Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

шүүгдэгч Н.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямын Мягмардоржид холбогдох 201619000147 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Чойбалсан хот 4 дүгээр баг Зангиатын 13-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шангалгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямын Мягмардорж, РД:ЖЗ81122913

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 Шүүгдэгч Н.Мягмардорж нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худаг гэх газар Дүнжингарав морин уралдааны үеэр 00-03 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Билэгдэмбэрэлийн сийлбэртэй халтар манан хөөрөг, Vertu маркийн гар утас Apple маркийн I Pad Mon Blanc брендийн үзэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 23.484.892 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мягмардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Билэгдэмбэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар Дүнжингарав нэртэй хурдан морины үеэр өөрийн эзэмшлийн хар саарал өнгийн 00-03 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотроос тухайн өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд хар өнгийн цүнхтэй эд зүйлүүд алдагдсан хар өнгийн Цүнх дотор хар өнгийн түрийвч 1 ширхэг, түрийвчин дотор Банзрагч овогт Билэгдэмбэрэл гэсэн нэртэй иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны виза, мастер картууд болон бусад бичиг баримтууд гадаад паспорт 1 ширхэг Vertu маркийн алтаар хийсэн шаргал өнгийн гар утас, хар саарал гэртэй mini I pad 1 ширхэг сийлбэртэй халтар манан хөөрөг 1 ширхэг, түрийвчин дотор шар өнгийн метал Monblanc брендийн үзэг 1 ширхэг, улаан өнгийн эрх, арцны уут, цагаан өнгийн чихэвч, адууны тариа Ketopen зэрэг эд зүйлүүд алдагдсан. Тухайн үед машинд хүн үлдээгүй байсан. Би машиныхаа хаалгыг онхорхой орхисон байсан. Би машиныхаа ойр орчмоор л байсан. Сийлбэртэй халтар манан хөөргөө 10.000.000 төгрөгөөр Vertu маркийн гар утсаа 28 мянган доллар, I pad 500 доллар Monblanc үзгээ 1000 доллар зэргээр тус тус үнэлж байна. Би алдагдсан эд зүйлүүдээс I pad-аас бусад эд зүйлүүдээс бүрэн хүлээж авсан. Одоо би 500 долларын үнэ бүхий I pad-аа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл: Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газрын морь уралддаг газрын морь барианы орчим очиж асфальтан замаас ертөнцийн зүгээр хойд зүгт овоот уулын энгэр хэсэгт очиж тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл авсан газар буюу хулгайн гэмт хэрэгт өртсөн 00-03 УБЦ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байсан газрыг сэжигтэн Н.Мягмардорж өөрөө зааж гэрэл зургаар бэхжүүлэв. Сэжигтэн Н.Мягмардорж нь тээврийн хэрэгсэл дотроос авсан хар өнгийн цүнхийг хаана хаясанаа тодорхой мэдэхгүй байсан бөгөөд тээврийн хэрэгслээс доош уруудан үзлэг самналт хийхэд асфальтан замаас хойш зүгт морь барианы газар руу салсан шороон замын зүүн захад цасанд тал хэсэг нь дарагдаж далдагдсан байдалтай хар өнгийн зүйл байсныг цаснаас ховхлон гаргаж ирэхэд хар өнгийн цүнх байсан. Цүнхийг Н.Мягмардоржоор таниулахад миний хулгай хийж авсан цүнх мөн байна гэж хэлсэн. Цүнхийг онгойлгон үзлэг хийхэд голын том халаасанд хар өнгийн цахилгаантай хэтэвч, улаан ууттай хамрын тамхи, хөх өнгийн савтай зүйл, цагаан өнгийн үзэг, цүнхний жижиг халаасанд улаан өнгийн Билэгдэмбэрэл гэсэн нэртэй гадаад паспорт, цагаан өнгийн дэвтэр, ном, нэрийн хуудас, картууд зэрэг байсныг тэмдэглэлд тусгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн... гэх тэмдэглэл /хх-11 дүгээр хуудас/

 

Гэрч Л.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мягмардорж, Эрдэнэбат, Нямбаяр нарын хамт 49-50 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газар Дүнжингарав морин уралдаан үзэх гээд Улаанбаатар хотоос өглөө 09 цагаас гарцгаасан. Хотоос гарахад Мягмардорж, Эрдэнэбаатар хоёр шартаж үхлээ гээд надаар 1 шил архи авахуулж замдаа уусан. Тэгээд Хүй долоон худагт очиход Нямбаяр найз нь морь уядаг Ланд-200 маркийн машинтай залуутай уулзаад машинд нь суугаад хоорондоо юм яриад байсан. Тэгээд бид 4 морио үзэж байгаад орой болгоод машиндаа суугаад явах гээд Эрдэнэбатыг хүлээгээд сууж байсан юм. Тэгтэл Мягмардорж машинаас гэнэт буугаад явчихсан, тэгээд Нямбаяр бид хоёр машин дотроо Эрдэнэбат, Мягмардорж нарыг хүлээгээд суусан. 30 минутын дараа Мягмардорж машинд орж ирээд машины хаалга чанга хааснаа би бол авдаг л байхгүй юу гээд куртекнийхээ дотроос цагаан өнгийн I pad гаргаж ирээд би үүнийг зараад гэдэснийхээ боолтыг солиулна гэж хэлсэн. Тэгээд бид нар Эрдэнэбатыг машиндаа суугаад Улаанбаатар хот руу явж Мягмардорж, Эрдэнэбат нарыг  7 буудлын замд буулгаад би 100-айл дээр буусан. Тэгээд маргааш би Мягмардорж надтай уулзмаар байна гээд байхаар нь 100-айлын барилгын материалын дэлгүүрийн хажууд уулзтал Мягмардорж нь "энэ хөөргийг хадгалж байгаач" гээд жижиг улаан өнгийн толгойтой ногоон өнгийн байшингийн сийлбэртэй хөөрөг өгсөн. Тэгэхээр нь би тэр хөөргийг аваад гэртээ хадгалаад байж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээгээр: Сийлбэртэй халтар манан хөөрөг 7.100.000 төгрөг, Vertu маркийн гар утас 14.586.142 төгрөг, Apple маркийн I pad 831.250 төгрөг, үзгэн бал 967.500 төгрөг нийт 23.484.892 төгрөг гэх үнэлгээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мягмардорж нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худаг гэх газар Дүнжингарав морин уралдааны үеэр 00-03 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Билэгдэмбэрэлийн сийлбэртэй халтар манан хөөрөг, Vertu маркийн гар утас Apple маркийн I Pad Mon Blanc брендийн үзэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 23.484.892 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Билэгдэмбэрэлийн мэдүүлэг, гэрч С.Эрдэнэбат, Л.Эрдэнэбулган, Ё.Нямбаяр нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, Н.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Билэгдэмбэрэлийн хохирол төлбөрөө барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл гэх баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Н.Мягмардоржид оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Мягмардоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

          

Шүүгдэгч Н.Мягмардорж нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Мягмардорж нь 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямын Мягмардоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мягмардоржид эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Н.Мягмардоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мягмардоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мягмардоржид хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Н.Мягмардоржид тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

  7. Шүүгдэгч Н.Мягмардорж нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Мягмардорж нь 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Мягмардоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ