Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 242/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

                             

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр

Улсын яллагчаар Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг

   Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хрт холбогдох эрүүгийн 1934008960066 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газраас иргэн Ч.Ядмаагийн 2 тооны үхэр хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “аавынд байж байхад надад мөнгөний хэрэг гараад хэлэхгүйгээр 2 үхэр зарчихсан. Би өөрийнхөө үхэрнээс зарж байна гэж бодож байсан, хулгай хийж байна гэж бодоогүй. Дараа нь учраа олчих байх гэж бодож байсан гэтэл ийм зүйл болчихсон. Хохиролийг би барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 05-10 тал/, хохирогч Ч.Ядмаагийн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/, гэрч Д.Данзанжавын мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, яллагдагч Д.Хын гэрчээр өгсөн  мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, гэрч Г.Бадамдоржийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Ч.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн баримт /хх-ийн 27 тал/, яллагдагч Д.Хын мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газраас иргэн Ч.Ядмаагийн 2 тооны үхэр хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36 тал/
  • Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх- ийн 37-42 тал/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58-59 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 70 тал/
  • Хохирогч Ч.Ядмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт байх малчин Данзанжав гар утсаар үхэр дотроос 2 тооны сувай үхэр алга болсон байна гэхээр нь ойр хавьд сайн хайж бай гээд...ойр хавиар хайгаад олоогүй...дөрвөн хөл цагаан гэдэс цагаан сүүлний үзүүр цагаан 10 настай сүү махны чиглэлийн Симинтал үүлдрийн зүүн чих араасаа догол имтэй сувай үнээ, Монгол Алтау хоёрын эрлийз Монгол талдаа улаан зүсмийн 5 настай хээлтэй зүүн чих араасаа ухам имтэй үнээ тус тус байхгүй байсан...Би малаа Дэмчиг овогтой Данзанжав гэх хүнтэй гэрээ байгуулан малчнаар ажилд авч хариуцуулж өгсөн. Малаа захиран зарцуулах эрхээ би мэднэ. Данзанжав болон түүний хүү Д.Х нар нь миний зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй...Д.Хт би мал хариуцуулж өгсөн зүйл байхгүй, миний малнаас зөвшөөрөлгүй хулгайлж зарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 46 тал/,
  • Гэрч Д.Данзанжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэрийн хамт үнээгээ саачихаад бүгдийг нь бүртгээд бэлчээрт гаргасан.Тэгээд мөрөөдөл зусланд байх Насанбатынд цай хоол идээд сууж байтал гэрээс хүү Хосбаяр утасдаад аав би Өвөрхангай руу ажилд орох болчихлоо хотоос дуудаад байна та хурдан хүрч ирээд сумын төврүү хүргээд өг гэхээр нь хариад...сумын төвд хүргэж өгөөд буцсан. Тэгээд буцаж ирээд үхрээ хурааж байтал үхэр дотроос...2 үнээ алга болсон байхаар нь малын эзэнд 2 үнээ алга болсон байна гэж хэлчихээд ойр хавиар хайгаад олоогүй...Маргааш нь малын эзэнтэй үргэлжлүүлэн хайж байгаад Бат-Эрдэнэ гэдэг хүн үхэр авна гэж байсаныг мэдээд уулзсан чинь манай хүү Хосбаяр уг 2 үхрийг Бат-Эрдэнэ гэх хүнд 1.850.000 төгрөгөөр зараад хот руу явсан байсан...манай хүү Хосбаяр захиран зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
  • Гэрч Г.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал 10 цаг өнгөрч байхад манай танил Ч.Бат-Эрдэнэ манай гэрийн гадаа ирээд Зоригоог аваад Баянгол руу яваад ирье би тэндээс үхэр авах гэж байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр цуг яваад Зоригоог гэрээс нь аваад бид гурав Баянгол 3 дугаар баг руу явсан ба... тэр айлд очоод үзэж хараад мөнгөн дээрээ тохиролцохгүй буцаад явсан. Тэгээд нөгөө залуу нь араас залгаад дахиад мөнгө төгрөгөө тохирсон юм шиг байна лээ төв орж ирээд машинтай ойр зуур явдаг Ганболд гэх хүний пронтер маркийн машинтай бид дөрөв буцаад Баянгол явсан ба нөгөө айлын гадаа ойролцоо том хашаатай газарт шахаж байгаад барьж аваад улаан болон хар алаг үхрийг машинд ачаад сумын төв рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
  • Гэрч Д.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө би гэртээ байж байтал 10 цагийн үед Ч.Бат-Эрдэнэ, Г.Бадамдорж хоёр ирээд хүнээс хоёр үхэр худалдаж авахаар боллоо, хамт яваад нядлаад өгчих үнэ хөлсийг нь гэхээр нь би зөвшөөрөөд бид гурав Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг руу явсан...ногоон пад трактортой айлын гадаа иртэл нэг залуу байсан ба гадаа хэвтэж байсан үхрүүдээс Ч.Бат-Эрдэнэ хар болон улаан зүсмийн 2 толгой үхэр зааж өгсөн...хар алаг хөл цагаан бүдүүн сувай үхэр байсан нөгөө нь жижиг улаан зүсмийн гужин үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/
  • Гэрч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад өдөр 13 цагийн үед байх Төв аймгийн Батсүмбэр сумаас нэг эрэгтэй хүн зарын дагуу ярьж байна та үхэр авч байгаа юм уу? гэсэн тэгэхээр нь би авч байгаа гэсэн. Тэгтэл тэр залуу сувай үхэр ямар үнээр авч байгаа юм бэ гэж асуухад нь би 800.000-1000.0000 төгрөгийн хооронд авч байна гэж хэлтэл за гээд утсаа тасалсан. Тэгтэл нэг их удалгүй байж байгаад дахиад надруу залгасан ба би танд үхэр өгмөөр байна та ирээд үзчихээч гэсэн тэгэхээр нь...би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд орж ирээд мал нядладаг Бадамаа, Зоригоо хоёр дээр очиж үхэр худалдаж авах гэж байна хийгээд өгөөч гэж гуйгаад би дагуулаад Баянгол руу явж байгаад үхэр зарна гээд байсан хүн рүү залгатал цагаан машин явж байна мөн үү гэсэн тэгэхээр нь би мөн гэж хэлтэл өнгөрөөд явчихсан байна буцаад ногоон падтай айлд хүрээд ир гэж хэлсэн ба гэрт нь надад үхэр зарна гэж байсан залуу ганцаараа байсан ба танай үхэр хаана байгаа юм гэж асуухад ойрхон байгаа...гэсэн...би тэр залуутай гараад хотонд нь 10 гаруй үхэр хэвтэж байснаас гурван хөл цагаан хар үхэр, монгол жижиг улаан үхэр зааж байсан ба ...хар үхрийг 1.000.000 төгрөгөөр монгол үхрийг 800.000 төгрөгөөр авъя гэтэл тэр хүн тийм бол ах хоёулаа наймаа тохирохгүй юм байна гэхээр нь...за за тэгвэл ах нь болилоо гэсэн тэгээд би буцаад явж байтал нөгөө залуу ахиад над руу залгасан ба монгол улаан үхэр дээр жоохон мөнгө нэмчих гэхээр нь би 50.000 төгрөг л нэмж чадах байх тэрнээс дээшээ ах нь боломжгүй гэсэн тэгтэл нөгөө залуу за за 1.850.000 төгрөгөөр ав гэсэн...буцаж очоод нөгөө айлын гэрт очоод хоёр үхрээ ачиж аваад нөгөө залууд бэлэн 1.835.000 төгрөг өгөөд явсан...Шонхор зах дээр махаа өгсөн ба 1кг 5800 төгрөгөөр бодуулаад 2 махаа нийт 2.400.000 төгрөгөөр борлуулсан...би тухайн 2 толгой үхрийг хулгайн үхэр гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
  • Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр өөрийн төрсөн эцэг Д.Данзанжавын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг хөдөө гэрээс сумын төвд орж ирээд үсээ засуулах гэтэл тог байхгүй гээд үсчин ажиллахгүй байсан тэгээд би үсчингээс гараад явж байтал Хулан дэлгүүрийн урд талын самбар дээр үхэр байнга өндөр үнээр авна гэсэн зар байхаар нь ...залгаж үхэр ямар үнэтэй авч байгаа юм бэ гэж асуусан тэгтэл янз янзаар л авч байна үхэрээ харж байж болно доо ямар үхэр юм гэхээр нь би сувай 2 үнээ байгаа гэж хэлсэн...бэлчээр дээр бэлчиж байсан үхрээс...тэр хүн хар үхрийг 900.000 төгрөгөөр, улаан үхэрийг 700.000 төгрөгөөр авъя гэсэн тэгэхээр нь би дэмий юм байна ах наймаа тохирохгүй юм байна гэж хэлтэл тэр хүн махны үнэ уначихсан байгаа ийм л ханш хүрэх байх гэхээр нь за за наймаа тохирохгүй юм байна гэж хэлээд нөгөө ахыг явуулчихаад гэртээ ороод иртэл нөгөө ах миний утас руу залгаад хар алаг үхрийг чинь 1.000.000 төгрөгөөр авъя гэхээр нь би за за тэг тэг гэж хэлээд улаан үхрээ 850.000 төгрөгөөр өгөхөөр болоод 2 үхэр 1.850.000 төгрөгөөр нөгөө ахад зархаар болсон...миний зарсан үхэр ...Ч.Ядмаа гэх хүний үхэр байсан...тухайн үедээ мөнгөний хэрэг гараад л бусдын үхрийг хулгайлж зарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
  • Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аав, ээж хоёрыг өглөө үхрээ сааж дуусгаад айлын гэр янзлахаар хөдөө явсан хойгуур нь бэлчээрт бэлчиж байсан үхрээс хар халзан үхэр улаан үхэр нийт 2 тооны үхэрийг барьж аваад худалдаж авна гэсэн хүнд хоёр үхрээ 1.850.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот орж мөнгөө үрж дуусгасан...би өөрийн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...би сонсгож буй ял, хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар: 

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газраас иргэн Ч.Ядмаагийн 2 тооны үхэр хулгайлж 3.600.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Хын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Хыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ч.Ядмаад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь “Хэргийн хувьд маргах зүйлгүй. Урьд ял шийтгэлгүй байдал мөн хохирогчийн хохирол төлбөр, гомдол санал байхгүй гэх зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Шүүх шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Хт үүрэг болгож шийдвэрлэлээ.  

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл яллагдагчаар тус тус цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Хрыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Хрыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Хт үүрэг болгосугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтэнээр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл яллагдагчаар тус тус цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА