Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0441/З |
Дугаар | 221/МА2015/0566 |
Огноо | 2015-12-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2015/0566
015 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2015/1566 | Улаанбаатар хот |
З ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Дл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагч Р. нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан давж заалдах гомдлоор, З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Г, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд "Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана", 28 дугаар зүйлийн 28.1.2-т "татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх", 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
000 регистртэй "Д" ХХК-ийн нэр, тамга бүхий 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11883463 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,909.1 мянган төгрөгийн, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12331390 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2,727.3 мянган төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12371872 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,909.1 мянган төгрөгийн, нийт 6,545.4 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай худалдан авалт хийж зөрчил гаргасан гэж байцаагч дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энд борлуулалтын санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэд хянаагүй, хууль зүйн үндэслэлийг нягтлаагүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хавсаргаж өгсөн эсэхийг худалдан авагч тал шалгах эрхтэй эсэх, худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг гаргаж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал нягтлан бодох бүртгэлдээ тусгах үүрэгтэй эсэхийг шалгаагүй. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалт хийлгэж, буцаалт авахаар хүсэлт гаргаснаар буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т "барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад" гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахаас өмнө дутуу, илүү төлөлтийг хэрхэн тооцох, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад /илүү төлөлттэй үед/ нэмэгдсэн өртгийн албан татварт торгууль, алданги тооцох үндэстэй эсэхийг тодруулаагүй байна.
"З" ХХК нь татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр, яг энэхүү заалтад заасан шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аливаа заалтыг зөрчөөгүй болно.
Хэрэв хэн нэгэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан аваад ирэхэд түүнийг чи нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч мөн биш гэж хардаж, мөрдөх эрх аливаа компанид байхгүй юм.
Түүнчлэн эдгээр компаниудаас худалдан авсан бараа материал баригдсан барилгад ашиглагдсан болох нь складын бүртгэл болон бусад баримтаар нотлогдож байтал Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтаар "баримтаар нотлогдоогүй зардал"-д тооцон, улмаар зардлыг нэмэгдүүлсэн зөрчил хэмээн татварын байцаагчид үзсэн нь буруу байна.
"Э" ХХК нь "З" ХХК-ийн хөрөнгө оруулалттай компани биш бөгөөд үүнд тоног төхөөрөмжийг "З" ХХК нь урт хугацаат зээлээр өгсөн. Энэ нь хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ, "Э" ХХК-ийн гэрчилгээ, дүрэм бусад баримт тайлбаруудаар нотлогдож байгаа тул 2012 онд 26,570.0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган суутган тооцсон нь зөв юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан түр оршин суугчид нь Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд зааснаар Бүгд найрамдах Хятад ард улсад татвар төлөхөөр байгаа юм. Гадаадын ажилтнуудад олгосон цалин хөлсийг ажил гүйцэтгэх хоёр талын гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн зардлын тооцоо нийлж баталгаажуулсан акт, цалингийн хүснэгт зэргийг үндэслэж дуусаагүй үйлдвэрлэлийн шууд зардал дансанд зардлаар тусгасан болно. Бүгд найрамдах Хятад ард улсын "Б" компанитай байгуулсан гэрээгээр хятад ажилчдад Монгол Улсад цалин олгосон. Монгол Улсын Засгийн газрын "100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай" 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 341 тоот тогтоол болон Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тогтоолд тус тус хамрагдсан аж ахуйн нэгжийн хувьд хятад ажилчдыг 183 хоногийн дотор ажиллуулж, цалинг нь Монгол Улсад олгосон нь баримтаар нотлогдож байхад бүхэлд нь Хятадын компанийн орлого гэж татварын байцаагчид үзэж цалингаас нэмэгдсэн өртгийн албан татварын суутган тооцох ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 253883 тоот актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хэдийгээр "Д" ХХК, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлтэй ч тус компанитай "З" ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байхгүй, падаанаар бичигдсэн барилгын материалыг няравын тайланд тусгахдаа "Д" ХХК-иас бус Дархан хотын барилгын захаас бэлэн мөнгөөр худалдаж авсан барилгын материал гэж хийсэн бүртгэлтэй, кассын зарлагын баримтаас өөр дэмжих баримт байхгүй. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй..., Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т анхан шатны ...нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, ...нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14-т хууль тогтоомжид заасан бусад үүрэг, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх... гэж заасныг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 7.1.4 дэх заалтаар хариуцлага тооцсон.
2012 оны жилийн эцсийн тайлан балансыг авч үзвэл: Балансын "Эргэлтийн бус хөрөнгө" ангилалын Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө дансны эцсийн үлдэгдэл 1,878,977,845.00 төгрөгөөр тусгасан. Энэ дүн татвар төлөгчийн Ехсеl программд хийж хөтөлсөн нягтлан бодох бүртгэлийн "Т" буюу чагтан дансны "Хөрөнгө оруулалт" дансны үлдэгдэлтэй таарч байгаа нь нягтлан бодох бүртгэл, холбогдох баримтаар нотлогдож байгаа ба дээр дурдсан 1-5-р зүйлд тэмдэглэсэн 265,699,590.91 төгрөгийн үнэтэй узелийн тоног төхөөрөмжийн "ХО" нь уг дансны үлдэгдэл 1,878,977,845.00 төгрөгийн дүнд орсон байгаа. Харин компанийн үндсэн үйл ажиллагаанд ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн бүртгэлд байхгүй нь нотлогдоно.
2012 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 5119189 татвар төлөгчийн дугаартай К ХХК-иас худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр тайлагнасан. Узелийн тоног төхөөрөмж нь тус "З" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдаагүй бөгөөд үйл ажиллагаатай нь хамааралгүй худалдан авалт байсан ба өөрийн явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор зохицуулагдсан.
БНХАУ-ын Б компанитай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээгээ "Олон Улсын хөдөлмөрийн гэрээ" гэж нэрлэжээ. Гэтэл уг гэрээ нь Монгол Улсын Иргэний тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэсэн байна. Гэрээний ерөнхий зүйл 1-д "Талууд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутагт баригдах 99 айлын орон сууцны барилга угсралтын ажил болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн байгуулав. Барилгын талбайг тэг тэнхлэгээр тооцно, 1.1.1-т Төмөр бетон карказ, 1.2-т Талууд баригдах барилгын өртөг тооцсон талбайг 13368 мкв-аар, 2.2-т Барилгын ажил гүйцэтгэх хугацаа нь 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 11 сарын 01-ны өдрийн хооронд багтаан дуусгана, 3.1-т талууд харилцан тохиролцож 1 мкв үнийг 400 юань байх бөгөөд энэ үнэнд барилга угсралтын ажил болон гадна фасад дотор шавардлага, гадна зам талбай, тохижилтын ажил зэрэг бүх ажил орно", 4.1-т Барилга угсралтын ажлыг уг гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ, 4.2-т Б тал нь 1.1-д заасан барилгын ажлыг батлагдсан зураг, төсөв, Монгол Улсын Барилгын тухай хууль ба Барилгын норм, дүрэм, стандарт, технологийн горимын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ, 4.7-д "Б тал нь барилга, угсралт, засварын ажилд шаардагдах мэргэшсэн ажилчидтай байх. Үүнд төслийн удирдагч 1, ...нийт ажилчдын тоо 80 гэх мэтээр тусгасан бүхий л зүйл заалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ"-ний шаардлагад нийцэж байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрт нэмэгдсэн өртгийн албан татвар хамаардаггүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс захиалгаар ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил үйлчилгээний үнэ дээр нэмж аван төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4, 7.4.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, ..., 16 дугаар зүйлийн 16.1-т Албан татвар төлөгч нь ..., ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор ... дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана, 16.1.2-т Монгол Улсын ..., хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.4.9-д заасан .... ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг..., ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэснийг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дахь заалтыг баримтлан акт тогтоосон. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна." гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 01-ний 613 дугаар шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: Д ХХК-ийн нэр, тамга бүхий 2012 оны 07 дугаар сарын 31-ний 11883463 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 909,1 мянган төгрөгийн, 2012.08.31-ний 12331390 төсөл падаанаар 2 727.3 мянган төгрөгийн, 2012.09.30-ны 12371872 тоот падаанаар 1 909,1 мянган төгрөгийн нийт 6 545,4 мянган төгрөгийн НӨАТ-тай худалдан авалт хийж зөрчил гаргасан гэж байцаагч дүгнэснийг "буруутгах боломжгүй" гэж шүүх үзэхдээ бодит байдлыг дүгнээгүй, зөвхөн сэжигтнүүдийг байцаасан тэмдэглэлүүдийг үндэслэн хэт нэг талыг барилаа. "Д" ХХК-ийн удирдлагын гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад "З" ХХК-нд дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой акт тавьдаг нь буруу юм.
Иймээс З ХХК нь татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж шалгалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр, яг энэхүү заалтад заасан шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буйнэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аливаа заалтыг зөрчөөгүй болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж буй тул хасч тооцсон нь үндэслэлтэй бөгөөд үүнийг нь ч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс удаа дараа хасах нь зүйтэй гэж үзэжбаталгаажуулж байсан билээ. Эдгээрээс тус компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу төлсөн бөгөөд тэр нь нотлох баримт падаанаар батлагдаж байгаа юм.
Татварын алба тус компанид акт тогтоох бус, хаяг байршилдаа одоо ч байгаа, татварын албаны хяналтаа сулруулсныг нь ашиглаж бусдыг залилж, улсаас татварыг нь хулгайлсан тэр этгээдүүдээсээ алдсан татвараа олж авах нь түүний өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг нь билээ.
Хэрэв хэн нэгэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан аваад ирэхэд түүнийг чи нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн биш гэж хардаж, мөрдөх эрх аливаа компанид байхгүй юм.
Түүнчлэн, эдгээр компаниудаас худалдан авсан бараа материал баригдсан барилгад ашиглагдсан болох нь складын бүртгэл болон бусад баримтаар нотлогдож байтал Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15-р зүйлийн 15,1.2 дахь заалтаар баримтаар нотлогдоогүй зардал-д тооцон, улмаар зардлыг нэмэгдүүлсэн зөрчил хэмээн татварын байцаагчид үзсэн нь нь буруу байна.
"Э" ХХК нь "З" ХХК-ийн хөрөнгө оруулалттай компани биш бөгөөд түүнд тоног төхөөрөмжийг "З" ХХК нь урт хугацаат зээлээр өгсөн. Энэ нь хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ,Э ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, бусад баримт. тайлбаруудаар нотлогдож байгаа тул 2012 онд 26 570,0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган суутган тооцсон нь зөв юм.
"Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр" нь оролцогч талуудын татвар ногдуулах эрхийг зааглан тогтоох зорилгоор холбогдож үүсэх харилцааг зохицуулахад чиглэсэн байдаг ба Татварын ерөнхий хуулийн 2-р зүйлийн 2.2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан байгаа.
Монгол Улсын Засгийн газрын Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолуудын дагуу ажиллах хүч, мэргэжилтнүүдийг тус компани авч ажиллуулсан нь хууль ёсны байх ба Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар ажил эрхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7-р зүйлд заасан түр оршин суугчид нь Хэлэлцээрийн 14-р зүйлд зааснаар БНХАУ-д татвар төлөхөөр байгаа юм. Гадаадын ажилтнуудад олгосон цалин хөлсийг ажил гүйцэтгэх хоёр талын гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн зардлын тооцоо нийлж, баталгаажуулсан акт, цалингийн хүснэгт зэргийг үндэслэж дуусаагүй үйлдвэрлэлийн шууд зардал дансанд зардлаар тусгагдсан болно. БНХАУ-ын Б компанитай байгуулсан гэрээгээр хятад ажилчдад Монгол Улсад цалин олгосон. Монгол Улсын Засгийн газрын 100 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 2011 оны 341 тоот тогтоол болон 2012 оны 59 тоот тогтоолд тус тус хамрагдсан аж ахуй нэгжийн хувьд хятад ажилчдыг 183 хоногийн дотор ажиллуулж, цалинг нь Монгол улсад олгосон нь цалингийн хүснэгт болон бусад анхан шатны баримтаар бүрэн нотлогдож байхад бүхэл нь хятадын компанийн орлого гэж татварын байцаагчид үзэж, цалингаас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцох ёстой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх энэ асуудлыг огт ойлголгүй шийдвэр гаргалаа.
Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25-р зүйлд: "Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14-р зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана", 28-р зүйлийн 28.1.2-т "татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх", 46-р зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоорбиелүүлээгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 613 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлүүдийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч татварын улсын байцаагч нь татвар суутгагчийн хувьд гаргасан зөрчилд нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасан хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байхад татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Д ХХК-иас 2012 онд худалдан авалт хийж, НӨАТ-ын падаантай худалдан авалт хийж зөрчил гаргасан гэсэн байцаагчийн актыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэхдээ бодит байдлыг дүгнээгүй, зөвхөн сэжигтнүүдийг байцаасан тэмдэглэлийг үндэслэн хэт нэг талыг барьсан. Д ХХК-ийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад З ХХК-д уг падаантай холбоотой акт тавьдаг нь буруу юм. ... хэн нэгэн НӨАТ-ын падаан аваад ирэхэд түүнийг НӨАТ төлөгч мөн, биш гэж хардах эрхгүй гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заажээ.
Нэхэмжлэгч З ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу уг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн барааг Д ХХК-иас худалдан авсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд 2012 онд үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас өөр нэхэмжлэл, гэрээ хэлцэл гэх мэт ажил гүйлгээ гарсныг нотолсон баримтгүй байх тул уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэл болон давж заалдах гомдолд татварын улсын байцаагчийн актын ... Гурав дахь хэсэгтэй холбогдуулж ... Э ХХК нь З ХХК-ийн хөрөнгө оруулалттай компани биш, уг тоног төхөөрөмжийг З ХХК нь урт хугацаат зээлээр өгсөн. ... Нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцсон нь зөв гэжээ.
Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгч З ХХК-ийн 2012 онд К ХХК-иас узелийн тоног төхөөрөмж худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлж, уг тоног төхөөрөмжийг Хөрөнгө оруулалт дансанд бүртгэсэн байдал, К ХХК компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон бусад анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан зэргийг үндэслэн үндсэн үйл ажиллагаандаа ашиглагдах тоног төхөөрөмж биш атал уг нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн; гэж заасныг зөрчсөн гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, давж заалдах гомдол нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчилтэй хамааралгүй, түүнийг үгүйсгэх үндэслэл болохооргүй, өөрөөр хэлбэл акт нь Э ХХК-д уг тоног төхөөрөмжийг худалдсантай холбоогүй, харин К ХХК-иас худалдан авах үед хийгдсэн бүртгэл тайлан, анхан шатны баримт, падаанд үндэслэн тавигдсан акт байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо ...БНХАУ-аас гэрээгээр хятад ажилчид ажиллуулж, Монгол улсад цалин олгосон, анхан шатны баримтаар нотлогдож байхад бүхэлд нь БНХАУ-ын компанийн орлого гэж үзэж цалингаас НӨАТ суутган тооцох ёстой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй... гэжээ. Хэрэгт авагдсан БНХАУ-ын Бээжин Жуй Шуй Юань Үй Еэ хөгжил компанитай байгуулсан гэрээгээр[1] ...99 айлын орон сууцны барилга угсралтын ажил болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож..., 3 дугаар зүйлд гэрээт ажлын төлбөрийг барилга угсралтын ажлыг талбайн хэмжээнд харгалзуулж, м.кв тооцохоор заасан, харин ажилтнуудад цалин хөлс болон орон байрны үнийг гэрээний төлбөрөөс гадна олгох талаар тохиролцоогүй, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийг уг ажилтнуудад цалин хөлс олгосон гэж үзэхгүй.
Харин дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг БНХАУ-ын компанид шилжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т 6.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэх татварын байцаагчийн акт үндэслэлтэй байна. Нэгэнт дээрх төлбөр нь хувь хүнд орлого шилжүүлсэн үйлдэл биш тул БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэгдсэн өртгийн албан татвар хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч татвар суутгагч этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасан татвар төлөгчид ногдуулах хариуцлага буюу торгууль, алданги ногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Иймд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д татварын улсын байцаагч нь татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад ... шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн актын нэхэмжлэгчийн дээрх зөрчилд 39,103,300 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хэвээр үлдээж, харин 11,791.0 мянган төгрөгийн торгууль, 6,046.5 мянган төгрөгийн алданги, нийт 17,837.5 мянган төгрөгийн төлбөрийг татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг баримтлан З ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 253883 дугаар актаар тогтоосон төлбөрөөс 11,791.0 мянган төгрөгийн торгууль, 6,046.5 мянган төгрөгийн алданги, нийт 17,837.5 мянган төгрөгийн төлбөрийг хасч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ