Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1803004190221дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 20 цаг 45 минутын үед  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны баруун урд замд Nissan X Trail маркийн 17-37 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1-д заасан “5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай О.Т- мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: ”Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Ийм явдал болсонд маш их харамсаж гэмшиж байна.  Хохирогч талаас би уучлалт гуйж байна.  Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хэмжээнд би төлнө гэв.

 

Бага насны буюу 10 настай хохирогч О.Тулгын  хууль ёсны төлөөлөгч эх С.О- шүүхийн хэлэлцүүлэгт: Халиунд гомдолтой байна. Халиун хүн ёсны харилцаа гаргасан бол энэ асуудлыг ийм хэмжээнд хүртэл явах сонирхол надад огт байгаагүй юм. Халиунаас нийт 9.512.500 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс өмгөөллийн хөлсөнд 2.500.000 төгрөг, мэс заслын эмчилгээ, сувилгаанд 1.681.500 төгрөг, би хүүхдээ асрах цалингүй хоёр сарын чөлөө авсан. Нэг  сарын цалингүй чөлөөний тушаал хэрэгт байгаа, хоёр дарь сарынх нь чөлөөний тушаал надад байхгүй байна. Би ажилгүй байсан хоёр сарын хугацааны цалингийн 3.900.000 төгрөг, эм тариа болон унааны зардалд 1.431.000 төгрөгийг нэхэмжилсэн. Халиун 4.112.500 төгрөг төлсөн. Одоо 5.400.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Бага насны хохирогч О.Т- мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 7-ны орой 20 цагийн орчимд би Хөгжил хотхоны сааданд очиж тоглож байгаад харихаар болоод найзынхаа хамтаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа байрны завсраар алхаж явахад миний баруун гар талаас машин ороод ирэхээр нь хойшоогоо ухрах гэмтэл машин хурдтай ирсэн болохоор ухарч амжаагүй мөргүүлээд унасан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Гадаа гэгээтэй байсан. Машин их хурдтай ирсэн, миний баруун хөлөнд мөргөсөн. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- /эх/  мөрөнд байцаалтанд: Тухайн өдрийн 20 цагийн орчимд манай хүүхдийг мөргөсөн машины жолооч гэх эмэгтэй утсаараа ярьсан. Танай хүүхэд бөмбөг хөөж явж байгаад миний машиныг мөргөөд уначихлаа гэж хэлэхээр нь би хүүхэдтэйгээ утсаар яръя гэж хэлээд хүүхэдтэйгээ утсаар ярьсан. Манай хүүхэд ээжээ миний хөл өвдөөд байна, би бөмбөг хөөж яваагүй зүгээр явж байсан гээд орилоод байсан...их удаагүй байрныхаа гадаа очиход хар өнгийн жип маркийн автомашины жолоочийн хажуу талын урд сандалд манай хүүхдийг суулгачихсан цагдаа ирсэн байсан. Тэгээд байж байхад түргэн ирээд би хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явсан.  Манай хүүхэд баруун хөлний шилбэ ил хугаралтай, хөлд төмрөөр бэхэлгээ хийсэн хэвтрийн дэглэмтэй гэртээ байгаа. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хөлний хагалгаанд манай хүү орсон. Одоо хөлний ил шарх нь эдгээгүй байгаа. Би ажлаа хийхгүй байгаа. Ажлаасаа нэг сарын цалингүй чөлөө авсан. Хүүхдийн бие сайн болоогүй байгаа тул дахин нэг сарын цалингүй чөлөө авах гэж байна. Үүнээс хойш дахин чөлөө гэж байхгүй болоод байгаа учраас ажилдаа орно.  Чөлөө авсан хугацаанд хүүхдээ асарч, эмнэлэгээр үзүүлж харуулж эмчилгээнд нь анхаарна. Одоо дахин эмнэлэгт хэвтэж төмөр бэхэлгээг авах хагалгаанд орно гэсэн. Одоогоор 4.161.500 төгрөг эмчилгээ болон бусад зардалд гараад байна. Гомдолтой байна. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа тул цаашид гарах зардлыг одоо гарсан эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ.  /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Буяндалай мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр 20 цагийн орчим 29-1  тоот гэртээ байж байхад машины тоормосны хүчтэй дуу чимээ гарахаар нь юу болов гээд цонхоороо харахад 17-37 дугаартай хөх өнгийн Nissan X Trail маркийн автомашин мөргөөд зогссон байсан. Хүүхэд машины урд унасан байсан. Жолооч гэх 1 эмэгтэй машинаас бууж ирээд хүүхдийг загнаад хүүхдийн гарнаас нь татаад машиндаа оруулж суулгаад хөдлөөд явсан...”  /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 7-ны орой 20 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 17-37 УНЯ дугаартай Nissan X Trail маркийн автомашиныг жолоодоод хүүхдийнхээ хамтаар Баянгол дүүргийн тийшээгээ туслах замаар 10 орчим км/цагийн хурдтай зөөлөн явж байхад гэнэт миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа нэг хүүхэд гартаа буу барьчихсан гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогсох үед тэр хүүхэд машины зүүн хажуу талын хаалга орчимд мөргөөд унасан. Би зогсоод машинаасаа буугаад хүүхэд дээр явж очиход хүүхэд миний хөл өвдөөд байна гээд газар сууж байсан. Эмнэлэг явах уу гэхэд үгүй би гэр рүүгээ орно манай гэр энд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл босоод ир машинд суучих гэхэд нөгөө хүүхэд өөрөө ороод машины зүүн талаар жолоочийн хажуу талын урд сандал дээр суусан. Тэгээд мөргүүлсэн хүүхэд гэрт хүн байхгүй ээж рүүгээ утсаар яръя гэхээр нь ээжтэй нь ярьсан...хөдөлгөөн бага, зам хуурай байсан үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Нарийхан нэг машин явдаг зам байдаг...гэнэт л зүүн гар талаас гүйгээд ороод ирсэн. Би хүүхдийг хараад шууд тормос гишгээд зогсох үед уг хүүхэд машины зүүн хажуу талын урд хаалга орчимд мөргөөд газар унасан. Би хүүхдийг машины урд хэсгээр мөргөөгүй. /хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5966 дугаартай:  О.Тулгын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрөөтэй ил хугарал, баруун шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрөөтэй ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 46/ гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн 113 дугаартай магадлагаа: Н.Экстрайл маркийн 17-37 УНЯ улсын дугаартай автомашины жолооч *******- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1 “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Явган зорчигч О.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх-ийн 59/ гэсэн дүгнэлт,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/,

Хохиролтой холбогдох  баримтууд /хх-ийн 23-24/

Насанд хүрээгүйн хохирогч О.Тулгын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 48-57/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 73/, *******-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд хохиролын мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 81, 95-96/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

*******-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69/,  тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 71/, ял шалгах хуудас /хх-ийн 146/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 72/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

*******- нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 20 цаг 45 минутын үед  Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны баруун урд замд өөрийн эзэмшлийн Nissan X Trail маркийн 17-37 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1-д заасан “5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай О.Т- мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Т-”...алхаж явахад миний баруун гар талаас машин ороод ирэхээр хойшоогоо ухрах гэтэл машин хурдтай ирсэн болохоор ухарч амжаагүй мөргүүлээд унасан...”/хх-ийн 13/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх С.О-”...Манай хүүхэд ээжээ миний хөл өвдөөд байна, би бөмбөг хөөж яваагүй зүгээр явж байсан гээд орилоод байсан...” /хх-ийн 18/, гэрч А.Буяндалай”...17-37 дугаартай хөх өнгийн Н.Экстрэйл маркийн автомашин мөргөөд зогссон байсан. Хүүхэд машины урд унасан байсан...” /хх-ийн 38/ гэх мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5966 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/,  мөрдөгчийн 113 дугаартай магадлагаа /хх-ийн 59/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, хохирлын баримтууд /хх-ийн 23-24/, насанд хүрээгүийн хохирогч О.Тулгын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 48-57/, *******-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд хохиролын мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 81, 95-96/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...нэг хүүхэд гартаа буу барьчихсан гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогсох үед тэр хүүхэд машины зүүн хажуу талын хаалга орчимд мөргөөд унасан...” /хх-ийн 66/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн бусад оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч:

шүүгдэгч *******-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч О.Тулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлсөнд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн нь талуудын хооронд сайн дурын хүсэл зоригийн илэрхийллээр харилцан тохиролцож хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг  төр хариуцах үүрэггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “хүүхдээ хагалгаанд орсны дараа хагалгааны багийн эмч нарт 260.000  төгрөг өгсөн” үүнийгээ *******-аас нэхэмжилнэ гэсэн тайлбар мэдүүлэг гаргаж байгааг энэ талаархи нотолсон баримтгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Хохирол болон иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор бага насны хохирогч О.Тулгын эмчилгээний болон бусад зардалтай холбогдох баримтын шаардлага хангасан 3.489.950 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байгааг шүүгдэгч *******-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн дансанд 4.112.500 төгрөг  шилжүүлсэн  байна.

 

Иймд шүүгдэгч *******-ыг хэрэгт баримтаар авагдсан хохиролыг нөхөн төлсөн үндэслэлээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй бага насны хохирогч О.Тулгын дахин орох мэс заслын төлбөр болон сувилгааны зардал, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад холбогдох зардлуудаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай *******-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч *******- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүгдэгч *******- Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *******-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн *******-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.   

Шүүгдэгч *******-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдсан *******-ы В ангиллын №3884 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******- Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
  1. *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг *******-д анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт хураагдан ирсэн *******-ы В ангиллын №3884 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Энэ хэрэгт *******- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгээс нотлох баримтгүй 260.000 төгрөгийн нэхэмжлэл болон өмгөөллийн хөлсөнд 2.500.000 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож,                                                        бага насны хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ