Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/2007

 

                                                     

2015 оны 4 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0194

Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн

хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн

71 дүгээр магадлалын тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Т.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Э нарыг оролцуулан хийж, Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.О-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хэвээр батлах тухай 71 дүгээр магадлалыг гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Т.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарын гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“А” ХХК-ийн захирал Т.Г Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо болон гомдол хэлэлцэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн 7 шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр хянан хэлэлцэх явцад болон хянан шийдвэрлээд гаргасан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 тоот шийдвэртэй холбогдуулан уг хэргийг хуваарь ёсоор хариуцан ажилласан шүүгч О.О-ийн гаргасан удаа дараагийн шүүгчийн ёс зүйн алдаа, хариуцлагагүй үйлдлийг тэвчихийн аргагүй байдалд хүрч арга буюу Шүүхийн ёс зүйн хороонд хандан дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгч О.О уг хэргийг шийдвэрлэхдээ бидний тавьсан нэхэмжлэлийн шаардлагаас 2 шаардлагыг ор тас шийдвэрлэлгүй орхигдуулсан нь түүний зориуд санаатайгаар хийсэн хариуцлагагүй үйлдэл гэж нэхэмжлэгч тал үзэж гомдолтой байна.

Шүүгч О.О шүүхийн шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг дээрх 158 тоот шийдвэртээ огт тусгаагүй төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан үндэслэл нотолгоог огт тусгаагүй орхигдуулсан зэрэг үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэдлэг, ур чадвар, дадлага туршлагагүйн улмаас гаргасан алдаа гэж үзэхгүй байна.

Шүүгч, хуралдаан даргалагч О.О уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийг зориуд санаатайгаар зөрчиж хариуцагчийн гаргасан хариу тайлбарын дараа шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асууж тодруулах болон хэргийн оролцогчид харилцан асуулт тавих боломж олгохгүйгээр шууд нотлох баримтыг шинжлэн судлах үе шат руу шүүх хуралдааныг шилжүүлэхийг оролдож байсан зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалаа олсон бөгөөд энэ нь шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулахад хүргэсэн шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Шүүгч О.О-ийн дээрх ёс зүйн зөрчлийг хянан шалгаж, түүнд сахилгын арга хэмжээ авч дахин ийм зөрчил гарган хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд хохироохгүй байлгах нөхцөл бүрдүүлэхийг Шүүхийн ёс зүйн хороонд хандан хүсэж байна.

Гаргасан гомдлоо дэмжиж байна. О.О нь хариуцлагагүй хандсан. Үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгосон. Шүүгч алдаа гаргасныг магадлалд тодорхой дүгнэсэн. Иймд арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанд гомдол гаргагч Т.Б гаргасан тайлбартаа: Шүүгч илэрхий хариуцагч талд үйлчилж бидний гаргасан 7 шаардлагын хоёрыг нь орхигдуулж шийдвэрлэсэн. Мөн хуралдаан удирдахдаа хуралдааны дэгийг зөрчиж, бидний эрхийг хангаагүй нь хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Хариуцлагагүй алдаа гаргасан, шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулсан тул шүүгчид сахилгын арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч О.О ирүүлсэн тайлбар болон гомдол хэлэлцэх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг 2013 оны 10 дугаар сарын 16-нд хүлээн авч, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг нэг бүрчлэн асууж тодруулсан. Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа өөрчилсөн болно.

Тухайн хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны акт бүрд хуулийн дагуу дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд санаатайгаар шийдвэрлэлгүй орхигдуулсан зүйл байхгүй.

Мөн хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийг зориуд санаатайгаар зөрчсөн асуудал гаргаагүй. Тухайн шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан. Шүүх хуралдаан даргалагч миний бие шүүх хуралдааны дэгийг хэргийн оролцогч нарт танилцуулж, шүүх хуралдаан явуулах дарааллыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө танилцуулж, дараалалтай холбоотой санал байгаа эсэхийг асуухад тусгайлан гаргах саналгүй гэдгээ талууд хэлсэн.

Хэргийн оролцогч нар хоорондоо хангалттай харилцан асуулт тавьж мэтгэлцсэн бөгөөд шүүх мэтгэлцэх боломжоор нь хангалттай цаг гаргаж өгч мэтгэлцүүлсэн. Тухайлбал шүүх хуралдаан 15 цагт эхлээд оройн 20 цаг 30 минут хүртэл тасралтгүй үргэлжилж дууссан.

Хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл огт гаргаагүй болно гэжээ.

Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр магадлалаар: Шүүгч О.Од сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 200 дугаар тогтоолыг хэвээр баталжээ.

Гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Т.Г, зөвлөх Т.Б нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.О-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хэвээр батлах тухай Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны 71 тоот магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын үндэслэх хэсэгт Шүүгч О.О-тэй холбоотой гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мөн түүнчлэн шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамааралтай учраас шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлгүй... гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн нь Шүүхийн ёс зүйн хороо гомдлыг хууль зүйн үндэслэлгүй буюу хууль зүйн дагуу хянан шийдвэрлээгүй гэж гомдол гаргагч тал үзэж гомдолтой байна. Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчмыг ... санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын ... хариуцлага хүлээнэ гэсэн заалт болон мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, ...-ийг зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна гэж заасаар байтал шүүгч О.О зөвхөн хуульд захирагдах зарчмыг санаатай зөрчсөн буюу манай нэхэмжлэлийн шаардлагаас хоёр шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримт, давж заалдах шатны шүүхийн холбогдох магадлалаар нотлогдсоор байтал шүүгчийн энэхүү эс үйлдэхүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд шүүгчийн бүрэн эрхийн асуудал мэтээр Шүүхийн ёс зүйн хороо үндэслэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд харин шууд шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотой ёс зүйн зөрчил гаргасан болох нь хуулийн дээрх заалтаас тодорхой байна. Мөн шүүгч О.О манай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал мөн гэж үндэслэж байгаа Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг зөв шударга шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй гэж бид жирийн иргэдийн хувьд үзэж гомдолтой байна.

Хэрэг хариуцсан шүүгч буюу шүүх хуралдаан даргалагч О.О Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчмыг санаатай буюу болгоомжгүй аль нэг хэлбэрээр зөрчиж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 шаардлага дээр огт гаргаагүй нь энэхүү сахилгын хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүгч О.О Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан дээр гаргасан тайлбартаа гомдол гаргагчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагаас хоёрыг нь орхигдуулсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн нь дээрх 200 тоот тогтоолын Тодорхойлох хэсэгт тусгалаа олсон бөгөөд энэхүү мэдүүлэг нь худал болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалаар нэгэнт тогтоогдсон юм. Ийнхүү улайн цайм худал мэдүүлгээс нь үзвэл шүүгч О.О дээрх зөрчлийг зориуд санаатай гаргасан гэж гомдол гаргагчийн зүгээс үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Гомдол гаргагч Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо шүүгч О.О-ийн энэхүү хуульд захирагдах зарчмыг хөсөрдүүлсэн үйлдлийг гаргаж тавьсан боловч Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн болон нийт гишүүдийн хурал шүүгчийн ёс зүйгүй үйлдэлд хууль зүйн үндэслэл дүгнэлт өгөлгүйгээр шүүгч О.Од сахилгын хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг хариуцсан шүүгч буюу шүүх хуралдаан даргалагч О.О уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийг зориуд санаатайгаар зөрчиж, хариуцагчийн гаргасан хариу тайлбарын дараа шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асууж тодруулах болон хэргийн оролцогчид харилцан асуулт тавих боломж олгохгүйгээр шууд нотлох баримтыг шинжлэн судлах үе шат руу шүүх хуралдааныг шилжүүлэхийг улайран оролдож байсан зэрэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалаа олсон бөгөөд энэ нь шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулахад хүргэсэн шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж гомдол гаргасан тал шүүгчийн ёс зүйн хороонд гаргасан гомдлоо үндэслэсэн боловч энэ нь үндэслэлтэй эсэхийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн хурал болон нийт гишүүдийн хуралдааны алин нь авч үзээгүйд гомдолтой байх бөгөөд дээрх Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.Од сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хэвээр батлах тухай Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны 71 тоот магадлалыг хүчингүй болгож, шүүгч О.О-д сахилгын шийтгэл ногдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Т.Г-с “...Шүүгч О хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн 2 шаардлагыг огт шийдвэрлээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч талын үндэслэл нотолгоог огт тусгаагүй, хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийг зориуд санаатайгаар зөрчиж, шүүх бүрэлдхүүн хэргийн оролцогчдоос болон хэргийн оролцогчид харилцан асуулт тавих боломж олголгүйгээр шууд нотлох баримт судлах үе шат руу орсон нь шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулахад хүргэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Шүүгч О.О-ийн дээрх ёс зүйн зөрчлийг хянаж, түүнд сахилгын арга хэмжээ авч өгнө үү” гэж Шүүхийн ёс зүйн хороонд ханджээ.

Дээрх гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 200 дугаар тогтоолоор “гомдол нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн тухай байна. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нэг талд үйлчилсэн, төвийг сахих байдлаа алдсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд шүүгч О.О-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Уг тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 71 дүгээр магадлалаар дээрх тогтоолыг хэвээр үлдээжээ.

1. Хэргийг шийдвэрлэхдээ манай нэхэмжлэлийн шаардлагаас 2 шаардлагыг орхигдуулсан гэх гомдлын тухайд:

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.О даргалж, Ерөнхий шүүгч Ц.Б, шүүгч Д.Х нарын бүрэлдхүүнтэйгээр шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад тус шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан бөгөөд гомдолд дурдсан дээрх үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар магадлалаар тогтоосон хэдий ч энэ нь  Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл биш, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан алдаа гэж үзэх тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үзсэн Шүүхийн ёс зүйн хорооны магадлал үндэстэй байна.

2. Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 158 дугаар шийдвэр, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 15 цаг 05 минутад эхэлж, 20 цаг 30 минутад дууссан байх ба шүүх хуралдаан дэгийн дагуу явагдаагүй, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй, асуулт асуух, шүүх бүрэлдхүүн асуулт тавих боломж олгоогүй гэх гомдол үндэсгүй болох нь тогтоогдож байх тул дээрх гомдолд дурдсан үндэслэлээр шүүгч О.О-ийг шүүгчийн төвийг сахих зарчмыг алдагдуулахад хүргэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Гомдол гаргагчийн гомдлын үндэслэл, тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тэдгээрийн шийдлээс хамааралтай байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдийг дээд шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байна.

Иймд, гомдол гаргагч болон шүүгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудад тулгуурлан дүгнэхэд шүүгч О.Оийг гомдолд дурдсан үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр үлдээсэн Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, “А”” ХХК-ийн захирал Т.Г”н гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР

                          ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ