Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа          хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1805033270628 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн 1 дүгээр давхарт Б.О- халааснаас Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 560.000 төггрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Цагдаа дээр мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б.О- мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим би Эх хүүхдийн эрүүл мэндийн  төв эмнэлэг дээр ажлаа хийж байгаад 1 давхарын түцний хажуу талд шатны орчимд өөрийн Самсунг галакси жи-7 загварын 850000 төгрөгийн үнэтэй гар утсаараа ярьж дуусаад ажлын халаадныхаа баруун халаасанд хийгээд өрөө рүүгээ орсон. Ингээд өрөөндөө ороод халаасаа үзтэл миний  утас алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагын ажиллагааны үр дүнд хулгайн утас зарахаар явж байсан этгээдийг барьсан. Миний гар утсыг олж өгсөнд баярлалаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.  /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Хулан мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд би Москва их дэлгүүрийн 14 дүгээр байрны гадна талд Баярсайхантай уулзсан. Ингээд Баярсайхан Эх нялхсын түцнээс хурууны лент авна гэхээр нь хамт Эх нялхасын эмнэлэг рүү орж 1 давхрын шатны хажуу талд түцнээс худалдаа хийх гээд зогсож байтал гэнэт  Ц.Б- намайг явъя гаръя юм авах гэснээ болилоо гэхээр нь би гайхаад дагаад гартал зам руу алхаж очоод зам дээрээс такси барьж Монтел гэж зааснаар цэнхэр өнгийн кэсстэй саарал өнгийн шинэ Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг халааснаасаа гаргаж ирээд кэссийг нь хаяж, симийг нь зажлаад надад би сая эмнэлэг дотор хар хөх өнгийн хувцастай эмнэлэгийн ажилтны баруун халааснаас авчихсан  юм гэж хэлсэн. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

Ч.Баярсайхан мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд би Москва их дэлгүүрийн 14 дүгээр байрны гадна танил охин Хулантай уулзаад хамт 1 пиво хувааж уучихаад би Эх нялхасын эрүүл мэндийн төв эмнэлэгийн түцнээс хурууны лент авахаар Хулангийн хамт эмнэлэг рүү орсон. Эмнэлгийн 1 давхарын шатны хажуу талд байх түцнээс худалдаа хийх гээд зогсож байтал хар хөх өнгийн хувцастай 20 гаруй насны эмнэлэгийн ажилтан эгч баруун халаасандаа цэнхэр өнгийн кэсстэй саарал өнгийн шинэ, утсаа баруун халаасандаа хийхээр нь би дэлгүүр дотор куртикээрээ халхавчлан зүүн гараараа хулгайлан авсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 46/, төрсний бүртгэлийн лавлагаа  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ц.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн 1 дүгээр давхарт Б.О- халааснаас Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-”... өрөөндөө ороод халаасаа үзтэл гар утас алга болсон байсан...” /хх-ийн 8/, гэрч А.Хулангийн”...Ц.Б-...цэнхэр өнгийн кэсстэй саарал өнгийн шинэ, самсунг Глакси жи7 маркийн гар утсыг халааснаасаа гаргаж ирээд кэссийг нь хаяж, симийг нь зажлаад надад би сая эмнэлэг дотор хар хөх өнгийн хувцастай эмнэлгийн ажилтны баруун халааснаас авчихсан  юм гэж хэлсэн. /хх-ийн 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч Ц.Б-ы мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Эх нялхасын нэгдсэн эмнэлэгийн 1 давхарт ТҮЦ-нд зогсож байсан эмнэлэгийн халаадтай ажилтны халааснаас шинэ Самсунг галакси жи-7 гар утас хулгайлсан...” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж  байна.   

Прокуророос Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ц.Б-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ц.Б-ыг “бусдын эд хөрөнгийн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Ц.Б- хулгайлсан эд зүйлээ биет байдлаар буцаан өгсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Б-д

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Ц.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо буцаан өгсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо барагдуулсан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс Ц.Б-ыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж түүнд эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

        3. Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

 

       4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.Б-д анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

         6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ