Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0479

 

2014 оны 12 сарын 11 өдөр                    Дугаар 479                                        Улаанбаатар хот

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор “Р" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс гүйцэтгэх захирал Д.Чинцогтыг өвчтэй байх хугацаанд /2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл/ хайгуулын 12663Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч тусгай зөвшөөрөл сунгах асуудлаар сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөвшөөрөл байхгүй гэх үндэслэлээр хүлээн авч шийдвэрлээгүй...

Бид нэхэмжлэл гаргах хугацааг хуулийн дагуу сэргээлгэсэн. Анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 365 дугаартай магадлалаар ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан... Шүүх тухайн магадлалд заасныг нотлохоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан ба энэ хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг зарлан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 04 дүгээр сараас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа өргөдөл гаргасан ба 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4/2346 тоот тодорхойлолтыг ирүүлсэн. Энэ нь магадлалын хянах хэсгийн 1-3 дахь заалтуудад заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, хүсэлт гаргасан боловч 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/407 тоотоор буцаасан. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ...хууль зөрчсөн, хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан... гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлээгүй талаараа нэхэмжлэлдээ дурдсан ба хуульд заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй байна. Тус компани нь тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан... “Р” ХХК- ийн нэхэмжлэлд 12663Х тоот тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, сунгуулаагүй шалтгаанаа гүйцэтгэх захирал Д.Ч-ын өвчтэй байсан үе буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дурдсан ба өмнө нь энэ талаар Ашигт малтмалын газарт хандаж, гомдол гаргаж байгаагүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан ‘Р” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, ашигт малтмалын хайгуулын 12663Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж хуульчилсан ба энэ хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй байтал хүндэтгэн үзэх шалтгаан гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. “Р’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ч-ыг өвчний улмаас 12663Х тоот тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж

 

дүгнэсэн. Д.Ч нь тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг гаргах хуульд заасан хугацаанд буюу 2009 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 13 хоногийн хугацаанд Монгол Улсад байсан нь тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсныг шүүх үнэлж үзэлгүй, дүгнэлт хийсэн. Мөн “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ч-ыг өвчтэй байсны улмаас сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар Ашигт малтмалын газарт бичгээр болон амаар хүсэлт гаргаж байгаагүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд “Р” ХХК-д хамгийн анх ашигт малтмалын хайгуулын 12203Х тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон байх бөгөөд Кадастрын бүртгэлийн тасгийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 2049 тоот шийдвэрээр 12663Х дугаартайгаар нөхөн олгожээ. Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа нь анх олгосон хугацаанаас тооцож үзэхэд 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байна

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байна.

Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргахад хүлээн аваагүй” гэж, хариуцагч “хугацаа сунгуулах өргөдлөө ирүүлээгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

Энэ талаар талуудын хооронд маргаан үүссэн байх бөгөөд “Р” ХХК-аас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу шүүх 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж” 1065 дугаар захирамжийг гаргажээ. Улмаар “Р” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Ингэснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч “Р” ХХК-ийн захирал З.Жаргалсайханаас “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г БНХАУлс руу ажлаар явсан учраас шүүх хуралд нэхэмжлэлээ дэмжиж оролцох боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах хүсэлтээ гаргасан байна.

Иймд, шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 838 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, захирамжийн хувийг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талд гардуулсан бөгөөд тухайн захирамжид нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй, 838 дугаар шүүгчийн захирамж нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийн “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэсэн заалт хамаарна

Өөрөөр хэлбэл, захирамжид гомдол гаргах хугацаа 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусах хүртэл /нэхэмжлэгч талд ашигтай, хамгийн сүүлийн хугацаа буюу захирамжийг гардан авсан 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл/ хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн гэж үзэх үндэстэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан шалтгаан арилсан тул 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход нэхэмжлэгч нь 1 жил 14 хоногийн дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. “Р” ХХК нь “компанийн зүгээс 2013 оны 04 дүгээр сараас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа өргөдөл гаргасан ба 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4/2346 тоот тодорхойлолт гарган өгсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсгийн 1-3 дахь заалтуудад заасан нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой байдлаар нэхэмжлэгчид ирүүлсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдал" гэж үзээд шүүхийн шийдвэрийг хянуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргажээ.

Тус шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/407 тоот албан бичгээр “хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, уг хэргийн хувьд нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож

шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж байгаа учраас уг захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлгүй” гэж хариу өгсөн байна.

Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүсээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсгийг баримтлан “Р” ХХК-ийн “12663Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.