Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Билгүүн,                                           

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Ёндонсамбуугийн Од холбогдох эрүүгийн 1709008580102 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Зөв эргэлт” үл хөдлөх хөрөнгийн газарт зуулчлагч ажилтай байсан, одоо 1900 лавлах төвд дагалдан ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймаг ..........  баг, .......... дүгээр гудамж ......  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Б......... дүүргийн .... дүгээр хороо ........  тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ......... / .............  овогт .............  О нь: 

 

- 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Журатад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 7-12 тоот 3 өрөө байрыг түрээслэнэ гэж хэлээд 3.600.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Журагат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ё.О нар руу залгаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 3 өрөө байр байна. Эзэн нь өнөөдөр банк хаахаас өмнө урьдчилгааг нь өгчихвөл 550.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь 7-12 тоотыг очиж үзсэн ба тус байрыг түрээслэхээр болсон. Дажгүй санагдахаар нь Ё.Отай гэрээ байгуулсан. Тус байрыг 10 сараар 5.550.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн. Ингээд би Ё.Од 8 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа мөнгө гэхэд 3.600.000 төгрөгийг Ё.Огийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэр өдөр байрныхаа түлхүүрийг авья гэж хэлэхэд нөгөө байрны хүнээс аваад ирье гэж хэлээд явсан ба орой над руу залгаад маргааш авчих гэж хэлсэн. Ингээд Ё.Отай уулзаад нөгөө байрны үүдэнд очсон ба нөгөө байрны эзэн өөрсдөө хүн дуудаад нээлгэчих гэж хэлээд дуудлагаар цоож нээдэг хүний дугаар руу залгаад нэг хүн ирээд хаалганы цоожийг нээж өгсөн ба тэр хүний ажлын хөлс гэж 50.000 төгрөг өгсөн. …Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хх 5-6, 74 /

 

Орон сууц хөлслөх гэрээ / хх 13-15 /

 

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 17 /

 

Гэрч Д.Оюун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэг хүн залгаад байр үзье гэж хэлсэн ба казак залуу ирээд байр үзчихээд явсан. Тэгээд байж байтал 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр над руу Ё.О гэх эмэгтэй залгаад “Би зуучлалын компанийн ажилтан байна. Танай байрыг 10 сараар түрээслэх хүн байна” гэхээр нь би тухайн үед амралтанд байсан учраас үзүүлэх боломжгүй байна. Нэг дэх өдөр очоод гэрээгээ хийгээд тэр хүнийг чинь оруулъя гэж хэлсэн. Тэгээд 20-ны өдөр амралтнаас ирээд байрандаа орох гэтэл хаалганы цоож гацаад онгойхгүй байхаар нь би “Секу” гэх түлхүүр цоож онгойлгодог байгууллага дуудсан мөн цагдаагийн байгууллага дуудсан.  Ё.О гэх эмэгтэй энэ казак залуугаас байранд оруулж өгнө гээд 3.000.000 гаруй төгрөг авсан байсан. Мөн миний хувийн байранд халдаж хаалганы цоожыг сольсон байсан гэжээ. / хх 22 /

 

Шүүгдэгч Ё.Ог 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ё.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.Журагат гэдэг залуу над руу байр асууж залгасан. Тэрнээс өмнө ч бас над руу зөндөө удаа байр асууж залгасан байсан. Надад тухайн үед мөнгөний чухал хэрэг гарсан учраас Үнэгүй.мн дээр “Байр түрээслүүлнэ. Байр түрээслэнэ” гэсэн заруудыг хараад, Д.Оюун, Б.Журагат гэдэг хоёр хүнийг холбож өгсөн. Тэгээд Д.Оюун гэдэг хүний байрыг Б.Журагат гэдэг залууд үзүүлсэн чинь байр нь таалагдаж байна гэсэн. Байр түрээслэгч Д.Оюун гэх хүн байраа сард 720.000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлж байсан. Б.Журагатад “Урьдчилгаа 3.600.000 төгрөг өгөх юм бол сарын 550.000 төгрөг болгож бууруулж өгье гэж байна” гэж худлаа хэлээд, “Өнөөдөр над руу банк хаахаас өмнө мөнгөө шилжүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд өөрийн дансны дугаарыг өгөөд мөнгийг шилжүүлүүлж авсан. Д.Оюун гэдэг хүнээс байрны түлхүүрээ гэж асуухад 1 дэх өдөр өгье гэхэд нь хаалгыг нь хаалга онгойлгогч хүн дуудаж онгойлгуулаад оруулсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирлоо төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ё.О нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Журатад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 7-12 тоот 3 өрөө байрыг түрээслэнэ гэж хэлээд 3.600.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … 7-12 тоотыг очиж үзсэн. Дажгүй санагдахаар нь Ё.Отай гэрээ байгуулж 10 сарын хугацаатай 5.550.000 төгрөгөөр түрээслэхээр урьдчилгаа 3.600.000 төгрөгийг Ё.Огийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Дуудлагаар хаалганы цоожийг нээлгэж 50.000 төгрөг өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Журагатын мэдүүлэг / хх 5-6, 74 /, …Ё.О гэх эмэгтэй Казак залуугаас 3.000.000 гаруй төгрөг авч миний хувийн байранд халдаж, хаалганы цоожыг сольсон байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Оюуны мэдүүлэг / хх 22 /, Орон сууц хөлслөх гэрээ / 13-15 /, Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 17 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Ог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ё.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон                          

                                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Онход овогт Ёндонсамбуугийн Ог хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ёндонсамбуугийн Од ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ё.О нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.

 

4. Ё.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ