Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1214

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Хишигдэлгэрт холбогдох

Эд хогшлыг албадан нүүлгэж, хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Хишигдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Ганбат

Хариуцагч: Г.Хишигдэлгэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Баясгалантай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1 дүгээр хэсэг 150 А тоотын хувийн сууцыг 7 500 000 төгрөгөөр худалдан авч, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1 дүгээр хэсэг 150 А тоот хаягт байрлах зуслангийн зориулалттай газрыг шилжүүлэн авсан. Ингээд зун нь худалдаж авсан хувийн сууцандаа орох гэтэл өмнөх эзэмшигч болох Г.Хишигдэлгэрийн тавилга эд хогшил нь байсан бөгөөд тавилгуудаа авахыг хэлсэн боловч янз бүрийн шалтаг тоочин одоог хүртэл аваагүй. Хариуцагч Г.Хишигдэлгэр нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байх 32 м.кв сууц болон газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх, мөнгө хүлээн авах, захиран зарцуулах бүрэн эрхтэй итгэмжлэлийг Э.Доржсүрэнд олгосон байдаг. Уг итгэмжлэлийн дагуу Э.Доржсүрэн 2016 оны 01 дүгээр сарын 05-нд хувийн сууц болон газрыг Ц.Баясгаланд зарж борлуулсан байдаг бөгөөд миний бие Ц.Баясгалангаас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинод байх 32 м.кв сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худаллан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдаж авсан. Урьд энэхүү асуудлаар шүүхэд хандсан боловч Г.Хишигдэлгэр нь Э.Доржсүрэнд олгосон итгэмжлэлээ хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан гээд шийдвэрлэх боломжгүй байсан билээ. Удалгүй Э.Доржсүрэнгийн хаяг тодорхойгүй байсан тул Г.Хишигдэлгэрийн нэхэмжлэл буцаагдсан байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинын 150 тоот хувийн сууцанд байх Г.Хишигдэлгэрийн эд хогшлыг албадан нүүлгэж, хувийн сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Хишигдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бат-Эрдэнэ нь миний эзэмшлийн Чингэлтэй дүүргиин 19 дүгээр хороо Яргайтын богино 1 дүгээр хэсэг, 150А тоот хаягт байрлах зуслангийн зориулалттай газар болон хувийн сууцыг маань хууль бусаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан байдаг. Э.Доржсүрэн нь миний эзэмшлийн газар, сууцыг барьцаанд тавихаар итгэмжлэл хийж авсан. Иймд миний эзэмшлийн зуслангийн газар, байшинг хуулийн үндэслэлээр бусдад шилжсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Миний бие З.Доржсүрэнд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжпэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандсан боловч Э.Доржсүрэн хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд би Э.Доржсүрэнг эрэн сурвалжлуулахаар Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гарч түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Миний зуслангийн байшинд өчнөөн эд хөрөнгө маань байгаа учраас би чөлөөлж өгч чадахгүй. Би зуслангийн байшингаа зараарай гэж итгэмжлэл хийж өгөөгүй, харин барьцаанд тавьж болно гэж л хэлж байсан. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023871 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 дүгээр хэсэг гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцыг Г.Хишигдэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Хишигдэлгэр давж заалдах гомдолдоо “...Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 29-нд мөнгө зээлдүүлдэг хэсэг бүлэг хүмүүс болох Э.Доржсүрэн нараас 35 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг 20 хоногийн хугацаа хэтрүүлж бүрэн төлж дууссан боловч Э.Доржсүрэн нь намайг сүрдүүлж, дарамталж өөрсдийн танил нотариатч дээр очиж миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино, нугын дэвсгэрт байрлах 576 м.кв газрын эзэмшил эрхийн гэрчилгээг Э.Доржсүрэнгээр өөрийн гараар нь итгэмжлэлийг бичүүлж байгаад гарын үсэг зуруулсан. Миний бие хууль мэдэхгүйн дээр тухай үед сэтгэл санааны дарамтанд байсан тул өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадваргүй байсан. Э.Доржсүрэнд холбогдох хэрэг давхар шүүхээр явж байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч Г.Хишигдэлгэрт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 хэсэг гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв хувийн сууцыг Г.Хишигдэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Г.Хишигдэлгэр нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э.Доржсүрэнд “...Миний өмчлөлийн 000536836 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино нутаг дэвсгэрт байрлах 576 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих, ...мөнгө хүлээн авах, захиран зарцуулах эрхийг Э.Доржсүрэнд 1 жилийн хугацаатай олгов” гэсэн итгэмжлэлийг, мөн өдрөө “...Миний өмчлөлийн 000443153 тоот гэрчилгээ, Ү-2202023871 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 дүгээр хэсэг гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцыг бусдад худалдах, барьцаанд тавих, ...захиран зарцуулах эрхийг Э.Доржсүрэнд 1 жилийн хугацаатай олгов” гэсэн хоёр итгэмжлэлийг тус тус олгосон байна. /хх 19, 21/

 

            Э.Доржсүрэн нь дээрх итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр маргаан бүхий газар, хувийн сууцыг Ц.Баясгаланд 3 000 000 төгрөгөөр худалдсан байх ба 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, Ц.Баясгалан нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 000463505 дугаар гэрчилгээтэй, Ү-2202023871 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 дүгээр гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцыг 7 500 000 төгрөгөөр худалдан авч, мөн өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан 000607399 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18642324510181 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах 576 м.кв талбай бүхий газрын эрхийг тус тус шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 9-12, 47-50/

 

            Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 дүгээр гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна. /хх 9/

 

Хариуцагч нь “...Би тухайн үед Э.Доржсүрэнгээс мөнгө зээлсэн бөгөөд Э.Доржсүрэн намайг дарамталж байгаад итгэмжлэлийг бичүүлж авсан, би тухайн үед зөвхөн барьцаанд тавих эрхийг л олгосон..., маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрх хууль бусаар Б.Бат-Эрдэнэд шилжсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байх тул нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ.

 

            Иймд шүүх нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 дүгээр гудамж, 150А тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Г.Хишигдэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Хишигдэлгэр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                    

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН