Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0367

 

                   “Т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагч Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ү” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамжийн “Т ү” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Хонгор сумын Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар захирамжаар 1709.5 га газрыг “Т ү” ХК-д гэрээгээр эзэмшүүлсэн. Уг компани нь 2012 оны эцэст 1.160.900 төгрөгийн газрын төлбөрийн дутуу төлөлттэй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн Засаг даргын 2013 оны 64 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн компани өөрөө ирж гэрээгээ дүгнүүлэх үүрэгтэй. Өөр компанийн дансанд орсон мөнгийг бид мэдэх боломжгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулсан “Т ү” ХК-ийн захирал Э.Ж-д мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан тайлбартаа: “Т ү” ХК нь 2012 оны эцсийн байдлаар 1.160.900 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэн эзэмшиж байсан газраас нь 500 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хонгор сумыг үүсгэн байгуулж, шавыг нь тавьж байсан ахмадуудад газрыг хуваарилан өгсөн. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэдэд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь үндэслэлтэй. “Т ү” ХК нь захирамж гарснаас хойш төлбөр төлж байгаа нь гэрээ зөрчсөний илрэл. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч байгууллагын данс андуурсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар, өмгөөлөгч Л.Д нар давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйн улмаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй учир шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 64 дугаар захирамжаар “Т ү” ХК-ийн тариалангийн 500 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Энэ захирамж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Учир нь, газар эзэмших гэрээг дүгнээгүй шууд газрын эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтыг Засаг дарга зөрчсөн байхад шүүх энд анхааралгүй хандсан. Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан гэрээг хуулийн дагуу дүгнэсэн бол ямар учраас хэсэг төлбөр нь төлөгдөөгүй харагдаж байгаа учрыг мэдэж болох байсан.

  1. Шүүх татварын байцаагчийн тооцоо нийлсэн актыг үнэлж, дүгнээгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж заасан. Энэ хуулийн дагуу татварын байцаагч “Т ү” ХК-ийн төлөлтийг дүгнэж “Г А” ХХК нь газрын төлбөрт 2.240.176
 

төгрөгийн илүү төлөлттэй, “Т ү”ХК нь 1.160.938 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тооцоо нийлж гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан. Үүгээр “Т ү” ХК нь газрын төлбөрөө бүрэн төлсөн нь батлагдаж байна. “Т ү” ХК, “Г А” ХХК нь нэг хүний өмч. Үүнийг баталсан компанийн гэрчилгээ, дүрэм хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа нэг эзэнтэй хоёр компанийн төлбөрийн илүү, дутуу төлөлт нь нийтдээ улсад төлөх татвараа бүрэн гүйцэд төлсөн талаар дэлгэрэнгүй бичсэн.

  1. Шүүх газар эзэмшүүлэх гэрээний заалтуудыг анхаарч үзээгүй. Уг гэрээний 4.4- т “Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэнэ” гэсэн байхад гэрээг дүгнээгүй. Мөн 5.5-ын 2-т “Ноогдуулсан төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу хоног тутам 0,5%-ийн хүү алданги тооцож байх” гэж заасан. Хэрвээ төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж үзэж байгаа бол гэрээг шууд хүчингүй болгох биш, харин дээрх заалтын дагуу хүү, алданги тооцох байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ч бас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасантай нийцүүлэн төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэж байхаар заасан байна. Ийм нарийвчилсан заалтууд байсаар байхад шууд гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
  2. Шүүх шийдвэртээ Дархан-Уул аймгийн Засаг даргаас гомдлын хариу ирээгүй байхад 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Хонгор сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга манай гомдлыг Хонгор сумын Засаг даргын Тамгын газар руу буцаагаад шилжүүлсэн. Үүнийг манай компани ойлгохдоо бидний гаргасан гомдол зөв байсан учраас дахин шалгуулахаар буцаасан байна гэж ойлгосон. Манай гомдлыг бас л шийдвэрлэхгүй байсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэтэл шүүх Засаг дарга нарын илт буруутай үйлдлүүдийг анхаарч үзэж буруутгах ёстой байтал эрх ашиг нь хохирсон манай компанийг буруутгаж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн зорилгыг алдагдуулж байна. Хонгор сумын Засаг дарга нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухайгаа Э.Ж гэдэг хүнд мэдэгдэл явуулсан байна гэж шүүх үзсэн нь буруу юм. Зүй нь хувь хүнд биш “Т ү” ХХК-д гэж хаяглан явуулах байсан. Гэтэл манай компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан Э.Ж гэдэг хүнд мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй. Ийнхүү төрийн байгууллага мэдэгдлээ буруу явуулснаас болж манай компани тухайн үедээ гомдол гаргах эрхээ алдаж хохирсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхнаасаа бидний эрхийг зөрчиж эхэлсэн. “Т ү” ХК нь 2007 оноос эхлэн одоог хүртэл газар тариалангийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жил бүр улаан буудай тариалж, хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангаж ирсэн. Энэ олон жилд газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн.Олон жил зөрчилгүй ажиллаж байсан компани ямар учраас газрын төлбөр нь дутуу төлөгдсөн юм бол гэж Засаг дарга асууж лавлаж, гэрээгээ дүгнэх ёстой байтал шууд л газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бусад хүмүүст шилжүүлэн өгсөнд гомдолтой байна. “Т ү” ХК нь энэ хураагдсан 500 га газрын 202.5 га газарт нь уринш хийж бэлтгэн, 2014 онд тариалалт хийхэд бэлэн болсон байсан. Гэтэл 2014 онд тариалалтаа хийж чадалгүй, асар их хохирол үзсэн. Бидний уринш хийсэн талбайд өөр хүмүүс тариалалт хийж, бид хохирч үлдсэн. Ийм шударга бус байдлаас болж манай компани хохирсон. Энэ дурдсан нөхцөл байдлуудыг чухалчлан анхааран үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлээгүй байна.

“Т ү” ХК-д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 67 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий, Сонинхангай орчимд газар тариалангийн зориулалтаар 1709.5 га газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэж, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Харин 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 64 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр “Т ү” ХК-ийн эзэмшлийн газраас 500 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

1. 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байтал хариуцагч гэрээний биелэлтийг дүгнэлгүй, шууд нэхэмжлэгчийн эзэмшил газраас нь хэсэгчлэн эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу газрын төлбөрт жилд 2.160.938 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 03- нд, 2012 оны 12 дугаар сарын 18-нд тус бүр 500.000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 15-нд 1.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 02-нд 1.160.938 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-нд 2.997.569 төгрөг тус тус төлсөн нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7-1738 дугаартай

 

албан бичиг, түүний хавсралт, Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны 628 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны төлбөр төлсөн орлогын маягт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх байдлаар хариуцагчийн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гарахаас өмнө төлбөрийг төлсөн байхад нэхэмжлэгчийг 2012 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс “Г А” ХХК-ийн нэр дээр 2012 оны газрын төлбөрт илүү төлсөн төлбөрийг 2013 оны 03 дугаар сард компани хооронд шилжүүлэн “Т ү” ХК-ийн газрын төлбөрт тооцох хүсэлт өгсөн боловч хариуцагч 2013 онд газрын төлбөрөө нөхөж төлөхийг зөвлөсний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 02-нд 1.160.938 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-нд 2.997.569 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “...ногдуулсан төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй нөхцөлд гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хоног тутам 0.5 хувийн хүү, алданги тооцож” байхаар зохицуулсан заалтыг хэрэглээгүй, “Г А” ХХК болон “Т ү” ХК нь нэг эзэмшигчтэй компани, газрын төлбөрийг нэг нягтлан бодогч хийдэг байтал ямар учраас “Т ү” ХК нь 2012 оны газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон “Г А” ХХК-иас ямар учраас 2012 оны газрын төлбөрт 2.240.100 төгрөгийн илүү төлөлт хийсэн талаар тайлбар гаргах боломж олголгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

2. Хариуцагчаас 2013 оны 6 дугаар сарын 27-ны 1/507 тоот “Т ү” ХК-ийн 500 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон мэдэгдлийг тухайн хуулийн этгээдийн хаягаар бус хувь хүний нэр дээр хүргүүлснийг зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдэд уг мэдэгдлийг албан ёсны хаягаар мэдэгдэх ёстой байжээ.

Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон мэдэгдлийг мэдсэн даруйдаа Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Шүүхээр газар эзэмшигчийн эрх хөндөгдсөнтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байхад уг газрыг нэр бүхий иргэдэд хуваан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна.

Иймд “Т ү” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамжийн “Т ү” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.