Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн М.Жд холбогдох эрүүгийн 201725031049 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт М.Ж, 1991 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, Эрдэнэ 46 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 379а тоот байрны 13 тоотод оршин суудаг гэх,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар АИ91030311.                                             

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Ж нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 379а тоотод Ц.Этай маргалдаж, толгойн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:  

Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний буруу, би уг нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх юмсан гэж их хичээж явдаг юм. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 23.00 цагийн үед Тэмүүжин, Уранбайгаль нарын хамт архи ууж байхад гаднаас 20-25 настай, 182 см өндөртэй залуу орж ирээд “та нар манай гэрт архи уулаа, би гэрийн эзэн нь байна, гарцгаа, зайлцгаа” гээд Тэмүүжин рүү дайраад байхаар нь ахын дүү ингэж болохгүй гээд дундуур нь ороод салгах гэтэл толгой руу нэг юмаар цохиход би манараад газарт унасан, газар унасан байхад толгой дээрээс дэвссэн...” гэжээ /хх-10/.

              Гэрч А.Давхарбаяр мэдүүлэхдээ: “...Ж нэг ахыг доороо хэвтүүлчихсэн, өөрөө дээр нь гараад цамцнаас нь заамдчихсан сууж байсан, гэтэл доор нь хэвтэж байсан ах “чи аль шоронгийн атаман байсан юм бэ? Би босонгуутаа чамайг дүрнэ, ална” гээд агсам тавиад байхаар нь Ж цагдаа дууд гэхээр нь дуудлага өгөөд цагдаа ирээд Ж-ыг аваад явсан. Түргэн ирээд толгой нь хагарсан ахыг аваад явсан”...” гэжээ /хх-11-12/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6160 дугаар дүгнэлтэд

“1. Ц.Эын биед духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-14/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33-34/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ж нь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 379а тоотод Ц.Этай маргалдаж, толгойн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Иймд шүүгдэгч М.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Э нь “...М.Жтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, эмчилгээний 330.000 төгрөгийг авсан. Цаашид надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн М.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН