Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 09

 

     О, Н нарт холбогдох

    эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0009/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Т.Баярмаа,  

Шүүгдэгч О, Н тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулгын даргалж, шүүгч Л.Батжаргал, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О, Н нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 1839005090240 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1981 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко Могул” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 74б байрны 69 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт М-н О,

Улаанбаатар хотод 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Төмөр инверс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, 19 дүгээр гудамж 679 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөгдсөн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт И-н Н /РД: УК88042916/ нар нь  бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Заан ширээгийн өвөр” гэх газар оршин суух Г-н гэрт Ц-д тусгайлан бэлтгэсэн хайч, мяндсан уяа, хар реминэн уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн О-н өмчлөлийн “Ногоон дарь эх” шармал өнгийн бурхныг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О, Н нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б М-н О, Б овогт И-н Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-г 03 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Н-г 03 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, Н нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хайч 1 ширхэг, 30 см урттай тасархай кабел 1 ширхэг, цагаан өнгөтэй сүлжмэл мяндсан уяа 1 ширхэг, хар өнгийн уяа 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, энэ хэрэгт ......... улсын дугаартай “Волксваген Тоурэг” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “ХААН” банканд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О давж заалдах гомдолдоо: Миний бие үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн охинд маань биеийн эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалаад байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байна. Гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх, хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Н давж заалдах гомдолдоо: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн миний эрүү идээлсэн бөгөөд аймагт эмчлэх боломжгүй Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орох шаардлагатай байна. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд дүгнэлт гаргасан шинжээч нарт эрх үүрэг танилцуулаагүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Шинжээч томилсон тогтоолыг тухайн газар руу явуулж гаргасан. Гарын үсэг зурагдсан бол эрх үүрэгтэйгээ танилцсан, зураагүй бол танилцаагүй гэсэн үг биш юм. Автомашины үнэлгээний хувьд бурханы үнэлгээг хийлгэсэн байгууллагаар гаргуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын шатанд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж ярьж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Мөн яллах дүгнэлт дээр “бүлэглэн” гэдгийг зааж өгсөн учраас Эрүүгийн хуулийн зүйл заалтыг дурдаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч нар нь нийгэмд аюултай аргаар бусдад хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд 3 жилийн ял оногдуулсан нь шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдэгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруугийн байдлыг тогтоох боломжгүй юм. Учир нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна үзэж байна. Хавтаст хэргийн 11 талд авагдсан 5-н хурууны хээ, хар уяа, мяндсан уяа, хайч гэсэн дөрвөн баримтыг хэргийн газраас авч хайч, 2 уяагаа шүүхийн шатанд шинжилгээнд явуулаад дүгнэлт гаргуулсан байдаг. Гэтэл 5 ширхэг хурууны хээ хавтаст хэрэгт байхгүй, шинжээчийн өгсөн баримтад байхгүй алга болсон. Хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримт алга болсон байхад анхаарч үзээгүй орхигдуулсан. Мөн бурхан болон машин ямар үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. Энэ тогтоол нь хавтаст хэргийн 88-89 дүгээр талд байх бөгөөд нэг шинжээч буюу Цэрэндэжидийг томилж, хууль сануулаад гарын үсэг зуруулсан байдаг. Гэтэл хавтаст хэргийн 91 дүгээр талд байх дүгнэлтэд Цэрэндэжид, Боргилбаатар гэсэн хоёр шинжээч гарыг үсэг зурж баталгаажуулсан байдаг. Шинжээч Боргилбаатарт хууль сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн агуулгыг харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг харах шаардлага гарч байна. Тус хуулиар тухайн шинжилж байгаа эд зүйлийнхээ шинж чанар, ямар баримт мэдээлэл, ямар хуулийн ямар зүйл заалтыг баримталж үнэлгээ гаргаж байгааг заавал тусгаж өгөхөөр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тухайн эд зүйлд дүгнэлт гаргахдаа шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх шаардлагатай талаар заасан байдаг. Шинжээч бурхны үнэлгээг гаргахдаа ямар баримтыг үндэслэж гаргаснаа бичсэн хэдий ч машины үнэлгээг гаргахдаа ямар баримт, мэдээллийг үндэслэж үнэлгээ гаргасан гэдгээ бичээгүй, 25000000 төгрөгийг ямар баримт, мэдээллийг үндэслэж гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн энэ хэрэгт ХААН банкыг иргэний нэхэмжлэгчээр татсан байдаг. Гэтэл хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр прокурорын шатанд ирсэн байх бөгөөд прокурорын шатанд мөрдөн байцаагчаар ажиллагаа хийлгэсэн байдаг. Хэрэв прокурор мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах ёстой байсан. Иймд энэ ажиллагаа нь нотлох чадвараа алдсан байна гэж үзэж байна. Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт О, Н нарыг бүлэглэн гэмт хэр  эг үйлдсэн гэж үзсэн. Хэрэв бүлэглэн гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дахь хэсэгт зааснаар журамлах ёстой байтал зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг бичих ёстой байсан. Иймд прокурорын яллах дүгнэлтийг хууль ёсны болоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Мөнхтулга, Батжаргал, Санжидмаа нар оролцсон бөгөөд бүрэлдэхүүн өөрчлөн томилсон захирамжийг харахад өөр хэргийн бүрэлдэхүүнд томилогдсон байдаг. Гэтэл тус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн хавтаст хэргийн 13, 14 дүгээр талд тов мэдэгдсэн баримт байна. Шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг 3 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл тус баримтад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 00 минутад буюу нэг цаг минутад 2 хүнд нэгэн зэрэг шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр бичсэн байна. Иймд тус шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байдаг. Мөн шүүгдэгч О, Н нарын эрүүл мэндийн байдал, гэр бүлийн гишүүдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О, Н нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О, Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Заан ширээтийн өвөр” гэх газарт нутаглаж байсан Г-н гэрт байсан Ц гэгчид хүч хэрэглэн, О-н өмчлөлийн шармал ”Ногоон дарь эх” бурхныг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нүүрэндээ цагаан өнгийн масктай хоёр залуу гарыг минь мушгиад толгойг доош нь тонгойлгон, өвдгөөрөө толгойг дарж, 2 гарыг минь ард хүлсэн. Нэг залуу нь гүнгэрваатай бурхныг аваад орон дээр тавьж байхад нэг нь “үхсэнээ хараад байгаа юм” гээд толгойн ар руу 2-3 удаа цохисон. Тэр 2 машинтайгаа хөдлөөд аргалын цаагуур орж явсан. Хөлийнхөө уяаг тайлж, гараа мултлаад утсаар ярих гэтэл антеныг нь тас хайчилсан байсан. Тэгээд Очирбат ах руу “дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. О өмнө нь сонсож л байсан. Би уулзаж, мөнгө төгрөг зээлж байгаагүй. Миний дээрээс дарсан залуу нь Н нь байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-48 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Алдагдсан бурхны хувьд 5 дахь үедээ явж байгаа өвлөгдөж ирсэн бурхан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 хуудас/,

Гэрч Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Гэрт нь ороход авдрын таг нь онгорхой, гэрийн хойд орон дээр нь бурхны шилэн гүнгэрваа нь онгорхой байсан. Цолмонбатын гарын 2 шуу нь улайж, зулгарсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 хуудас/,

Шинжээчийн 457, 116 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Хэнтий аймгийн Прокурорын газраас О, Н нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн хайч, уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Ц-с бурхныг хүч хэрэглэн авсан гэж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т хэсгээр зүйлчлэн ирүүлснийг эдгээр зүйлсийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн, О, Н нарыг бүлэглэн Ц-д хүч хэрэглэн, бурхныг дээрэмдсэн гэж үзэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд нь тохирсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай санал гаргасныг хянаж үзвэл:

Хавтаст хэрэгт гарын мөр /5/ бэхжүүлж авсныг заавал шинжилгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, өөр хүн хэргийн газарт байгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч шинжилгээний байгууллагыг томилох эрхийн дагуу хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийг томилж, тогтоолыг төлөөлөл болгож Б.Цэрэндэжидэд өгснөөр Б.Цэрэндэжид, Б.Боргилбаатар нар нь шинжээчийн дүгнэлт гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрх үүрэгтэй танилцсан, ойлгосон талаар шинжээчийн дүгнэлтдээ тусгаж гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хэргийн материалыг прокурорт шилжүүлснээс хойш ХААН банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан хэдий ч энэ нь шүүхийн шийтгэх тогтоол гарахад нөлөөлөхөөргүй гэж үзлээ.

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 314 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар О, Н нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.Мөнхтулгыг томилж урьдчилсан хэлэлцүүлэг хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, дээд шатны ерөнхий шүүгчид шүүгч Л.Батжаргал, Х.Санжидмаа нарыг энэ хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилсон нь хууль ёсны болжээ. Хавтаст хэргийн 9 дүгээр талд байх Ө-н хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилсон захирамж нь энэ хэрэгт хамааралгүй юм. /1-р хх-ийн 226-248 хуудас/,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол гарснаас хойш тус бүр 61 хоног цагдан хоригджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн О, Н нарын эрүүл мэндийн дэвтэр, картад тэдний биеийн эрүүл мэндийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүгдэгч О, Н нарын бүлэглэж бусдад хүч хэрэглэн, эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдсон, оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байх тул шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О, Н нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, Н нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш тус бүр 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ