Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгч                                              ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ид холбогдох 1932000000197 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөмний мастер мэргэжилтэй, .................. тоотод оршин суух хаягтай, урьд 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 01 жил 06 сар хорих ял, 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.2-д зааснаар 01 жил тэнсэн харгалзах, 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 04 жил 09 сар 29 хоног хорих ял,  1998 оны 08-р сарын 05-нд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 06 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ТЗ:71111217/ Бөхчүүд овогт ******* Батдорж.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг сургуулийн №66 тоотод ******* “хоол хий” гэж хэлснээс болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цагийн үед ******* манай гэрт хоносон. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед манай гэрээс дэлгүүр орох гэж цуг гараад Төмөр замын дэлгүүрийн гудамжинд хар Шинээ гэх залуутай тааралдаж Шинээ төмөр замын дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авсан. Дараа нь Хуягаа, Хүрэлээ хоёртой тааралдаж тэр хоёр бид хоёрт 1 шил 0.75 литрийн Хараа архи авч өгөөд манай гэрт ууж байгаад дуусгаагүй яваад өгсөн. Би Батдоржтой хамт үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд бид 2 хоол хийж идэх гээд хоолны ногоо чи арилга, би арилга гэснээс болж маргалдан Батдорж миний зүүн хөлний өвдөгний доод тал руу ногоо арилгах гэж байсан хутгаараа хатгахаар нь би Батдоржид чи намайг хутгалчихлаа гэж хэлээд үүдний орон дээр дарж унагаагаад нүүрэн тус газарт нь 2 удаа цохиход Батдорж чи цус алдаад байна цагдаа дуудъя гэж гэрээс гарсан. Батдорж манай хашаан дотор цагдаа дуудаад өгөөч би хүн хутгалихлаа гэж орилоход манай урд айлын хүн цагдаа дуудсан байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/

******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Гантөмөр бид 2 хоол хийж идэх гээд намайг Гантөмөр ногоо арилга гэхээр нь би өөрөө хийхгүй юу гэж хэлээд Гантөмөр аятайхан юм хийчихгүй юу пизда минь гэж хэлээд миний хажууд сууж байгаад миний зүүн талын шанаа руу гараараа цохихоор нь би төмс арилгаж байсан хутгаараа Гантөмөрийн зүүн шилбэ орчим хатгахад Гантөмөр яаж байна аа хатгаад хаячихлаа гэж хэлэхээр нь би Гантөмөрийн өмдийг сөхөж харахад цус гарч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №189 дугаартай Шинжээчийн дүгнэлт: …

  1. *******ийн биед зүүн хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/, шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг сургуулийн №66 тоотод ******* “хоол хий” гэж хэлснээс болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Батдоржтой хамт үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд бид 2 хоол хийж идэх гээд хоолны ногоо чи арилга, би арилга гэснээс болж маргалдан Батдорж миний зүүн хөлний өвдөгний доод тал руу ногоо арилгах гэж байсан хутгаараа хатгахаар нь би Батдоржид чи намайг хутгалчихлаа гэж хэлээд үүдний орон дээр дарж унагаагаад нүүрэн тус газарт нь 2 удаа цохиход Батдорж чи цус алдаад байна цагдаа дуудъя гэж гэрээс гарсан. Батдорж манай хашаан дотор цагдаа дуудаад өгөөч би хүн хутгалихлаа гэж орилоход манай урд айлын хүн цагдаа дуудсан байх...гэх мэдүүлэг, *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Гантөмөр бид 2 хоол хийж идэх гээд намайг Гантөмөр ногоо арилга гэхээр нь би өөрөө хийхгүй юу гэж хэлээд Гантөмөр аятайхан юм хийчихгүй юу пизда минь гэж хэлээд миний хажууд сууж байгаад миний зүүн талын шанаа руу гараараа цохихоор нь би төмс арилгаж байсан хутгаараа Гантөмөрийн зүүн шилбэ орчим хатгахад Гантөмөр яаж байна аа хатгаад хаячихлаа гэж хэлэхээр нь би Гантөмөрийн өмдийг сөхөж харахад цус гарч байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №189 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ийг хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг сургуулийн №66 тоотод ******* “хоол хий” гэж хэлснээс болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн бариултай 26 см урттай, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, бариулын уртт нь 12.5 см бүхий нэг ширхэг хутга, 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөхчүүд овогт ******* Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******ийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн бариултай 26 см урттай, 14.5 см урттай ажлын хэсэгтэй, бариулын уртт нь 12.5 см бүхий нэг ширхэг хутга, 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.