| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0537/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/460 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,
Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэн овогт Эрдэнэбилэгийн М, Хөл аваач овогт Отгончимэгийн Т нарт холбогдох эрүүгийн 2017250021027 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт терсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мзргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн .... сумын .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийи ... дүгээр хороо, ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .......... / .... овогт Эрдэнэбилэгийн М,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн .... сумын ..... багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй .... дүгээр хороо, .... түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .... / .... овогт Отгончимэгийн Т нар нь:
- 2017 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МНБС” кабелийн телевизийн орчим иргэн Д.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан түүний төрийн банкны виза карт, мини ай пад 1 ширхэг, ЛЖ загварын гар утас, бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 10-13 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 22- 24 /
Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 25-28 /
Хохирогч Д.Лхамсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Я.Уранчимэгийг гэрт нь хүргэж өгөхөөр бид хоёр Өлзий төвийн уулзвараар хойшоо гарч 3 дугаар сургуулийн урдуур явж байгаад сандал дээр сууж байхад халамцуу хоёр залуу урагшаа хараад довжоон дээр сууж байгаад босож ирээд юм асуугаад байсан. Юу гэж асуусныг мэдэхгүй байна. Надтай хамт явж байсан Я.Уранчимэг " Бид нар харьж явна. Та нар харьж унт" гэж хэлж байсан. Тэгээд бид 2 босоод чигээрээ алхаж байгаад “МНБС” кабелийн телевизийн урдуур гарч зүүн тийшээ 10 дугаар хороогоор эргээд 100-200 метр орчим явж байгаад буцаад ирсэн замаараа яваад телевизийн хашаа руу эргэж байхад хажуунаас нэг залуу "Та юм хаяагүй юу" гэж хэлээд сугадаж аваад миний хамар руу шууд цохьчихоод миний халаасанд байсан гар утас болон цүнхтэй эд зүйлийг авсан. Намайг 2 хүн цуварч ирээд дээрэмдсэн. Нэг нь харагдаагүй. Нөгөө нь өмнө нь сууж байхад ирж уулзаж байсан хүн мөн шиг байсан гэжээ. / хх 29-32 /
Гэрч Я.Уранчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Д.Лхамсүрэн ах намайг хүргэж өгөх гээд 3-р сургуулийн урдуур зүүн тийшээ явж байхад савхин богино куртиктай өндөр залуу ирээд “ Та 2 зугаалж явна уу “ гэсэн утгатай юм яриад байхаар нь би “ Аав, ээж шигээ хүнтэй юу яриад байгаа юм бэ. Та нар хариач “ гэхэд “ Ооё ооё “ гэж байгаад цаана сууж байсан залуу руугаа явсан. ... Надтай ярьсан залуу өндөр цэх нуруутай, хавтгай царайтай, халимаг үстэй, уруул нь хагарсан юм уу будсан юм уу уруулынх нь голоор харалчихсан 30 гаран насны залуу байсан. Ямарч байсан цаана нь нилээн биеэрхүү, махлагдуу хүн сууж байсан гэжээ. / хх 18 /
Гэрч Ц.Отгончимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би сар өдрөө санахгүй байна. О.Т миний гар утсанд өөрийнхөө сим, картыг хийгээд миний гар утсыг авч яваад оронд нь хар саарал өнгийн гар утас үлдээчихсэн байсан. Тэгээд О.Таас гар утсаа асуутал урд талд цэнэглэж байгаа гэсэн шалтаг хэлсээр байгаад алга болсон гэжээ. / хх 33-34 /
Гэрч Б.Ганхуяг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би сар өдрөө санахгүй байна. Өглөө ажилдаа явах гэж хүүхдээрээ автобусны буудал дээр хүргүүлээд автобусанд суух гэж байхад зүс таних Төрөө өөрийн дүүтэйгээ цуг машинд орж ирээд суусан. Машинд орж ирж суугаад нэг дөрвөлжин том гар утас зарна гээд нэг хар цүнхийг надад үүр гээд өгөхөөр нь өөрийн үүрч байсан цүнхэн дотор байсан юмнуудыг Төрөөгийн өгсөн цүнхэнд хийгээд үүрсэн. Манай хүүхдэд зарна гэж байсан том гар утсаа үзүүлэхэд нь мөнгө байхгүй гээд буцаагаад өгсөн. Тэгээд Төрөө дүүтэйгээ буугаад явсан гэжээ. / хх 94 /
Гэрч Г.Дэлгэрдалай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Төрөө гэх залуу цүнхтэй гар утас барьчихсан бас зүс таних залуутай орж ирээд гар утас авах уу гэж аав бид хоёроос асуухаар нь үзэж байгаад мөнгөгүй байсан болохоор аваагүй.Тэгсэн Төрөө 1 мөрний үүргэвчтэй савхин цүнхийг аавд зүгээр өгсөн. Тэр дүүтэйгээ гар утсаа зарна гээд үлдсэн гэжээ. / хх 95 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 35-36 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5178 дугаар дүгнэлтэнд:
1. Д.Лхамсүрэнгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 38 /
Шүүгдэгч О.Тыг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 52 /, яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 54-55 /
Шүүгдэгч Э.Мыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 58-59 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 61, 70 / зэрэг болно.
Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300.000 төгрөг төлсөн. Би эхэлж хохирогчийг цохьсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дүүгээ дуудаж архи уулгаснаас ийм хэрэг үйлдсэн. Би юмыг нь авах саналыг гаргасан, Хохирогчийн эд зүйлүүдийг буцаан өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч О.Т, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МНБС” кабелийн телевизийн орчим иргэн Д.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан төрийн банкны виза карт, мини ай пад 1 ширхэг, ЛЖ загварын гар утас, бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 10-13 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 22-24 /, ...Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 25-28 / … “МНБС” кабелийн телевизийн хашаа руу эргэж байхад хажуунаас нэг залуу " Та юм хаяагүй юу " гэж хэлээд сугадаж аваад миний хамар руу шууд цохьчихоод миний халаасанд байсан гар утас болон цүнхтэй эд зүйлийг авсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Лхамсүрэнгийн мэдүүлэг / хх 29-32 /, ... Надтай ярьсан залуу өндөр цэх нуруутай, хавтгай царайтай, халимаг үстэй, уруул нь хагарсан юм уу, будсан юм уу уруулынх нь голоор харалчихсан 30 гаран насны залуу байсан. Ямарч байсан цаана нь нилээн биерхүү, махлагдуу хүн сууж байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Я.Уранчимэгийн мэдүүлэг / хх 18 /, ...Төрөө нэг хар цүнхийг үүр гээд өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ганхуягийн мэдүүлэг / хх 94 /, ... Төрөө гэх залуу цүнхтэй гар утас барьчихсан зүс таних залуутай хамт авах уу гэхээр нь аваагүй. 1 мөрний үүргэвчтэй савхин цүнхийг аавд зүгээр өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Дэлгэрдалайгийн мэдүүлэг / хх 95 /, ...Эд зүйлийн үнэлгээ / хх 35-36 / …Д.Лхамсүрэнгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5178 дугаар дүгнэлт / хх 38 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч О.Т, Э.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т, Э.М нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэргийн хор уршиг, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, О.Т нь 9 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасаж, Э.М нь цагдан хоригдоогүйг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэлэн овогт Эрдэнэбилэгийн М, Хөл аваач овогт Отгончимэгийн Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М, О.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1, 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус бүрийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Э.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Э.М нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Т, Э.М нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч О.Т, Э.М нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Т, Э.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ