| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0343/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/347 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/347
2020 11 06 2020/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Нямаагийн Батзаяад холбогдох эрүүгийн 2021003990204 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бумбатын 4-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тус шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2004 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөн,
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэссэн суллагдаж байсан, Барга овогт Нямаагийн Батзаяа. /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 9б-1 тоотод оршин суух Б.Хуягбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч гэрийн хөргөгчнөөс мах, цагаан идээ зэргийг авч уутанд хийж улмаар н.Сэржмядагийн гар цүнхийг уудалж эд зүйл хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг гаргахгүй...” гэх мэдүүлэг.
Гэрч Ц.Писихуарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сарын 01-ний орой 17 цагийн орчим ... хүү Хуягбаатарын гэр рүү орох гэтэл цоож нь эвдэрсэн байсан ба хаалга нь хаалттай байсан. Ингээд манай хүү Ганбаатар хаалгыг нь нээхэд Хуягбаатарын гэрт танихгүй 30-40 орчим насны эрэгтэй хүн манай бэр Сэржмядагийн хар өнгийн цүнхийг уудлаад сууж байсан. Улмаар нь би тухайн хүнээс айлын хүмүүс яасан бэ чи юун хүн бэ гэж асуухад тэр одоо ирж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн гарах гэхэд нь хүү бид 2 тэр хүнийг гаргаагүй. Мөн тэр хүн манай хүүгийн хөргөгчнөөс мах гаргаад шургуулга савыг нь уудалсан байдалтай байсан... тухайн хүн хөргөгчнөөс нь 2-3 ширхэг 50-ийн ууттай үхрийн мах гаргаж тавьсан байсныг харахад аваад гарах гэж байсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/
Хохирогч Б.Хуягбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр... манай ээж над руу утсаар залгаж танай гэрт танихгүй хүн ороод цүнх савыг чинь ухаад байж байна хурдан хүрээд ир гэхэд нь би үйлчилгээний төвөөс такси бариад гэртээ ирэхэд хөргөгчнөөс мах болон цагаан идээ зэрэг зүйлсийг гаргаж шалан дээр тавьсан байсан... манай гэрийн хөргөгчинд байсан 15 кг үхрийн мах, ааруул 2 кг орчим зэргийг авч явахад бэлэн болгоод тавьсан байсан... манай гэрт ороод цүнх ухаад сууж байсан хүн гэрийн баруун хойд талд байрлах манай эхнэрийн хэрэглэдэг гоо сайхны ширээний өмнө талд цүнхийг нь ухаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллаганад өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хороололд явж байхад тус хорооны 9 дүгээр эгнээнд байрлах 2 монгол гэртэй баруун хэсгээрээ хашаа нь онгорхой айл байсан. Ингээд би тухайн хашаа руу ороод уг айлын хөргөгчийг нээхэд ууттай мах байхад нь гаргаж газарт тавиад гэрийн баруун хэсэгт байсан цүнхийг уудлаад байж байтал гэрийн эзэд нь хүрээд ирсэн. Тэгээд тэр хүмүүс цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 дугаар хуудас/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 9б-1 тоотод оршин суух Б.Хуягбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч гэрийн хөргөгчнөөс мах, цагаан идээ зэргийг авч уутанд хийж улмаар Н.Сэржмядагийн гар цүнхийг уудалж эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Хуягбаатар, гэрч Ц.Писихуар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэжээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхээр нууц далд аргаар хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хулгай хийхээр шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч уг үйлдлийг хохирогчийн ар гэрийн хүмүүс таслан зогсоож цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *******г хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Хуягбаатар нь “шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хариултандаа шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэж хариулсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандаж, хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч *******д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих оногдуулсан бөгөөд уг хорих ялаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллажээ.
Гэвч шүүгдэгч нь тэнсэн сулласан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдэхийг завдсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Иймээс *******д оногдуулсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ЖН83031617 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барга овогт Нямаагийн Батзаяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Нямаагийн Батзаяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон /35/ гучин тав хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ЖН83031617 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА