Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01847

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01847

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Харнууд овогтой, Гомдоржийн Сайнцогтын нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 10 хороо, Морин 10 гудамж, 11 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЯ62011131/

 

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Сайнцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сайнцогт 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 221 дүгээр тушаалаар кранчнаар ажилд орсон. Тухайн үедээ ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 172 дугаар тушаалаар цэргийн алба хаахаар ажлаас чөлөөлөгдсөн ба 1983 онд цэргийн албанаас халагдаж, 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 272 дугаар тушаалаар мөн тракторчноор ажилласан. Ингээд Хархираан тэжээлийн аж ахуйдаа 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр нээсэн боловч зах зээл шилжиж энэ тэнд нүүснээс дэвтрээ алга болгосон. Ажилласан жилээ тогтоолгох гэсэн боловч тушаал байсан ч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга трестэд кранчнаар, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираан тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үүгэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Сайнцогт нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Сайнцогт “...1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга трестэд кранчнаар, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираан тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ.

 

Харнууд овогтой, Гомдоржийн Сайнцогт нь ББМҮ яамны харьяа Увс аймаг дахь Барилга трестэд 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаандкранчнаар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсан болох нь ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 294 дүгээр “Жилийн ажиллагааны үр дүнгээр ажилчидад шагнал олгох тухай” тушаал, түүний хавсралт, Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 172 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 272 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар “Шагнах тухай” тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар “Шагнах тухай” тушаал, түүний хавсралт, Увс аймгийн Хархираа сумын “Хархираа” компанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харнууд овогтой, Гомдоржийн Сайнцогтыг ББМҮ яамны харьяа Увс аймаг дахь Барилга трестэд 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаандкранчнаар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд “Хархираа” компанид 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харнууд овогтой, Гомдоржийн Сайнцогтыг ББМҮ яамны харьяа Увс аймаг дахь Барилга трестэд 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаандкранчнаар, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд “Хархираа” компанид 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сайнцогтын улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД