Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1169

 

 

 

 

 

 

 

 

 

А.Тулгын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2017/00068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Тулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: А.Тулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмлжгч А.Тулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот захирамжаар Налайх дүүргийн “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажилласан. 2016 оны 9 дүгээр сард орон нутгийн сонгуульд нэр дэвшиж хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр Налайх хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/05 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Сонгууль өнгөрсний дараа ажилдаа эргэж орох хүсэлтийг хотын захирагчид гаргасан. Захирагч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/14 тоот захирамжаар” Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргын ажил албан тушаалд томилсон. Үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байтал шинээр томилогдсон Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, улсын төрийн намын үйл ажиллагаанд оролцсон үндэслэлээр эрхэлж байсан ажил албан тушаалаас хуульд заагаагүй үндэслэлээр чөлөөлсөн. Түүний гаргасан шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2718.086 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Цэцэрлэгжүүлэлтийн алба”-ыг Засаг даргын харьяа байгууллага болсонтой холбогдуулж Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар “Дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын бүтцийг батласан.

“Цэцэрлэгжүүлэлтийн алба”-ны дарга А.Тулга ажил, албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн шалтгаанаар ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөж, иргэдээс олонхийн санал авч чадаагүй ялагдал хүлээснийхээ дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон байна. Өмнөх Засаг дарга Х.Болдбаатар өөрөө сонгуулийн үр дүнгээр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө Засаг дарга, Ардчилсан намын даргын албан тушаалаа урвуугаар ашиглан намаасаа нэр дэвшүүлж, орон нутгийн сонгуульд оролцуулсан өөрийн намын гишүүнийг ажилд нь буцаан томилуулах хууль зөрчсөн захирамжийг Налайх хотын Захирагчаар гаргуулан, хууль бус томилгоо хийгдсэнийг дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрлэж, А.Тулгыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Цэцэрлэгжүүлэлтийн албаны даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болонхарьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.” гэж заасан. Дээрх заалт нь төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг шаардлага юм. Энэ шаардлагыг хангаагүй хэнийг ч төрийн албан тушаал эрхлэхийг хуулиар хориглодог.  Гэтэл А.Тулга нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаа илт явуулсан байхад, намаасаа гараагүй, түдгэлзээгүй намын гишүүн хүнийг төрийн албанд буцаан томилж Налайх хотын Захирагч хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Хуульд зааснаар А.Тулга төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухай Ардчилсан намд болон удирдах байгууллагадаа өргөдөл, мэдэгдлээ албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан. Нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд буцаан томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг(ХАСУМ)-ийг байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх  ёстой.

Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин, А.Тулгаар дахин ХАСУМ гаргуулалгүй томилсон байна. Хуульд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн байна. Мөн “А.Тулгыг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Засаг даргын 2016 оны Б/47 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг зөрчин шууд шүүхэд гомдол гаргасан. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн учир тухайн төрийн албан хаагч гомдлоо дээд шатны Засаг даргад, эсвэл Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд эхэлж гаргах ёстой байсан. Эцэст нь А.Тулгын “...урьд эрхэлж байсан дүүргийн Хангамжийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэж шүүхэд нэхэмлэл гаргасныг хүлээн авсан нь ойлгомжгүй байна. Дүүргийн Засаг даргын захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул А.Тулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх боломжгүй юм. Иймд иргэн А.Тулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан “Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэж ажлаас халсан” гэсэн тайлбар, “Сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй” гэсэн хоёр тайлбар нь хоорондоо зөрчилдөж байна. Үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Налайх хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар А.Тулга тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Чөлөөлөгдсөн гэдэг  нь албан тушаалд эргэн ажиллах боломжгүй нөхцлийг ойлгодог. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар буцаан томилсон байдаг. Буцаан томилсон хотын захирагчийн захирамжийг хууль бус гэж үзэж байна.  Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.-д зааснаар чөлөөлөгдөх хүсэлтээ тавилгүйгээр намын үйл ажиллагаанд оролцсон нь хууль зөрчиж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Буцаан томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргалгүйгээр томилогдсон нь хууль бусаар томилогдож албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тулгыг Налайх дүүргийн “Цэцэрлэгжүүлтийн алба” ОНӨААТҮГ-ын захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 1 712 347 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тулгад олгож, 1 005 739 мөнгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Тулгын ажилгүй байсан хугацааны нийгмийн  даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, энэ тухай бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 42 364 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Тулга тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал давж заалдах гомдолдоо “...Шийдвэрлэгдсэн байдлын хувьд шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтыг баримтлан шийдвэрлэснийг дараах учир шалтгааны улмаас иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            1."Нэхэмжлэгч А.Тулга төрийн үйлчилгээний албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлээр хориглосон үйлдэл, үйл ажиллагаа хамаарахгүй." гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ." гэж заасан байдаг.

А.Тулгын урьд эрхэлж байсан ажил нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагч бөгөөд төрийн албан хаагч юм. Иймд Төрийн албаны тухай 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч" гэж заасныг шүүх дээрх үндэслэлээр харгалзан үзээгүй нь харагдаж байна.

Налайх хотын Захирагчийн ажлын албанд А.Тулга нь намаасаа түдгэлзсэн тухай өргөдлөө өгч, мэдэгдэх ёстой байтал ямар ч мэдэгдсэн зүйлгүй бөгөөд Захирагчийн ажлын албанд үүнтэй холбоотой баримт байхгүй, дахин албан тушаалдаа томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаагүй байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн ийм баримт байхгүй, баримтаар нотлогдохгүй байна гэдэг нь төрийн албан хаагчийн шалгуур болон шаардлагыг хангалгүйгээр хууль бус томилгоо хийсэн гэдгийг илэрхийлж байна. Хууль бус томилгоо хийсэн учир эдгээр баримтууд А.Тулгын хувийн хэрэгт авагдаагүй байна гэдгийг шүүхэд тайлбарласан боловч ач холбогдолгүй мэт үзэж шийдвэрлэсэн.

            2."Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-д заасан .. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгуулагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхахийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн харилцаанд... үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосон байхад Захирамжийн 1 дэх заалтад "... намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон" гэсэн дээрх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна." гзжээ.

А.Тулга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба орон нутгийн сонгуулийн дараа эрхэлж байсан Хангамж үйлчилгээний төвийн даргаар томилогдсон. Сонгуульд нэр дэвшсэн тохилдолд төрийн албанд дахин орж болохгүй гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2016 оны Б/47 дугаар захирамжаар чөлөөлөөгүй гэдгийг анхаарна уу. Дахин томилогдохдоо хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн шалгуур, шаардлагыг хангачээ гэсэн ундэслэлийг гаргаж ирсэн. Ингэхдээ Төрийн удирдах албан тушаалд томилогдох гэж байгаа хүний талаар Авилгатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж ирүүлэх ёстой. Энэ зарчмаар төрийн удирдах албан тушаалд томилогдон төрийн ажил үргэлжилж ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт (албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;) -д заагдсан хориглолт нь та намын гишүүн байж төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. Гэвч үүнийг удаа дараа тайлбарласан боловч шүүх дээрх үндэслэлийг гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3."Ажил олгогч ажилтантай байгуулсан гэрээг хүссэн үедээ бус гагцхүү хуульд тусгагдсан шалтгаан, нөхцөл бодитой бүрдсэн тохиолдолд цуцлана. Хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй" гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хориглолт, хязгаарлалтыг заасан. Хуульд заагаагүй үндэслэл гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрх үндэслэлүүдээс харахад хууль бус томилгоо хийснийг хуульд нийцүүлэн залруулга хийх гэснийг хуульд заагаагүй үндэслэл гэж шүүх үзэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Тулга нь хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Тулгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.Тулга нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж гарын үсгээ зурсан бичгийн баримтыг ирүүлсэн, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгохгүй байхаар зохицуулсан тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2017/00068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Тулга нь хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                              Д.ЦОГТСАЙХАН