| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0110/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/05 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 181.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбууг суулцуулан,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгч Э.О************ нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О************т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Шүүгдэгч Э.О************ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн орчимд цагдаагийн албан хаагч Я.А************ийн нүүр рүү шалтгаангүйгээр цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О************ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн орчимд хохирогч Я.А************ийн нүүр рүү шалтгаангүйгээр цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Я.А************ийн мөрдөн байцаалтад өгсөн: …2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад өөрийн хариуцан ажилладаг сумандаа эргүүл тойруул хийх зорилгоор гэрээсээ гараад явсан. Гэрээсээ гараад сумынхаа соёлын төвийн үүдэн дээр очсон. Тэнд очиход Соёлын төвийн манаач Амардаваа галынхаа өрөөнөөс гараад Соёлын төврүүгээ орох гээд явж байсан. Тэгэхээр нь би түүнтэй уулзаад энүүгээр тайван байна уу гэхэд тайван байна гэж байсан. Тэгээд би түүнтэй хамт Соёлын төврүү орчихоод нэг их удалгүй буцаад гарч ирсэн. Соёлын төвийн гадаа гараад би шатаар бууж байсан. Тэр үед Амардаваа Соёлын төвийнхөө хаалгыг хааж байсан. Амардаваа хаалгаа хаачихаад шатаар бууж байхад Соёлын төвийн гадаа нэг мотоцикльтой хоёр хүн ирсэн. Тухайн мотоциклыг манай сумын байгаль хамгаалагч Сайнбаяр барьж явсан. Харин ар талд нь төрийн сангийн ажилтан О************ суучихсан ирсэн. Мотоцикль зогссоны дараа О************ мотоциклоос ганцаараа түрүүлж бууж ирээд намайг шууд гараараа нэг удаа цохисон. Тэгж цохиулсаны дараа би хэсэг манарсан. Тэгээд хамраас цус гараад унасан. Би хамраасаа цусаа гоожуулаад урагшаа явсаар байгаад байшин налаад зогссон. Харин тэр үед О************ өнөөдөр миний төрсөн өдөр та нарыг бүгдийг чинь алаад хаячихана шүү гээд орилоод байсан. Тэр үед би Сайнбаярыг О************ийг хурдан аваад яв гэж хэлсэн. Тэгэхэд Сайнбаяр О************ийг аваад явсан. Тэр хоёр явсны дараа Амардаваа миний хажууд зогсоод байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч С.А************ийн мөрдөн байцаалтад өгсөн:…Бид хоёр зогсоод юм яриад байж байхад бид хоёрын урдхан талд Сайнаа, О************ гэдэг хоёр залуу ирээд зогссон. Тухайн үед Сайнаа нь мотоцикль бариад явж байсан. Мотоцикль зогссоны дараа мотоциклоос О************ түрүүлж бууж ирээд юу ч ярилгүй хэсгийн төлөөлөгч А************ гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Тэр үед хэсгийн төлөөлөгч А************ийн хамарнаас цус гараад байшингийн наад талд тонгойгоод зогсож байсан. Тэр үед О************ би төрсөн өдрөө тэмдэглэж явна надтай хэн юм ярих гээд байгаа юм бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. О************ийг ингэж орилж байхад Сайнаа болиулаад мотоцикль дээр нь суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Э.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн:…2016 оны 10 дугаар сарын 20-нд манай тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн О************ гэх залуугийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд тэд нар голын хойд талын бааранд сууцгаасан байсан. Тэгээд намайг гэртээ байхад О************ 88681548 утсаар залгаад дүүгийнх нь төрсөн өдөр болж байна та хүрээд ирэх үү гэсэн тэгэхээр нь би хаана байгаагийн асуухад бааранд байна гэхээр нь би тэнд очиход О************ ангийнхаа хоёр хүүхэдтэй сууж байсан. Нилээн согтуу байсан тэгээд би чи нилээн согтсон байна ах нь чамайг хүргээд өгье гэж хэлээд аваад гарсан. Тэгээд О************ийг хүргэж өгөх замд дээлтэй хүн таарсан. Тэгээд тэнд хальт зогсоход О************ бууж очоод тэр хүнийг нүүрэн тус газар нь цохиж харагдсан тэгээд би очиж салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Д.Даваадорж, Э.Цэрэнбат нарын мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 579 дугаартай:…Я.А************ийн биед гэмтэл тогтоогдлоо. Я.А************ийн биед зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Я.А************ийн биед учирсан гэмтэл нь үүссэн гэх цаг хугацаатай тохирч байна. Я.А************ийн биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/ зэрэг дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Я.А************, С.Амардаваа, Э.Сайнбаяр нарын мэдүүлэг, шинжээч эмчийн…Я.А************ийн биед гэмтэл тогтоогдлоо. Я.А************ийн биед зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Я.А************ийн биед учирсан гэмтэл нь үүссэн гэх цаг хугацаатай тохирч байна. Я.А************ийн биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй дүгнэлт зэргээр нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.О************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.О************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн 201622000633 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О************ нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. / ХХ-ийн 34 дүгээр хуудас/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хамба Есөн-Эрдэнэ овогт Эрдэнэ-Очирын О************ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар Э.О************ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.О************т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.О************т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн 201622000633 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О************т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР