| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0082/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/94 |
| Огноо | 2017-03-25 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Алтантүлхүүр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,
Хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Н.Алтантүлхүүр,
Иргэдийн төлөөлөгч: Л.А,
Хохирогч П.Б,
Гэрч Д.О, Э.Э, Д.Ц,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000000000000 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувьсгалчдын 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарайд овогт Э.Э /РД: .................................................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байрлах “*****” дэлгүүрийн орчим хохирогч П.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа П.Бийг зодож бие махбодид баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ хоолоо хийгээд байж байсан. Дүүгээ би дэлгүүр рүү сүүнд явуулсан. Б, О, Ц нар миний дүүг хашааны буланд шахаад зодож байна гэхээр нь би ээжтэйгээ хамт очсон. Би яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай гэж хэлээд О намайг заамдаж авсан. Би дүүгээ булангаас салгачихаад байж байхад О, Б хоёр дахиад алалцана гээд манай дүү рүү дайрсан. Бийг зодолдох гээд байхаар нь найз нь Бийг түлхээд хашаа руу оруулсан. Б хашаанаас гарч ирэхдээ чулуу барьчихсан гарч ирсэн. Намайг цохих гэхээр нь би түлхсэн. О хашааны хажууд байсан блок авч шидсэн. Би ээжтэйгээ хамт дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгээд би ээжийгээ түлхээд өөрөө шидсэн блокноос нь зугтсан. Би гэртээ хоёр жоохон хүүхэд орхисон байсан болохоор гэр рүүгээ яваад өгсөн. Хашааны буланд цагдаагийн машины гэрэлд зодолдож байсан нь харагдсан. Жалга руу ороод нилээн удаж байж гарч ирсэн” гэв.
Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой би О, Ц нарын хамт дэлгүүр орох гээд гарсан. Дэлгүүр рүү явж байхад А, О хоёр нэг нэгэнтэйгээ шүргэлцээд гарсан. О хэрэлдэж байгаад миний араас дэлгүүр рүү орж ирсэн. Би дэлгүүрийн эгчид гадаа байгаа хүмүүс бид нарыг янз бүрээр хэлээд, дээрэлхээд, зодох гээд байх шиг байна. Та нэг хэлээрэй гэхэд за гэж хэлээд гарч манай арын хашааны хүүхдүүд байгаа юм зүгээр яв гэж хэлсэн. Би хажуугаар нь гараад өнгөрөх гэхэд намайг барьж аваад ноцолдоод унагаах гээд байсан. Э бид хоёр зодолдоод явсан. О Атай зодолдсон харин Ц хүнтэй зодолдоогүй. Зодоон даамжираад ирэхээр нь би Оыг аваад явсан. Э араас гүйж гарч ирээд намайг цохисон. Би цохиулаад шууд унасан. Тэгээд хашаа руу орж хэсэг сууж байгаад нүүрээ дарж гарч ирээд гэр рүүгээ явах гэхэд Э урд зогсож байсан. Тэгээд намайг Э цохиж унагаасан. Би гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж байхдаа ухаан орж сэрсэн. Би 2 сар ажил хийхгүй, эмчилгээ хийлгэж гэртээ хэвтсэн. Би урьд нь эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 2.000.000 төгрөгийг нь өгсөн. Би үлдсэн 1.000.000 төгрөг дээр нь нэмж 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт би 2 сарын ажлын хөлс болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Гэрч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар ажилд гарахдаа найзуудынхаа гэр бүлтэй мах шарж идээд явдаг юм. Тэгээд 4 дүгээр сарын 30-ны өдөр би найз Б, Ц нартай гэр бүлээрээ уулзсан. Орой нь дэлгүүр рүү явахад дэлгүүрийн үүдэнд Э, А нартай таарч маргаан үүссэн. Дэлгүүр рүү орж авах юмаа авчихаад гараад ирэхэд Э нь Бийг шууд булан руу орж цохисон. Маргаан бол ингэж эхэлсэн. Маргаан болсон ч гэсэн дүүгээ аваад явчихгүй манай найзад гэмтэл учруулсанд харамсаж байна” гэв.
Гэрч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хашаанаас гарч ирээд дайрахад нь Э түлхсэн. Хохирогчийг Э түлхэхэд хохирогч унах шиг л болсон. Уянга байцаагч танай ах, чи, А та гурав гурвуулаа ял авах гэж байна. Танай ах яах ч үгүй зүгээр салчихна, чи ингээд мэдүүлэг өгчих гэхээр нь би ийм мэдүүлэг өгсөн. Манай ах хохирогчийг цохиогүй. Би Отай маргалдсан, хохирогчийг цохиж, зодоогүй. Би хохирогчийг цохиогүй түлхэлцээд л явж байсан. Бийн цээж рүү нь түлхсэн” гэв.
Гэрч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би цохиж байхыг нь хараагүй. Э бид хоёр Эыг хүнд зодуулж байна гэж дуулаад очиход хохирогч хашаанаас чулуу барьж гарч ирсэн. Уянга байцаагч намайг дарамт шахалтанд оруулж мэдүүлэг авсан. Маргаан болж байхад хэн нь хэнийг цохисон бэ гэдгийг хараагүй” гэв.
Хохирогч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр манай гэрт найз нар ирээд архи хувааж ууцгаасан. Уг архиа хувааж ууж дуусчихаад ахиж архи авахаар дэлгүүрийн урд иртэл танихгүй хоёр залуу зогсож байсан. Тухайн үед залуучуудын хажуугаар зөрж өнгөрөх үедээ хоорондоо бие биетэйгээ шүргэлцчихсэн юм. Үүнээс болоод бид нар хоорондоо бие биетэйгээ маргалдаад нэг нэгнийхээ өөдөөс түлхэлцээд тэгтэл нэг туранхай өндөр биетэй эрэгтэй нь газар уначихсан. Энэ үед цаанаас нэг намхан биетэй эрэгтэй ирээд над руу дайраад байхаар нь өөдөөс нь адилхан хэрэлдээд маргалдаад байж байтал тухайн залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би айлын хашаа руу орчихсон юм. Тэгээд би айлын хашаанаас гараад иртэл дахиж миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би газар ухаан алдаад уначихсан. Би хэн нэгнийг цохиж зодсон зүйл бол байхгүй ... эхлээд Эт цохиулаад айлын хашаа руу ороод хэсэг хугацааны дараа Э нь намайг шууд цохиод унагасан. Тэрнээс яг бүлэглэн хоёулаа цохисон зүйл байхгүй. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Эд цохиулаад газар савж унасаны улмаас дээрх гэмтлийг авсан … гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-5-6х, 139-140, 237х/,
Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... тухайн өдөр 3аан самбуу нэртэй дэлгүүрээс Э бид хоёр тамхи авчихаад үүдэнд зогсож байтал бид хоёрын хажуугаар танихгүй гурван эрэгтэй зөрж өнгөрсөн. Энэ үед нэг өндөр туранхай биетэй залуу бид хоёр бие биенээ санаандгүй мөрөлчихсөн юм. Тэгтэл тэр өндөр залуу надад хажуугаар чинь зөрж байхад хол зогсолдоо гэж хэлэхээр нь чи өөрөө замаа хараад яваач гэж хэлээд хоорондоо маргалдаад байж байтал … Б гээд байсан залуу нь Э ах руу уурлаад зодолдох гээд дайраад байсан. Тэгтэл Э түүнийг нэг удаа нүүрэнд нь гараараа цохитол дэлгүүрийн урд талын айлын онгорхой хашаа руу яваад орчихсон. Тэгээд айлын хашаанаас Б гэдэг залуу гарч ирээд Э ахыг цохих гээд дайртал ахиад Э ах түүнийг нэг удаа нүүрэнд нь цохисон. Энэ үед тухайн залуу газар маш хүчтэй саваад уначихсан. Би биентэйгээ шүргэлцээд хоорондоо маргалдаад л зогсож байсан. Нэг нэгнийгээ цохиогүй ... гэх мэдүүлэг /1хх-20-21, 137-138х/,
Насанд хүрээгүй гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…цаг хэд болж байсныг санахгүй байна гэрээсээ гараад алхаж байтал ***** дэлгүүрийн урд талд ах Э, найз Атайгаа … танихгүй эрэгтэй хүмүүстэй маргалдаад зодолдох гээд зогсож байхаар нь би сандраад гэрлүү гүйж ороод ах Эд гадаа Э ах танихгүй хүмүүстэй зодолдож байна гэж хэлсэн … зодолдоогүй хоорондоо маргалдаад бие биенээ түлхээд зогсож байсан ... гэх мэдүүлэг /1хх-10х/,
Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “... ***** нэртэй хүнсний дэлгүүр лүү орохоор үүдэнд нь алхаад очтол дэлгүүрийн үүдэнд танихгүй хоёр залуу зогсож байсан ба хажуугаар нь бид гурав зөрж өнгөрөөд дэлгүүр лүү орох гэтэл урд талд алхаж явсан О тухайн залуучуудын нэгэнтэй нь мөргөлдсөн. Тэгээд бид нар хоорондоо маргалдаад бие биенээ түлхээд байж байтал нэг намхан биетэй залуу хаанаас ч юм мэдэхгүй гарч ирээд Б рүү дайраад шууд түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Б айлын хашаа руу цохилтонд нь яваад орчихсон. Удалгүй айлын хашаанаас гараад тухайн залууг Б цохих гэтэл тэр залуу нь Бийн нүүрэн тус газарт нь мөн нэг удаа цохитол Б газарт маш хүчтэй саваад унасан. Намхан биетэй залуу л Бийг цохиж зодсон өөр зодоон гэх зүйл болоогүй …Бийг хашаанаас гараад гэр лүүгээ харих гээд алхаж явахад нь өөдөөс нь Э нь цохиод унагасан. Тэгээд Б ухаан алдаад уначихсан …” гэх мэдүүлэг /1хх-11, 146х/,
Гэрч Д.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д орж ирээд гадаа дэлгүүрийн урд Э ах хүнтэй зодолдож байна гэж хэлсэн ... би гараад гудамжинд байдаг ***** нэртэй хүнсний дэлгүүр дээр яваад очтол Э, найз Аийнхаа хамт гурван танихгүй эрэгтэй хүүхэдтэй маргалдаад бие биенээ түлхээд зогсож байсан … Гурван залуугийн нэг эрэгтэй нь Этэй зодолдох гээд дайраад байсан. Тэгтэл Э тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол тэр эрэгтэй газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг /1хх-12х/,
Гэрч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “... тухайн өдөр гэрийнхээ ойролцоо байх гудамжинд байдаг ***** нэртэй дэлгүүрийн урд талд А бид хоёр зогсож байтал бид хоёрын хажуугаар гурван эрэгтэй зөрж өнгөрсөн. Нэг эрэгтэй нь хажуугаар зөрөхдөө Атай мөргөлдөөд бие биенээ шүргэлцсэн. Энэ үед тухайн гурван залуугийн нэг өндөр нь Ат хандаж хүн хажуугаар чинь зөрж байхад хол зогсолдоо гэж хэлээд хоорондоо маргалдаад бие биентэйгээ түлхэлцээд маргалдсан ... Э ах гарч ирээд больцгоо гэж хэлтэл Б гэх эрэгтэй манай ахтай зодолдох гээд дайраад байсан чинь Э ах тэр залууг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохитол дэлгүүрийн урд талын айлын онгорхой хашаа руу яваад орчихсон. Уг айлын хашаанаас Б гэдэг залуу гарч ирээд манай ахыг нэг удаа нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Тэгтэл Э ах зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохьтол Б гэдэг залуу газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг /1хх-13-14х/,
Гэрч Д.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: “... дэлгүүрийн үүдэнд очтол тухайн дэлгүүрийн гадаа хоёр залуу зогсож байсан ба хажуугаар нь зөрж өнгөрөх гэж байгаад би нэг залууг нь санамсаргүй мөрөлчихсөн юм. Тэгтэл тухайн хоёр залуу уурлаад бид нар хоорондоо маргалдаж зогссон юм. Тэгтэл маш хурдан гэнэт л нэг намхан биетэй залуу гарч ирээд Бтэй маргалдаад 1 удаа түүний нүүр лүү 1 удаа гараараа цохьсон чинь Б айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд эргээд гарч ирээд тухайн залууг цохих гээд дайртал нөгөө намхан залуу зөрүүлээд Бийг гараараа 1 удаа нүүрэн тус газарт 1 удаа цохисон чинь газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг /1хх-15х/,
Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…би тухайн үед шатан дээр зогсож байсан. Нэг бүрчлэн хэрүүл, маргааныг сонсоогүй. Би хэн хэнтэйгээ зодолдсон гэдгийг мэдэхгүй байна …гэх мэдүүлэг /1хх-144-145х/,
Гэрч Ө.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “…дуудлага дээр очиход зодоон болоод дууссан байсан. Яг хэн нь түүнийг цохиж зодсон талаар хэлээгүй …” гэх мэдүүлэг /1хх-147х/,
Гэрч Г.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “…очиход зодоон болоод дуучихсан хүмүүс цугларсан байхаар нь очиход нэг залуу хашааны гудамжинд газар унасан байдалтай байсан …хэн зодсон гэдгийг нь хэлээгүй …”/1хх-148х/,
Гэрч Б.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: “…***** дэлгүүрийн гадаа ирсэн чинь манай нөхөр Б дэлгүүрийн хажуу талын автомашины гражийн ертөнцийн зүгээр баруун хойд талд гудамжинд газар ухаан алдаад уначихсан байсан …О дээгүүрээ нүцгэлчихсэн намхан багдгар залууг заагаад энэ манай найзыг цохисон шүү гэж байсан. Сүүлд нэрийг нь асуусан чинь Э гэх залуу байсан …” гэх мэдүүлэг /1хх-149-150х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5994 тоот дүгнэлтэд:
“1. Бийн биед баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, духанд зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун, зүүн шууны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө” гэжээ /1хх-17 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1372 тоот дүгнэлтэд:
“1. Бийн биед баруун чамархайн хөхлөг сэртэн ясны шугаман хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун, зүүн шууны гадна хэсэгт цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-р алдагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатарын гаргасан ¹5994 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Бийн баруун чамархайн хөхлөг сэртэн ясны хугарал гэмтэл нь мохоо зүйл рүү унах үед үүсэх боломжтой” гэжээ /1хх-152-153 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6789 тоот дүгнэлтэд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “1_04_М_20160430213503”, “1_04_М_20160430213503” гэсэн нэртэй 2 ширхэг дүрс бичлэгийн файл нь засварлагдаагүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Өмгөөлөгч Х.Санжидмаагаас хураан авсан эд мөрийн баримт” гэж хаягласан цаасан уутанд байх DVD дискэнд хуулбарлагдсан дүрс бичлэгийн 2 ширхэг файл нь шилжилгээнд тэнцэхгүй” гэжээ /гэрэл зургийн үзүүлэлт 1хх-208-209х/,
Шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг /1хх-232-233х/,
Шинжээч Т.Батхуягийн мэдүүлэг /1хх-212-213х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-30 дугаар тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-36 дугаар тал/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-134-135х, 235-236х/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /2хх-9х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Э нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байрлах “*****” дэлгүүрийн орчим хохирогч П.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа П.Бийг зодож бие махбодид баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ хоолоо хийгээд байж байсан. Дүүгээ би дэлгүүр рүү сүүнд явуулсан. Б, О, Ц нар миний дүүг хашааны буланд шахаад зодож байна гэхээр нь би ээжтэйгээ хамт очсон. Би яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай гэж хэлээд О намайг заамдаж авсан. Би дүүгээ булангаас салгачихаад байж байхад О, Б хоёр дахиад алалцана гээд манай дүү рүү дайрсан. Бийг зодолдох гээд байхаар нь найз нь Бийг түлхээд хашаа руу оруулсан. Б хашаанаас гарч ирэхдээ чулуу барьчихсан гарч ирсэн. Намайг цохих гэхээр нь би түлхсэн. О хашааны хажууд байсан блок авч шидсэн. Би ээжтэйгээ хамт дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгээд би ээжийгээ түлхээд өөрөө шидсэн блокноос нь зугтсан. Би гэртээ хоёр жоохон хүүхэд орхисон байсан болохоор гэр рүүгээ яваад өгсөн. Хашааны буланд цагдаагийн машины гэрэлд зодолдож байсан нь харагдсан. Жалга руу ороод нилээн удаж байж гарч ирсэн” гэх мэдүүлэг,
хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой би О, Ц нарын хамт дэлгүүр орох гээд гарсан. Дэлгүүр рүү явж байхад А, О хоёр нэг нэгэнтэйгээ шүргэлцээд гарсан. О хэрэлдэж байгаад миний араас дэлгүүр рүү орж ирсэн. Би дэлгүүрийн эгчид гадаа байгаа хүмүүс бид нарыг янз бүрээр хэлээд, дээрэлхээд, зодох гээд байх шиг байна. Та нэг хэлээрэй гэхэд за гэж хэлээд гарч манай арын хашааны хүүхдүүд байгаа юм зүгээр яв гэж хэлсэн. Би хажуугаар нь гараад өнгөрөх гэхэд намайг барьж аваад ноцолдоод унагаах гээд байсан. Э бид хоёр зодолдоод явсан. О Атай зодолдсон харин Ц хүнтэй зодолдоогүй. Зодоон даамжираад ирэхээр нь би Оыг аваад явсан. Э араас гүйж гарч ирээд намайг цохисон. Би цохиулаад шууд унасан. Тэгээд хашаа руу орж хэсэг сууж байгаад нүүрээ дарж гарч ирээд гэр рүүгээ явах гэхэд Э урд зогсож байсан. Тэгээд намайг Э цохиж унагаасан. Би гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж байхдаа ухаан орж сэрсэн. Би 2 сар ажил хийхгүй, эмчилгээ хийлгэж гэртээ хэвтсэн. Би урьд нь эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 2.000.000 төгрөгийг нь өгсөн. Би үлдсэн 1.000.000 төгрөг дээр нь нэмж 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт би 2 сарын ажлын хөлс болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
хохирогч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Энэ үед цаанаас нэг намхан биетэй эрэгтэй ирээд над руу дайраад байхаар нь өөдөөс нь адилхан хэрэлдээд маргалдаад байж байтал тухайн залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би айлын хашаа руу орчихсон юм. Тэгээд би айлын хашаанаас гараад иртэл дахиж миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би газар ухаан алдаад уначихсан. Би хэн нэгнийг цохиж зодсон зүйл бол байхгүй ... Эд цохиулаад газар савж унасаны улмаас дээрх гэмтлийг авсан … гомдолтой байна” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл Э түүнийг нэг удаа нүүрэнд нь гараараа цохитол дэлгүүрийн урд талын айлын онгорхой хашаа руу яваад орчихсон. Тэгээд айлын хашаанаас Б гэдэг залуу гарч ирээд Э ахыг цохих гээд дайртал ахиад Э ах түүнийг нэг удаа нүүрэнд нь цохисон. Энэ үед тухайн залуу газар маш хүчтэй саваад уначихсан. Би биентэйгээ шүргэлцээд хоорондоо маргалдаад л зогсож байсан. Нэг нэгнийгээ цохиогүй ... гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…цаг хэд болж байсныг санахгүй байна гэрээсээ гараад алхаж байтал ***** дэлгүүрийн урд талд ах Э, найз Атайгаа … танихгүй эрэгтэй хүмүүстэй маргалдаад зодолдох гээд зогсож байхаар нь би сандраад гэрлүү гүйж ороод ах Эд гадаа Э ах танихгүй хүмүүстэй зодолдож байна гэж хэлсэн … зодолдоогүй хоорондоо маргалдаад бие биенээ түлхээд зогсож байсан ... гэх мэдүүлэг /1хх-10х/,
Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд бид нар хоорондоо маргалдаад бие биенээ түлхээд байж байтал нэг намхан биетэй залуу хаанаас ч юм мэдэхгүй гарч ирээд Б рүү дайраад шууд түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Б айлын хашаа руу цохилтонд нь яваад орчихсон. Удалгүй айлын хашаанаас гараад тухайн залууг Б цохих гэтэл тэр залуу нь Бийн нүүрэн тус газарт нь мөн нэг удаа цохитол Б газарт маш хүчтэй саваад унасан. Намхан биетэй залуу л Бийг цохиж зодсон өөр зодоон гэх зүйл болоогүй …Бийг хашаанаас гараад гэр лүүгээ харих гээд алхаж явахад нь өөдөөс нь Э нь цохиод унагасан. Тэгээд Б ухаан алдаад уначихсан …” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Гурван залуугийн нэг эрэгтэй нь Этэй зодолдох гээд дайраад байсан. Тэгтэл Э тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол тэр эрэгтэй газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг /1хх-12х/,
Гэрч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...... Э ах гарч ирээд больцгоо гэж хэлтэл Б гэх эрэгтэй манай ахтай зодолдох гээд дайраад байсан чинь Э ах тэр залууг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохитол дэлгүүрийн урд талын айлын онгорхой хашаа руу яваад орчихсон. Уг айлын хашаанаас Б гэдэг залуу гарч ирээд манай ахыг нэг удаа нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Тэгтэл Э ах зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохьтол Б гэдэг залуу газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгтэл маш хурдан гэнэт л нэг намхан биетэй залуу гарч ирээд Бтэй маргалдаад 1 удаа түүний нүүр лүү 1 удаа гараараа цохьсон чинь Б айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд эргээд гарч ирээд тухайн залууг цохих гээд дайртал нөгөө намхан залуу зөрүүлээд Бийг гараараа 1 удаа нүүрэн тус газарт 1 удаа цохисон чинь газар саваад уначихсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…би тухайн үед шатан дээр зогсож байсан. Нэг бүрчлэн хэрүүл, маргааныг сонсоогүй. Би хэн хэнтэйгээ зодолдсон гэдгийг мэдэхгүй байна …гэх мэдүүлэг /1хх-144-145х/,
Гэрч Ө.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “…дуудлага дээр очиход зодоон болоод дууссан байсан. Яг хэн нь түүнийг цохиж зодсон талаар хэлээгүй …” гэх мэдүүлэг /1хх-147х/,
Гэрч Г.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “…очиход зодоон болоод дуучихсан хүмүүс цугларсан байхаар нь очиход нэг залуу хашааны гудамжинд газар унасан байдалтай байсан …хэн зодсон гэдгийг нь хэлээгүй …”/1хх-148х/,
Гэрч Б.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: “…***** дэлгүүрийн гадаа ирсэн чинь манай нөхөр Б дэлгүүрийн хажуу талын автомашины гражийн ертөнцийн зүгээр баруун хойд талд гудамжинд газар ухаан алдаад уначихсан байсан …О дээгүүрээ нүцгэлчихсэн намхан багдгар залууг заагаад энэ манай найзыг цохисон шүү гэж байсан. Сүүлд нэрийг нь асуусан чинь Э гэх залуу байсан …” гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5994 тоот дүгнэлт /1хх-17 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1372 тоот дүгнэлт /1хх-152-153 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6789 тоот дүгнэлт /1хх-208-209х/, Шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг /1хх-232-233х/, Шинжээч Т.Батхуягийн мэдүүлэг /1хх-212-213х/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-134-135х, 235-236х/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /2хх-9х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-30 дугаар тал/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-36 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Эд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Э.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Мөн шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.000.000 төгрөгийг авсан, 2 сарын ажлын хөлс болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч П.Б нь хавтаст хэрэгт хэдэн төгрөгийн цалин авдаг байсан болон нийгмийн даатгал төлдөг байсан талаарх баримтыг гарган өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цалин, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгтэй 3 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, Э.Э нь эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, түүний цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Э. Эийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 3 /гурав/ жил 5 /таван/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Эийн цагдан хоригдсон нийт 16 хоногийг хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Э нь 2.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч П.Б цалин, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг камерын бичлэг бүхий СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд урьд авсан цагдан хорих өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
С.БАТГЭРЭЛ