ ингэж болохгүй гэж хэлээд одоо цагдаа дуудна гээд хэлсэн. Тэгсэн чинь Б гэдэг залуу нь дахин босч ирээд энийг ер нь алаад өгье гээд дахиад дайрахаар нь хажууд байсан кардонон хайрцагтай зүйлийг аваад биеэ хамгаалсан. Тэгсэн чинь Б миний дээрээс дараад цохиод нүүр болон хаа сайгүй цохиод байсан. Тэгээд байж байхад Баярсайхан цагдаа дуудаад Быг аваад явсан. Тухайн үед түргэн ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд зүүн нүдний доод талдаа оёдол тавиулаад зүүн дээд хөмсөгөндөө оёдол тавиулсан байгаа. Тэгээд гэмтлийн эмнэлгээс ирээд цагдаа дээр өргөдөл өгсөн байгаа. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зүүн талын болон нүдний дээр болон доор хэсэгт нь 4 оёдол тавиулсан. Мөн зураг авахуулахад баруун болон зүүн нэг хавирга хугарсан байна гэсэн. Тэгээд тэрүүгээр үзүүлж байсан хүмүүс хажууд сайн зураг авдаг эмнэлэг байгаа гээд очоод үзүүлэхэд зүүн талд 5 хавирга хугарсан байна гэсэн мөн миний хамар хугарсан байсан. Дээрх гэмтлийг Б намайг зодож байх явцад учруулсан. Бт зодуулахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэр гэмтлийг Б гараараа болон хөлөөрөө өшиглөж учруулсан. Эхлээд минии нүүр лүү гараараа цохисон. Тэгээд газар унасан байхад дээрээс өшиглөөд цохиод байсан. Миний эмчилгээний зардал 460.000 төгрөг болсон байгаа, мөн хамар хугарсан хамраа эмчлүүлэх шаардлагатай байгаа. Би ингээд цаашид гарах эмчилгээний зардал болон эм тарианы зардал болон нийт 1.0 сая төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед найз Баярсайхан бид 2 нэг нэгнээ шоглоод байж байсан юм. Баярсайхан бид 2 нэг нэгнээ шоглоод байдаг занг мэдэхгүй Баярсайханыг өмөөрөөд намайг зодсон байгаа. Б намайг гэрт нь ороход нилээд согтсон байсан. Биеэ авч явах чадвартай байсан байх. Миний хувьд жаахан согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/ Гэрч Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үдийн цайны дараа 14 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 6 байрны 29 тоот гэрт нь явж очисон. Намайг гэрт нь очиход Б ганцаараа байсан. Ингээд бид 2 ойрд уулзаагүй учраас жоохон юм ярьж суугаад гэрт нь задалсан байсан архийг ууж эхэлсэн байсан. Ингээд юм яриад сууж байхад найз Р миний утас руу залгаад хаана байна уулзъя гэсэн. Тэгэхээр нь тухайн үед завгүй байна эргээд залгая гэж хэлсэн. Тэрнээс хойш Р над руу ирэх хүртлээ 3-4 удаа залгасан байгаа. Б бид хоёр юм яриад нэг шил архиа уугаад байж байхад манай найз нар болох Улаанбаатар, Хосбаяр нар үдээс хойш 15 цаг 30 минутын орчим ирсэн. Бид 4 юм яриад сууж байхад Р ирчихлээ гээд залгахаар нь би гараад урт цагааны орчим уулзсан. Тэгсэн чинь Р бид хоёр машинд нь задалсан байсан архинаас тус бүр 2-3 удаа татаад дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн архи аваад орсон байгаа. Ингээд бид нар архиа уугаад байж байхад Р, Б 2 ажлаас болж хоорондоо маргалдаад ер нь үг зөрөөд эхэлсэн юм. Энэ үед орой 17 цаг болж байсан учраас Улаанбаатар, Хосбаяр 2 хүүхдүүдээ сургуулиас авна гээд яваад өгсөн. Ингээд тухайн үед би уусан архиндаа халаад муудсан байсан. Тухайн үед Р, Б 2 манай мэргэжил илүү гээд нэг өөр өөрийнхөө мэргэжлийг илүү гээд дахиад хэрэлдэж эхэлсэн. Ингээд Р босоод явах шиг болсон чинь Б энэ чинь намайг цохичихлоо гэж хэлээд бариад авсан. Ингээд тэр 2 дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн би дундуур нь ороод салгах гэж оролдсон чинь согтуу учраас салгаж чадахгүй салсан. Тухайн үед Р чи намайг аллаа ш дээ гээд орилж хашгирч байгаад салсан. Ингээд салаад яваад байж байхад Р чи муу бацаан намайг зодно гэж байхгүй шүү гээд араас нь үг хэлэхээр Б нь буцаж очоод зууралдаж аваад учиргүй нэг нэгнийхээ дээр доор ороод ноцолдоод байсан. Тэгэхээр нь би дахиад дундуур нь ороод салгаад хоёр талд суулгасан. Тэгээд салаад хоёр талд амьсгаадаад сууж байхад Р согтуудаа та хоёр дуудаж байгаад намайг зодлоо гээд тиймэрхүү утгатай зүйл ярьсан чинь Б чи өөрөө эхэлсэн биз дээ гэж хэлээд дахиад зууралдаад дээрээ доороо ороод ноцолдоод эхэлсэн. Тухайн үед би тэр 2-ыг салгах гээд нэлээд ноцолдсон юм. Ингээд арай гэж салгаад байж байхад Р өөрөө цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Б, Р 2-ыг аваад явсан. Тухайн үед Рийн хоёр нүд нь хавдсан байдалтай байсан. Рийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би хэн нь хэнийхээ хаана нь цохиод байгааг сайн хараагүй. Миний хувьд ялгаа байхгүй нэлээд согтсон байсан. Ямар ч байсан Бын нэг нүд хөхөрсөн, хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тухайн үед Р, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Р, Б хоёр өмнө нэг нэгнээ мэддэг уулзаж байсан хүмүүс байгаа. Р Б луу компьютерийн дэлгэц шидсэн чинь ар нуруу хэсэгт нь оносон. Мөн принтэр эвдэрсэн гэсэн тэрийг яаж эвдэрсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Р бид хоёр уулзах болгондоо нэг нэгнээ шоглоод тоглодог юм. Үүнийг Б буруугаар ойлгоод хоорондоо муудалцсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед би хоёр найзыгаа салгаж дийлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6858 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Рийн биед зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын уг, зүүн хацарт шарх, нурууны зүүн хэрэгт зулгарал, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...” гэх /хх-ийн 40х/ Шүүгдэгч Ч.Р нь согтуугаар 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны 29 тоотод Э.Бтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ч.Р гэж хүнийг Баярсайхан гэж найзаараа дамжуулан өмнө мэддэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 23-ны үдээс хойш би найз Баярсайхан, Улаанбаатар, Хосбаяр бид манай гэр болох Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 6 дугаар байрны 29 тоотод уулзаад нэг шил 0.75 литрийн Чингис архи уусан байгаа. Архиа уугаад сууж байхад найз Баярсайханы утас руу найз Р нь залгаад тэр 2 уулзах ажилтай боллоо гээд орой 17 цаг болж байхад Баярсайхан гэрээс гараад явсан. Тэгээд 30 орчим минутын дараа Баярсайхан, Р 2 хамт орж ирсэн байгаа. Орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи авч орж ирсэн. Ингээд юм ярьж сууж байгаад найз болох Улаанбаатар, Хосбаяр нар хүүхдийн сургууль тарах болж байгаа гээд гараад явсан. Ингээд Баярсайхан, Р бид 3 нэг чиглэлийн геологийн хүмүүс болохоор ажил төрөл ярьж байгаад авсан архиа хувааж ууж байсан юм. Ингээд геологийн чиглэлээр ярьж байгаад яриан дээрээс Р бид 2 маргалдсан юм. Тухайн үед Р босож ирээд явахаар нь бие засах гэж байна бодсон. Ингээд 00 өрөөнд орлоо гэж бодсон чинь компьютерийн дэлгэц аваад миний толгойны ар хэсэг рүү цохисон. Мөн баруун талын мөр дал руу цохиод байсан. Тэгэхээр нь би Рийн нүүр рүү гараа атгаж байгаад цохиод тэвэрч аваад бид 2 ноцолдоод газар унасан. Энэ үед хамт байсан Баярсайхан бид 2-ыг салгах гэж оролдсон. Тэгээд салаад сууж байхад Р намайг хэл амаар доромжлоод эхлэхээр нь би ч ялгаагүй хэл амаар доромжилсон. Ингээд 2 талаас дахин босч ирээд далайгаад цохихоор нь би Рийг тэвэрч аваад дээгүүрээ давуулаад газар унасан. Ингээд дахиад дээр доороо орооп ноцолдож байхад найз Баярсайхан дундуур ороод салгасан. Тэгээд бид 2 салаад байж байхад Р ширээн дээр байсан өнгөт принтерийг шидсэн чинь миний баруун талын мөр орчим шүргээд унасан. Тэгэхээр нь би дахиж босож очоод Ртой дахиад зууралдаад байж байтал найз Баярсайхан бид 2-ыг дахин салгасан. Тухайн үед бид 2 салаад байж байхад Р цагдаад дуудлага өгөөд, удаагүй цагдаа нар бид 2-ыг аваад явсан. Цагдаа дээр ирээд Р өргөдөл өгөөд эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Харин намайг эрүүжүүлэх байгуулагад хонуулсан. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн байсан. Зүүн талын дал орчим зүсэгдэж урагдсан байсан. Мөн гэдэс орчим хазсан шарх үлдсэн байсан Мөн өгзөг орчим хазсан байсан. Дээрх гэмтлүүдийг Р учруулсан байгаа. Би гэрээр эмчилгээ хийлгэсэн. Би толгойн зураг авхуулсан. Үнэ нь 90.000 төгрөг эм тариа 40.000 болсон. Надад баримт нь байхгүй, дээрх эмчилгээний зардалаа нэхэмжлэхгүй. DELL брэндийн 23 инчийн компьютерийн дэлгэц 300.000 төгрөг, өнгөт принтөр EPSON брендийн байсан үүнийг би 2015 онд 800.000 төгрөг худалдан авсан байгаа энэ эд хөрөнгөө нэхэмжлэхгүй. Рийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гаднаас нилээд халамцуу байдалтай байсан. биеэ авч явах чадвартай байх шиг байсан. Би өмнө нь Ртой хамт архи ууж байгаагүй. Маргааш нь болсон асуудлын талаар утсаар асуухад санахгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэл байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 18-19х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 7071 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Бын биед зовхи, сарвуу, хэвлий, бугалга, нуруу, өгзөгөнд цус хуралт, зүү нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.Бт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зэрэг байдлыг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгч Ч.Рид ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б нь шүүгдэгч Ч.Роос нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Ч.Рийг бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч, хохирогч Ч.Р нь гэм хорын хохиролд 435.000 төгрөг /хх-ийн 95-96х/ нэхэмжилж байх тул шүүгдэгч Э.Баас гаргуулж түүнд олгох нь зүйтэй гэж тус тус үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Баатар ван овогт Э.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Суян овогт Ч.Рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бт 550 /таван зуун тавь/ нэгжээр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Рид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Э.Б, Ч.Р нарыг торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүүлэхээр тогтоож, Э.Б, Ч.Р нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас нийт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Ч.Р /РД: РЮ77011932/-д олгосугай. 5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Р нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ