Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 711

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Б-ын Г-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Б-ийн Б-д холбогдох,

      Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь х өдөр Б.Б-тэй гэр бүл болсон. Бид 2 хүүтэй бөгөөд том хүү маань 7 дугаар анги, бага хүү 3 дугаар ангид тус тус суралцаж байна. Бид 2011 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Эхэн үедээ хоорондоо харилцаа холбоотой байдаг байсан боловч сүүлдээ харилцаа холбоо тасарсаар хөндий болсон бөгөөд одоо бид гэр бүлийн ямар нэгэн харилцаагүй байгаа болно. Бидний тусдаа амьдрах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй. Нэгэнт тусдаа амьдраад 6 жил болсон, цаашдаа хамт амьдрахгүй гэж шийдвэрлэсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хоёр хүүхдээ эх Б.Б-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна, бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан байхгүй болно” гэжээ.

    Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2011 онд х-ээс шилжиж ирснээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Том хүү Г.Н Цогцолбор 1 дүгээр сургуульд суралцдаг бөгөөд 7 дугаар анги, хүү Г.М 3 дугаар ангид сурч байна. Хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад 6 жил болсон бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргах маргаан байхгүй болно” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

     Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Иргэн Б.Г, Б.Б нар х өдөр гэр бүл болж, х өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас х хүү Г.Н, х өдөр хүү Г.М нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

     Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

    Зохигчдын тайлбар, хүүхдүүдийн саналыг харгалзан хүү Г.Н, Г.М нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Б нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгох нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч Б.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Б.Г миний бие 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд албан ажлын улмаас оролцох боломжгүй болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулна уу” гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б-ын Г, Б-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн х өдөр хүү Г.Н, х өдөр хүү Г.М нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

       3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

      4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.БОЛОР