Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1215

 

 

 

 

 

 

 

 

 

 “Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00735 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нархан” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Амарсайханд холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал, нийт 2 098 085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Амарсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Бямбасүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ариунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Ганди гудамжинд байрлах Нархан хотхоны оршин суугч Ц.Амарсайхан нь 2012 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 897 350 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1 897 350 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардал 10 000 төгрөг, өмгөөллийн хөлс 190 735 төгрөг нийт 2 098 085 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Ганди хотхоны 51 дүгээр байрны 5 тоотод 2005 оноос хойш амьдарсан. Энэ хугацаанд орон сууцны бүх зардал, СӨХ-ны төлбөр зэргийг цаг тухайд нь төлж ирсэн. 2012 оны 09 дүгээр сард миний эзэмшлийн 75 тоот дулаан зогсоолын ард байрлах бохирын шугамны таглааг онгойлгосноос болоод дулаан зогсоол руу бохирын шугамын ялгадас ил гарч, урсан машины зогсоолыг ашиглах боломжгүй болсон. Энэ байдлыг тухайн үед “Нархан” СӨХ болон хамгаалалтын алба, СӨХ-ны ажилчдад мөн сантехник хариуцсан ажилтанд удаа дараа мэдэгдэж, дулаан зогсоолд асгарсан бохирдлыг цэвэрлэх, бохирыг шугамын таглааг онгойлгохгүй байх талаар санал гомдол олон удаа амаар болон бичгээр гаргаж байсан. Мөн СӨХ оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлээгүй тохиолдолд СӨХ-ны төлбөрийг төлөхгүй талаар мэдэгдэж байсан. СӨХ нь өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч хариуцагчаас СӨХ-ны төлбөр нэхдэггүй байсан боловч тухайн бохирыг зогсоолд асгасантай холбоотойгоор засч залруулах, ариутгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй”, “Нархан” СӨХ-ны дүрмийн 1.2-т “Холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, сууц өмчлөгчдийн амьдрах тав тухтай нөхцлийг хангахад оршино”, 1.3-т “Харьяалсан орон сууцны байшингуудын дундын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах, тэдгээрийн найдвартай байдлыг хангана” гэж тус тус заасан ба энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагчийн болон хариуцагчийн гэр бүлийн эрх ноцтой зөрчигдсөн байхад үндэслэлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд байрлах хүүхэд хөгшдийн тоглодог, салхилдаг байсан саравчтай байшинг “Нархан” СӨХ-ны байр болгон орсноос шалтгаалан нийт оршин суугчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж ирсэн. Хариуцагчийн хувьд халаалт, ус, цахилгаан, холбооны зардлыг тухай бүрт нь төлж байсан. Одоо ч төлж байгаа. Харин “Нархан” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хйих үүргээ гүйцэтгээгүй атлаа их хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн нотариатын зардлын баримт хэрэгт авагдаагүй, өмгөөллийн хөлсийг эрх ашгаа хамгаалах гэж “Нархан” СӨХ өөрөө авч байгаа учраас түүнийг хариуцагч төлөх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус зааснаар хариуцагч Ц.Амарсайханаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 1 259 250 төгрөг гаргуулан “Нархан” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 838 835 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 772 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нархан” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Амарсайхан давж заалдах гомдолдоо “...”Нархан” СӨХ-ны 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолын 6-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 30 150 төгрөгөөр, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16/01 тоот тогтоолын 3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 33 150 төгрөг” гэж тус тус тогтоосон тухай баримтыг нэхэмжлэгч шүүх хурлын өмнө гаргаж өгсөн. “Нархан” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 897 350 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагад гараашийн төлбөр гаргуулах талаар дурдаагүй. Гэтэл шүүх шийдвэртээ 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл 17 сарын хугацааны гараашийн төлбөрт сар бүр 9 000 төгрөгөөр тооцон гаргаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс 2011 оны 04, 2011 оны 06 дугаар сард СӨХ-ны төлбөрт 8 410 төгрөгийг төлж байснаа баримтаар нотолсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолд СӨХ-ны төлбөрийг 30 150 төгрөг байхаар заасан атлаа 2011 оны 06 дугаар сард СӨХ-ны төлбөрт 8 410 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Эдгээр байдлаас харахад “Нархан” СӨХ нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй байгааг нотолж байгаагаас гадна “Нархан” СӨХ-ны 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16/01 дугаартай тогтоол нь тухайн үед батлагдаагүй, хэрэгжээгүй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь 2012 оны 09 дүгээр сараас хойш төлбөр гэж нэхэмжилсэн байх ба тодорхой хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардах нь 2012 оны 09 дүгээр сард үүсэж, үүнээс хойш 2015 оны 09 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон гэж үзэж тул энэ хугацааны төлбөрийг шаардах эрх зүйн үндэслэлгүй. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг 2014 оны 02 дугаар сараас өмнөх СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй байсан гэж дүгнэснийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “Нархан” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3, 5.8, “Нархан” СӨХ-ны дүрмийн 1.2, 1.3-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс оршин суугч миний болон гэр бүлийн эрх, ашиг ноцтойгоор зөрчигдсөн, энэхүү байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Нархан” СӨХ нь хариуцагч Ц.Амарсайханд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2012 оны 10 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг 30 150 төгрөгөөр, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг 51 150 төгрөгөөр тооцож 1 897 350 төгрөг, нотариатын зардалд 10 000 төгрөг, өмгөөллийн хөлс 190 735 төгрөг нийт 2 098 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, хуулийн 9.2 дахь хэсэгт “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Нархан” СӨХ 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 30 150 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15/01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 30 150 төгрөг байсныг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 33 150 төгрөг болгохоор, нэг айлаас авах 33 150 төгрөг дээр нэмж 1 гарааштай айлд 9000 төгрөг, 2 гарааштай айлд 18 000 төгрөг нэмж авахаар тус тус тогтоожээ. /хх 43, 44/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ 2012 оны 09 дүгээр сараас хойш биелүүлээгүй тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг”-тэй тул шүүх хариуцагч Ц.Амарсайханаас 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарын зардлыг тухайн үед мөрдөж байсан тарифаар, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тогтоосон хэмжээгээр тус тус тооцож, хариуцагчаас 1 259 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Амарсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН