Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 20

 

   2019            02             25                                                 20

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;                                                                                                      

            Прокурор: Э.Тулгаа,                      

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б*д холбогдох, эрүүгийн 1820001900142 дугаартай, 1 хавтас, 115 хуудас бүхий хэргийг шүүгдэгч С.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хил хооронд зорчигч  тээврийн ажиллагаа эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....... дугаар баг, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт С-ийн Б/РД:ЧЗ74...../-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 00-50 ДГА улсын дугаартай, УАЗ-31512  маркийн автомашинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох дуслын тариурын уян зүү 300 ширхэг, виагра гэсэн бичигтэй эм 10 ширхэг, улаан өнгийн хайрцагтай хятад бичигтэй 32 ширхэг эмүүдийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт С-ийн Б /РД:ЧЗ74052462/-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Сэргэлэнгийн Бийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 800000 төгрөгийн үнэлгээтэй, 00-50 ДГА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн саарал өнгийн суудлыг автомашиныг хурааж, улсын орлого болгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуслын тариурын уян зүү 299 ширхэг, улаан хайрцагтай хятад бичигтэй эм 30 хайрцаг, Виагра нэртэй 8 хайрцаг эм зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 800000 төгрөгийн үнэ бүхий 00-50 ДГА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлэхээр,

шүүгдэгч С.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдсан гомдолдоо: С.Б миний бие зүйлчлэлийн хувьд маргахгүй, дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие олон жил хил хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж өдөр хоногийн хоолоо залгуулдаг. Нөхөр маань бие муутай, амьдрал ахуй хэцүү байдаг, шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь миний бодит амьдралд нийцээгүй, миний бие дээрх мөнгийг төлөх амьдралын бололцоо маш муу, өдөр хоногийн хоолоо хүн тээвэрлэж залгуулдаг. Миний бие анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Бодит нөхцөл байдлыг минь ойлгож, ялын бодлогыг дахин хэлэлцэж өгнө ү. Миний бие шүүхээс заасан хугацаанд дээрх торгуулийн ялыг төлж чадахгүй нөхцөл байдалд хүртэл биечлэн хорих ял эдлэх, шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлсэн хэрэгт унаж магадгүй нөхцөл байдал үүсэх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу оногдуулсан торгуулийн ялыг тэнсэж өгнө үү гэв.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.Б-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, мөн түүний хил хооронд ачаа, бараа тээвэрлэдэг, тогтмол орлоготой байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд зааснаар эмийг импортлох үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт 5400 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч С.Бийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/, холбогдогч С.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх 4-5/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх 6-7/, иргэний нэхэмжлэгч Н.Отгончимэгийн мэдүүлэг/хх26-27/, С.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг/хх 28-29/, гэрч  Э.Одбаяр/хх 30-32/, Э.Хоролсүрэн/хх-33/ нарын мэдүүлэг,  Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 37-41/, үнэлгээний дүн/хх 52-55/, Замын-Үүд сум дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт/хх 45-48/, С.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 63-64/, Эрүүл мэндийн яамны “хувь хүнд эм, ... эмнэлгийн зориулалт бүхий эд зүйлийг улсын хилээр импортлох тусгай зөвшөөрөл олгодоггүй тухай” 5/4736 дугаар албан бичиг/хх-65/, №01576519 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-71/, анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд;

                                                                                                       Шүүгдэгч С.Б 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 00-50 ДГА улсын дугаартай, УАЗ-31512  маркийн автомашинаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох дуслын тариурын уян зүү 300 ширхэг, виагра гэсэн бичигтэй эм 10 ширхэг, улаан өнгийн хайрцагтай хятад бичигтэй 32 ширхэг эмүүдийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч С.Б “хязгаарласан бараа болох дуслын тариурын уян зүү, Виагра нэртэй эм, хятад эмийг тус тус хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон буюу улсын хилээр нэвтрүүлсэн талаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь гэрч Э.Одбаярын “Миний бие 2018.08.22-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын АЗШНЦ-т үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 13 цаг 30 минутын орчим 00-50 ДГА улсын дугаартай С.Б гэх хүний УАЗ-469 маркийн авто машинд үзлэг, шалгалт хийхэд шалгалтаар Виагра 32 хайрцаг, 32х10=320, уян зүү 300 ширхэг, цагаан хайрцагтай Виагра гэх 10 хайрцаг эм 10х4=40 ширхэгийг илрүүлсэн. Тухайн эд зүйлс нь эм, эмнэлгийн хэрэгслийн ангилалд багтана, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөөр хилээр нэвтрэх ёстой байдаг юм. Бд ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Б нь тухайн барааг сандал доогуур, суудлын ар хэсэгт хийсэн байсан. Тухайн эд зүйлээ өөрөө тайлбарлаж мэдэхгүй, хүний бараа мөнгөөр авч яваа гэж хэлж байсан”  гэсэн мэдүүлэг болон дээр дурдсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ба гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байна.                                                                                                 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Түүнчлэн энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн  гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлаж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

            Харин анхан шатны шүүхээс, шүүгдэгч С.Бийн орлого олох боломжийг тодорхойлсон нотлох баримтгүй байхад 5 400 000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 1 жилээр тогтоосон нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дахь заалтыг “торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” гэж  өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “...тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1...” гэснийг “...3...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА