Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00458

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00027 дугаар магадлалтай,

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Т-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1993 онд Т-ын хогийн сахиулаар ажилд орсон. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс ачигчаар шилжүүлэн ажиллуулсан. Энэ тушаалд гомдол гаргаагүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Би сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, тушаалын үндэслэлгүй гарсан тул хогийн ачигчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 04-нөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 4 985 952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Удаа дараа байгууллагын дарга дээр Ж.Г ах ажлаа хийхгүй байна, ажилдаа ирэхгүй байна гэсэн гомдол ирдэг. Хамт ажиллаж байсан ачигч нь ганцаараа ачиж байна хүн нэмж өгөөч гэдэг байсан. Ж.Г хаачсан юм гэхээр ирээгүй гэдэг. Ингээд ирэхээр нь надад хэлчихээрэй гэхээр ирээгүй гэдэг. Ажлаас халсан шалтгаан нь манай дотоод журманд 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалбал ажлаас чөлөөлдөг. Ж.Г ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, удаа дараа дуудаад ирдэггүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 2, 3, 9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалсан. Үүрэг даалгавар удаа дараа зөрчсөн, биелүүлдэггүй. Өөр дээр нь сахилгын арга хэмжээ авагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ний Б/16 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Цалинг бол хасаагүй. Дахиад зөрчил нь давтагдсан. Би ажилласан гэдэг. Хамт ажиллаж байгаа хүмүүс нь хүртэл хэлдэг. Баярсайхан гэдэг хүнээр олон дуудуулсан. Адъяа олон удаа дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гийн Тын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 985 952 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00027 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Ажил олгогч нь Ж.Г-ийг ажлаас халах бодлого барьж, хууль ёсны эрх ашгийг хохироосон. 2018.03.12-ны өдрийн Б/13 тоот нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан. 2018.06.04-ний өдрийн тушаалыг мөн хууль зөрчин гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан. Хогийн цэгийг тэлж байгаль орчинд хөнөөл учруулсан. Энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. 22 жилийн турш буулгасан хог байсан, ажил үүргийн хуваарьт байхгүй, Хөдөлмөрийн гэрээнд ч заагаагүй ажил байсан. Ажлын байр эзгүйдүүлсэн, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж заасан. Энэ нь баримтаар тогтоогдоогүй, өөр ажилд буруу шилжүүлсэн, тэрийгээ зөрчил болгож тооцсон. Ажлын цаг тасалсан гэдгийг ажил олгогчийн санаачилгаар хуурамч нотлох баримт бүрдүүлэн 6 өдөр, 3 цаг, 20 минут гэж бүрдүүлсэн. Ажил үүргийн хуваариар цаг бүртгэх ёстой Адъяахүү цагийг үнэн зөв бүртгэх боломж байхгүй гэдгийг шүүх хуралдаан дээр нотолсон. Баярсайхан гэгчтэй би өөрийн биеэр уулзахад дараа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хариулчихаад шүүх хуралдаанд оруулах болоход шүүх хуралдаанд ирээгүй учир хуралдаанд оролцуулаагүй. Гэтэл дарга Шаравнямбуу жолоочийн ажилд түүнийг шилжүүлж байгаад худал тайлбар гаргуулсан. Анх 2018.09.26-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш цугларсан нотлох баримтууд бүгд хуурамч нотлох баримтууд байсан, шүүхийн шийдвэрийн эсрэг бүрдүүлсэн.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ж.Г нь Т-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг үндэслэл бүхий үнэлээгүй...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсчээ.

 Хэрэгт авагдсан баримтаар Ж.Гийг Тын хогийн цэгийн сахиулаар ажиллаж байхад нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр сахилгын хариуцлага тооцож, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тушаалаар сахиулын ажлаас чөлөөлж ачигчийн ажилд шилжүүлсэн, ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, захирах, захирагдах ёсыг зөрчсөн, хамт олонд буруу үлгэр дууриалал үзүүлсэн гэх үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/16 тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд дээрх тушаалд ажилтан гомдол гаргаагүй байна.

Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Ж.Г нь “...ажлын цаг баримтлахгүй ажил тасалж, ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэх зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулсан.

Ж.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад дахин зөрчил гаргасан тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД