Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

- улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,

- хохирогч Б.Буянхишиг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ / төлөөлөх эрхийн дугаар 1712/,

           -шүүгдэгч Д.Үүрийнбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хулууд овогт Дамдинрагчаагийн Үүрийнбаярт холбогдох эрүүгийн 201619000178 тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1982 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн Алтан дорнод гэр хорооллын 1-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хулууд овогт Дамдинрагчаагийн Үүрийнбаяр /РД:НЫ82111571/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Үүрийнбаяр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Буянхишигийг хувийн таарамжгүй шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Үүрийнбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хохирогч Б.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

- хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хохирогч Б.Буянхишигийн хүсэлт /хх- 47 тал/,

- хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч  Д.Үүрийнбаярын хүсэлт /хх- 47 тал/,

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 3  сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №128 тоот актанд:

1. Б.Буянхишигийн биед хамар ясны баруун зүүн хажуу хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-18 тал/,

- шүүгдэгч Д.Үүрийнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас лавлагаа /хх-37/,

- Шүүгдэгч Д.Үүрийнбаярын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-29 тал/, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-39 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Үүрийнбаяр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Буянхишигийг хувийн таарамжгүй харицаанаас болж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №128 тоот акт, шүүгдэгч Д.Үүрийнбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Үүрийнбаярт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Үүрийнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Буянхишиг нь шүүгдэгч Д.Үүрийнбаяртай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

            

             Шүүгдэгч Д.Үүрийнбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Хулууд овогт Дамдинрагчаагийн Үүрийнбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Үүрийнбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Д.Үүрийнбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

4. Д.Үүрийнбаярт  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Үүрийнбаярт урд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

  •                         , ШҮҮГЧ                                                Д.БУЯНТОГТОХ