Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00574

 

“Х.. монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2066 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Х.. монголиа” ХХК

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шүүхийн 2017-03-27-ны өдрийн 683-р шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн нүхтийн ... тоотод байрлах Ү-......83 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 1,005,602,460 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж манай хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Үнэгүй.мн сайтаас үнийн мэдээлэл авч, харьцуулалт хийлгүйгээр үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2019-05-29-ний өдрийн 4/12996 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад ШШГТХ-н 55.7-д заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа:..төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэлхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч компанийн захирал Т.Б-н өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХУД-н ..-р хороо, .. тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 630 мкв талбайтай газрын хамт 2018-12-07-ны өдрийн 18291166/01, 18291166/04 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2019-04-26-ны өдрийн 18291166/03, 05-20-ны өдрийн 18291166/05 тоот тогтоолуудаар хураасан. Төлбөр төлөгч Х.. монголиа ХХК болон өмчлөгч Т.Б- нарт үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10359, 4/10919 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул ИХ-н 177.1-т заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон зах зээлийн үнийг тогтоолгоход 1,005,602,400 төгрөгөөр үнэлснийг 2019-07-05-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019-06-19-ний өдрийн 4/14763 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 27/4-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.. монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.. монголиа ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ..

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2066 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна. 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Анаргүль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс “Сэлэнгэ эстимэйт” ХХК-н гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг бодитой, үнэн гарсан эсэхийг зөвхөн тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулснаар тогтоох боломжтой тул эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. ИХШХШТХ-н 25.1.3,25.2.2,37.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх үүрэгтэй ба энэ эрх, үүргийнхээ хүрээнд маргаж буй шаардлагаа нотлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин тухайн нотлох баримт нь хэрхэн үнэлэх, хэрэгт ач холбогдолтой, ач холбогдолгүй талаас үнэлэх эсэх нь хэлэлцүүлэг дууссаны дараах шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн үндсэн эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлага нотлохоор хүсэлт гаргасныг хангаагүй нь хууль бус байна. Мөн НШШГГ-н 2017-03-27-ны өдрийн 683-р шийдвэрийн дагуу үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-н үнэлгээг хүчингүй болгуулах тухай” гэж тодруулсантай холбогдуулан уг хууль бус үнэлгээг гаргасан “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь өөрсдийн гаргасан дүгнэлт шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх ёстой тул ИХШХШТХ-н 26.3, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь нэхэмжлэгчийн байрыг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж ХХША-нд татан оролцуулах шаардлагатай байсан гэтэл анхан шатны шүүх хүсэлт гаргасныг хангаагүй нь хууль бус байна. 2019-10-01-ний өдрийн хурлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтэд төлбөр авагч “Төрийн банк” ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй нь “Төрийн банк” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг шууд хөндөгдөж байхад ХХША-нд татан оролцуулаагүй нь ИХШХШТХ-н 29.3-т заасан ажиллагааг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-10-01-ний өдрийн шүүх хуралдааны үеэр хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.. шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна өөрөө дур мэдэн ХХША-г цааш үргэлжлүүлсэн нь ИХШХШТХ-н 92.6-д зааснаар хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг анхан шатны шүүхийн шүүгч ноцтой зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ” гэж иймэрхүү төрлийн маргаанд нэхэмжлэгч нар хугацаа авах зорилготой гэж илтэд буруутган үзэж шийдвэрлэж байгаа илт байна. Шүүх эцсийн байдлаар хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хязгаарлах арга хэмжээ авдгийн хувьд гаргасан шийдвэртээ хэргийн оролцогчийн гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэл бүхий тайлбар, үндэслэлийг тодорхой бичиж өгөх ёстой гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны бүх шийдвэр, захирамжуудад нь зөвхөн хүлээж авах үндэслэлгүй, үндэслэлтэй л гэсэн 2 байдлаар л шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, иргэд бидэнд ойлгомжтой байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Яагаад үндэслэлтэй, үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаагаа тайлбарлахгүй илтэд нэг талыг баримталж шийдвэрлээд байгаад туйлын гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Х.. монголиа ХХК 2019-06-04-ний өдөр Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Хан-уул дүүргийн .... тоотод байрлах 260 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Х.. монголиа ХХК-с 409,295,305 төгрөг гаргуулан Төрийн банк /хх 66-76/-д  олгох тухай 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-03-27-ны өдөр гаргаж, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Нийслэлийн Хан-уул дүүргийн ..-р хороо,  Нүхтийн зам .... тоотод байрлах 260 кв.м талбай бүхий орон сууц, мөн хаягт байрлах 630 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг заасан байна. 

        Шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул шүүхийн 2017 оны 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2018/00701 дугаартай захирамжийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018-01-12-ны өдөр гаргаж, албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

        Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

         2. Хариуцагч нь талуудаас үнийн санал авч, шинжээч томилсон, шинжээч эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээнд эргэлзэх, бага тогтоогдсон гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

        Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хэрэгт авагдсан баримтаар, хяналтын гомдолд заасан нөхцөл байдал нотлогдоогүй байна. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3,8,11 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул үнэлгээг хүчингүй болгох боломжгүй юм.

        3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх гомдол шийдвэр,магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. 

        а/. Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилно.

        Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг эргэлзээтэй гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд тусгай мэдлэг шаардагдахгүй буюу шүүхийн шатанд шинжээч томилох хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчөөгүй байна. 

        б/. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч талд шүүх хуралдаан 2019-09-24-ний өдөр болох талаар 2019-09-17-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-09-24-ний өдөр /хх 160/ хүсэлт гаргаж, Сэлэнгэ-Эстимейт ХХК-г хамтран хариуцагчаар оролцуулахыг, мөн шинжээч томилохыг хүссэн байна. Шүүх хүсэлтийг хэлэлцэж 2019-09-24-ний өдрийн 183/ШЗ2019/10831 дугаар захирамжаар /хх 169/ хангахаас татгалзжээ. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-10-01-ний өдрийн /хх 170/ шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээр Төрийн банк ХХК-г оролцуулах хүсэлт гаргасан байна.

        Нэхэмжлэгч нь шинжээч томилуулах, хамтран хариуцагч татан оролцуулах, шүүх хуралдаанд үнэлгээ хийсэн этгээдийг оролцуулах, гуравдагч этгээдийг оролцуулах /хх 170/ хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан байх бөгөөд ийнхүү хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантайг баримтаар нотлоогүй байна.

        Шүүх нэхэмжлэгчийн дээрхи хүсэлтийг хангаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хяналтын гомдолд заасан нөхцөл нь шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй юм.    

         в/. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Түүнчлэн, урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон., уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал., хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал., ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг хэргийг оролцогч гаргах боломжтой. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-09-24-ний өдөр /хх 164/ хүсэлт гаргаж, “...хурал дээр тавьсан хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх тал дээр эргэлзээ төрж байна...91.1.3-т зааснаар...татгалзаж байна ... ” гэжээ. 

         Нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзсан тул шүүгч 2019-09-24-ний өдөр  183/ШЗ2019/10874 дугаар захирамжаар /хх 166/ шүүх хуралдааныг 2019-10-01-ний өдөр хүртэл хойшлуулсан, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2019-09-30-ны өдөр 183/ЕШ2019/02911 дугаартай захирамж гаргаж /хх 168/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүлийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

         Ерөнхий шүүгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэснээс хойш 2019-10-01-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талд дахин /хх 170/ шүүгчийг татгалзсан бөгөөд “...хэт нэг талыг барьж байна..эргэлзээ төрж... 91.1.3-т зааснаар...татгалзаж байна ...” гэжээ.

         Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг өмнө Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтийг дахин гаргасан байх тул шүүгч   хүсэлтийг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-г зөрчөөгүй байна.

        Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгчийг татгалзан гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд “....хэргийн оролцогчтой хувийн харилцаатай..” “...хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал..” гэсэн урьдчилсан нөхцөл нь хамтдаа байхыг шаардана.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар татгалзсан гэх боловч шүүгч хариуцагч талтай ямар хувийн харилцаатай болохыг заагаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

        4. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус  хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2066 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ