Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1170

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Чингэсийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00933 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Чингэсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 670 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

                                                                 

Нэхэмжлэгч Э.Чингэсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Э.Чингэс

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Ариунзаяа

Хариуцагч: С.Бадамцэцэг, М.Батдэлгэр

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Итгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С.Бадамцэцэг болон түүний нөхөр М.Батдэлгэр нар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр, 17 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204009602 дугаар гэрчилгээ бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын хугацааны хүүний төлбөр 4 200 000 төгрөг, нийт 24 200 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 4 200 000 төгрөг, зээлийн гэрээний 2.5-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 2017 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны 70 хоногийн алданги /нэг хоногийн алданги 121 000/ 8 470 000 төгрөг, нийт 32 670 000 төгрөг болсон. Иймд 32 670 000 төгрөгийг хариуцагч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нараас гаргуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр, 17 тоотод байрлах, 18 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204009602 дугаар гэрчилгээ бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Бадамцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжилсэн 32 670 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Э.Чингэстэй 2016 оны 08 дугаар сард гэрээ хийсэн. 20 000 000 төгрөгийг 08 дугаар сарын 01-нд 4 500 000 төгрөг авч, 08 дугаар сарын 21-нд 6 000 000 төгрөг, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 09 дүгээр сарын 02-нд Эрээн хотод өөрөө авч ирсэн. Уг зээлийг автомашины сэлбэг авахад зарцуулсан. Миний нөхөр болох М.Батдэлгэр мөнгийг авсан” гэжээ.

Хариуцагч М.Батдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үндсэн зээл болох 20 000 000 төгрөгийг бөөн аваагүй. Эхлээд 4 000 000 төгрөг авсан, дараа нь 6 000 000 төгрөг авсан. Эрээн хотод очсон хойно 500 000 төгрөг авсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биеэр Эрээн хотод 9 500 000 төгрөг авчирч өгсөн. Э.Чингэс нь өөрийн биеэр цуг явж машины сэлбэг авсан. Авсан сэлбэгэнд эвдрэл гэмтэлтэй олон зүйл байсан учир зээл төлж чадаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Батдэлгэрээс 24 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Чингэст олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8 470 000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг, мөн хариуцагч С.Бадамцэцэгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батдэлгэрээс 278 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Чингэст олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Чингэс давж заалдах гомдолдоо “...Хариуцагч С.Бадамцэцэг нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг авсан, мөнгийг автомашины сэлбэг авахад зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулсан С.Бадамцэцэгт мөнгө хүлээлгэн өгөөгүй учир зээлийн гэрээ байгуулагдаагүйд тооцож, алдангийг хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан, мөн мөнгийг хүлээн авч хамтын бизнестээ хэрэглэсэн тухайгаа ч хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хариу тайлбарыг үнэлээгүй, мөн хариуцагч С.Бадамцэцэг нь шүүх хурал дээр хариу тайлбараасаа эсрэг зүйл буюу мөнгийг аваагүй, М.Батдэлгэр мөнгийг авсан гэх нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх С.Бадамцэцэгийг мөнгө хүлээж аваагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Э.Чингэс нь хариуцагч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 670 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Э.Чингэс, хариуцагч С.Бадамцэцэг нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан байна. /хх 4-6, 24-26/

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дараах өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Хариуцагч С.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие Э.Чингэстэй 2016 оны 08 дугаар сард гэрээ хийсэн. 20 000 000 төгрөгийг 08 дугаар сарын 01-нд 4 500 000 төгрөг авч, 08 дугаар сарын 21-нд 6 000 000 төгрөг, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 09 дүгээр сарын 02-нд Эрээн хотод өөрөө авч ирсэн. Уг зээлийг автомашины сэлбэг авахад зарцуулсан. Зээлийн мөнгийг манай нөхөр авч ашигласан...” гэх, хариуцагч М.Батдэлгэрийн “...миний бие үндсэн зээл болох 20 000 000 төгрөгийг бөөн аваагүй, зээлийг би өөрийн биеснестээ ашигласан...” гэх зэрэг тайлбараас үзэхэд тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч С.Бадамцэцэг нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, тэрээр гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж гэрээний зүйлийг хариуцагч М.Батдэлгэрт хүлээлгэн өгсөнд зохигчид маргаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагч М.Батдэлгэрээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхад шүүх түүнийг зээлийн үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

            Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул уг хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 4 200 000 төгрөг, алдангид 8 470 000 төгрөг, нийт 32 670 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204009602 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 24 дүгээр байрны 17 тоот байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бадамцэцэг, М.Батдэлгэр нараас 32 670 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Чингэст олгосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204009602 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 24 дүгээр байрны 17 тоот байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4”, 4 дэх заалтыг “5” дахь заалт болгож өөрчлөн, 3 дахь заалтын “...хариуцагч М.Батдэлгэрээс 278 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Чингэст олгосугай” гэснийг “хариуцагч нараас 321 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Чингэст олгосугай” гэж өөрчлөн шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Чингэсийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН