| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0428/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/419 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /¹0440/ шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Чинбат /¹0053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Б.Зт холбогдох эрүүгийн 201724000401 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, хилийн цэргийн 0119 дүгээр ангид мэргэшсэн техникч ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Цорс овогт Б.З
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Б.З нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орой 16 цаг 39 минутын орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-н жилийн 5 дугаар дунд сургуулийн баруун талын замд өөрийн эзэмшлийн “SAMSUNG SM5” маркийн 41-55 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан... “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /10 настай, эмэгтэй/ Г.Биндэръяаг мөргөж түүний бие махбодид гавлын дагз ясны шугаман хугарал, тархи доргилт, 2 гарын тохой, ууцанд зулгаралт, зүүн тохойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 40 минутын үед хүүхэдтэйгээ 5 дугаар сургуулийн ард хөл бөмбөгийн талбай дээр “Мөрөөдөл” хөтөлбөрийн тэмцээнд оролцоод эхний шатандаа тэнцчихээд хоёрдугаар шатандаа орох арай болоогүй байхад хүүхэд маань ам цангаж байна гээд бид хоёр зам хөндлөн гарч дэлгүүр орж ундаа авчихаад гарахын хооронд хүүхэд маань дэлгүүрийн цонхоор харчихаад ээжээ тэмцээн нь болж байх шиг байна гээд байхаар нь миний охин түрүүлээд гарч бай, гарцаараа гараараа гээд хэлээд ундааны мөнгө өгөөд зогсож байтал гадаа түс хийх чимээ гарсан. Би хүүхэд алчихлаа гээд бахираад гараад очсон. Ийм л зүйл болсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “… 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 40 минутын орчим 5 дугаар сургуулийн баруун талын явган хүний гарцан дээр хүүхэд маань мөргүүлсэн. Тухайн үед охин бид хоёр 5 дугаар сургууль дээр “Дреам” гэсэн нэртэй нэвтрүүлэгт оролцоод явж байсан. Тэгтэл охин маань ам цангаад байна гэхээр нь зам гарч дэлгүүр ороод ундаа авч байсан. Тэгтэл охин маань ээжээ би тэмцээнээ үзлээ гээд урдаасаа хойшоо зам гараад явсан, би дэлгүүр дотороос охиноо зам гарахыг харж байсан, эхний гарцаар зам гарч явахад нь гарчлаа даа гэтэл гэнэт чимээ гартал эргээд хартал охин маань машинд дайруулаад үсэрч байхыг харсан…, гэмтлийн эмнэлэгээс гараад гэр рүүгээ харьж явтал охин маань дотор муухай оргиод байна гээд бөөлжөөд байсан. Маргааш нь буюу 6 дугаар сарын 01-ний өдөр охиноо толгойн томографын зураг авхуултал толгой ясны цууралт, хугаралтай гэж гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/ гэрч Б.Цэрэннадмидын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 31- ний өдөр … 5 дугаар сургуулийн баруун талын замаар нөхөр, түүний охин дүү, хадам эгч, хашаа зарж байгаа өвгөн, өөрийн хүүхэд, дүүгийн хүүхдийн хамт нөхөр Зын эзэмшлийн “SМ5” маркийн 41-55 УНИ улсын дугаартай автомашинтай явж байсан. Би урд талын суудалд суугаад баруунаас зүүн тийш явж байсан. Гэнэт машины урдуур нэг хүүхэд урдаасаа хойшоо чиглэлтэй гүйгээд гараад явсан. Тэгээд нөхөр гэнэт тоормозлосон. Машин тоормозлоход би хүүхдээ тэвэрсэн. Мөргүүлсэн хүүхэд унаж байхыг хараагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 73х/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ¹7440 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83х/ 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн техникийн шинжээчийн: “1.“SМ5” маркийн 41-55 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.З нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн: 13.1-д заасан... “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар байвал зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Хэргийн материалд авагдсан баримтаар “SМ5” маркийн 41-55 УНИ улсын дугаартай автомашин нь тоормосны 1.1 м, 1.2м мөртэй байх тул жолооч Б.З нь осол гарах үед автомашиныг зогсоох арга хэмжээ авсан байна. 3. Хэргийн материалд авагдсан “SМ5” маркийн 41-55 УНИ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. 4. Явган зорчигч А.Биндэръяа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 97х/ Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Б.Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Зт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан тэнсэнгийн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгон шийдвэрлэв. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.Заас нийт 2.600.000 төгрөг авсан гомдол саналгүй” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудыг /хх-ийн 71-72х/ үндэслэн одоогийн байдлаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлын үнийн дүнг төлсөн гэж үзэв. Шүүгдэгч Б.Зт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тоолуулж, хяналт тавиулахаар түүний хавтас хэрэгт авагдсан жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Цорс овогт Б.Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Зт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Зыг тэнсэнгийн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай. 3. Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гүндэгмаад эмчилгээний зардалд 2.600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Б.Зт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар, түүний ¹1014701 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ