| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж Нарийн бичгийн дарга Д.Соёлзул Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Т.Сүрэнхор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сүрэнхорд холбогдох эрүүгийн 21320000000058 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 61 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхор/рд-МЗ89041515/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Сүрэнхор нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Дэнжийн 61 тоотод байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/ Тодорхойлох нь: Шүүгдэгч Т.Сүрэнхорд холбогдох эрүүгийн 21320000000058 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Сүрэнхор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. ...гэх мэдүүлэг. Эрүүгийн 21320000000058 тоот хавтаст хэргээс Хохирогч Н.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад манай хамаатны хүүхэн болох Оюунчимэг над руу залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь би гэрт нь яваад очсон. Намайг тэдний гэрт очиход Оюунчимэг нөхөр Сүрэнхорын хамт архи ууж байсан. Тэгээд би тэд нартай нийлээд архи ууж байтал Сүрэнхор Оюунчимэг 2 хоорондоо маргалдаж хэрэлдээд хоорондоо барилцаад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь Сүрэнхор архины шилээр миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэсэн чинь Сүрэнхор гэрээсээ гараад явсан. Ийм л зүйл болсон. ...Үгүй. Эхнэр нөхрийг хоорондоо хэрэлдэж маргалдаад барилцаад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь л миний толгой руу архины шилээр цохисон. ...Би Сүрэнхорынд очоод 2 аяга архи уусан. ...Намайг очиход л архи ууж байсан. Хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. ...Оюунчимэг бид 2 үеэлүүд байгаа юм. ...Ууж байсан 0,75 литрийн Хараа архитай шилээр миний цохисон. ...Бид гурваас өөр хүн байгаагүй. Мөн Сүрэнхорын цэцэрлэгийн насны хоёр хүүхэд нь байсан. ...Толгой хагарч цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт ирж зургаан оёдол тавиулсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Ах дүү хамаатан садны хүмүүсийн хооронд болсон асуудал болохоор бид нар учир зүйгээ ололцож сайн дураараа эвлэрсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн11-12, 13 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Сүрэнхор мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 07-ны орой манай гэрт эхнэрийн хамаатны болох Н.Ганчимэг ирсэн. Н.Ганчимэг эгчийг манай эхнэр Оюунчимэг утсаар дуусан байсан. Тэгээд бид гурав манай гэрт байсан 1 шилийг архийг уусан. Архи ууж байхад манай эхнэр согтчихоод янз бүрийн юм яриад байхаар нь би боль гэтэл миний үгэнд орохгүй намайг элдвээр хэлээд над руу дайрч давшлаад намайг бариад авсан. Тэгэхэд Ганчимэг эгч дундуур орж ирээд салгахад нь би эхнэртээ уурласан уурандаа гарч явах гэтэл араас хэн нэг нь татаад байсан. Тэгэхээр нь би шалан дээр байсан 0,75 литрийн архины шилийг аваад эргэж хараад цохитол Ганчимэг эгчийн толгой нь хагараад гарсан. Тэгэхээр нь айсандаа гарч яваад өвөлжөөндөө хоносон. ...Ямар нэгэн шалтгаан байгаагүй. Эхнэртээ уурласан уурандаа Ганчимэг эгчийг цохисон. ...Би гэртээ ирэхийн өмнөхөн найз Үүрцайхын гэрт хоёулаа 1 шил 0,75 литрийн Хараа архи хувааж уусан байсан. Тэгээд гэртээ ирээд 1 шил 0,75 литрийн Хараа архи задлаад ууж байсан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан. ...Манайд ирээд задалсан архинаас 1-2 аяга уусан. Гэхдээ согтоогүй байсан. ...Манай эхнэр Оюунчимэг, Ганчимэг эгч бид 3-аас өөр хүн байгаагүй. ...2016 онд гэмт хэрэгт холбогдоод шүүхээр ороод хэрэгсэхгүй байсан. ...Өөрөөр гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. ...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 02 дугаар хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 4-8 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №115 дугаартай дүгнэлт Дүгнэлт хэсэгт: 1.Н.Ганчимэгийн биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Н.Ганчимэгийн биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/ Шүүгдэгч Т.Сүрэнхорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 54 дүгээр хуудас/ Хохирогч Н.Ганчимэгийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 48 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Т.Сүрэнхорыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Т.Сүрэнхор нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 61 тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Ганчимэгийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Т.Сүрэнхорын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 29-30 дугаар хуудас/, Хохирогч Н.Ганчимэгийн мэдүүлэг/Хх-ийн 11-12, 13 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №115 дугаартай дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.Сүрэнхор нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Сүрэнхорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Сүрэнхор нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Сүрэнхор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Н.Ганчимэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Т.Сүрэнхорд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Сүрэнхор нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 61 тоот өөрийн гэртээ хохирогч Н.Ганчимэгийн толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Т.Сүрэнхорд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Сүрэнхор нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Сүрэнхор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Т.Сүрэнхор нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Сүрэнхорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүрэнхорыг 480 /дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүрэнхорд оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 08/найм/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сүрэнхор нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Сүрэнхорд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Т.Сүрэнхор нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ганчимэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Сүрэнхорд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ