| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00680/И |
| Дугаар | 710 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 710
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 7.946.197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие х газарт, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад, тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00791 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон нь эцэслэн шийдэгдсэн боловч боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд минь томилоогүй. Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дээд шүүхийн тогтоолоо гардаж аваад 8 дугаар сарын 09-ний өдөр Д.Ц дарга болон Ц.Д нартай ажил дээр очиж уулзахад “Шүүх хурал болсныг мэдээгүй, шүүхийн тотоол гардаж аваагүй тул ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна, авч танилцаад хариу мэдэгдье” гэсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.Ц даргатай мөн очиж уулзсан. “Манайд чамайг шууд ажилд томилох орон тоо байхгүй бид яам, болон холбогдох газарт мэдэгдэж орон тоог нэмэх боломж юу байна судалж байгаад дуудна, би ээлжийн амралттай байгаа” гэсэн. Би даргатай уулзах бүрдээ яг одооноос ажилдаа орж ажлаа хийхэд бэлэн байгаагаа, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч болсноо, хурдан ажилдаа ороод байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж хамтран ажиллахаа, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авна гэдгээ хэлдэг байсан. Дараагаар нь би хэд хэдэн удаа Ц.Д даргатай уулзахад “Дарга ээлжийн амралттай байгаа 9 сар гаргаад ажилдаа орно, одоогоор чиний талаар ямар нэгэн тушаал шийдвэр гарга гэж хэлээгүй” гэв. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө очиход Д.Ц дарга ажилдаа орсон байсан бөгөөд намайг ажилд томилох талаар ямар нэгэн шийдтэй хариу хэлээгүй. Маргааш нь мөн очиход х мэргэжилтнээр түр томилох тушаалын төсөл танилцуулахад нь “Би энэ түр тушаалаар ажилд орохгүй” гэдгээ хэлэхэд “Манай хүмүүс судалж байгаа” гэсэн. Д.Ц дарга намайг ажилд оруулах боломж, гарц судалж байна гэж хэлээд өдөр хоног өнгөрөөгөөд байгаа нь би яг хэзээ ажилдаа орох, цаашид дахиад хэдэн өдөр, сараар ийм байдалтай ажлаа хийхгүй, цалин мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй явах нь надад тодорхойгүй байгаа тул ажлаас халагдсанаас өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 сар 17 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 7.946.197 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч х газрын дарга Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд О.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дараахь тайлбарыг хүргүүлж байна.
1. О.Г нь х газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй. Аймгийн х-т ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2 хэлтэс татан буугдаж, газар болон нэгдэх үед ажлаас чөлөөлөгдсөн байсан.
2. х газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар манай газрын бүтэц орон тоог нэрчлэн баталж өгсөн ба энэ бүтцэд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр байхгүй, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн орон тоо 1 ширхэг байсан ба энэ албан тушаалд нийгмийн халамжийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Я үлдэж одоо хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно.
М.Я-г сонгож үлдээсэн шалтгаан нь:
1. Хоёр хэлтсийн хөрөнгө нэгтгэх тооллого хийх явцад х-т ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Г-тай холбоотой санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн.
2. М.Я нь төрийн байгууллагад 20 гаруй жил нягтлан бодогчоор ажилласан ажлын дадлага, туршлагатай мэдлэг ур чадвар сайтайгаас гадна удаа дараагийн санхүүгийн шалгалтаар зөрчил дутагдал гаргаж байгаагүйг нь судалж тогтоосны үндсэн дээр сонгогдсон.
3. Төрийн байгууллага нь тусгайлан батлагдсан орон тооны бүтэц, цалингийн сангийн хязгаарт багтаан үйл ажиллагаа явуулж төсвийн хуульд захирагдан ажилладаг. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус байгууллагын батлагдсан бүтэц, орон тоонд байхгүй ерөнхий нягтлан бодогчийн ажилд О.Г-г эгүүлэн тогтоосон нь биелүүлэх эрх зүйн үндэслэлгүй, төсвийн байгууллагаас хууль зөрчих нөхцөл болж бүрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд О.Г-д уг цалинг олгох эх үүсвэр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тайлбар хүргүүллээ. О.Г-г эхний 2 шатны шүүхийн шийдвэрээр х ажлын байранд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан. Байгууллагын бүтэц, орон тоо цалингийн сангийн боломжид түшиглэн х ажлын байранд томилохоор удаа дараа санал хэлсэн боловч өөрөө зөвшөөрөөгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч х газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7.946.197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Г-г Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 тоот шийдвэрээр х ажилд эгүүлэн тогтоосон ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 791 тоот тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж О.Г-г х газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ.
Нэхэмжлэгч О.Г нь ажилд томилогдоогүй байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 сар, 17 хоногийн цалин нийт 7.946.197 төгрөгийг хариуцагч х-аас гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч О.Г-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 142.089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х-ээс 142.089 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгох нь зүйтэй.
Хариуцагч Д.Ц-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч О.Г болон түүний өмгөөлөгч Б.Л нар нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч х газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.946.197 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч О.Г-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 142.089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 142.089 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР