Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022552 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Туулын 13-14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Сүмбэр овгийн Доржсайханы Д.Б /регистрийн дугаар .........../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл болох пивоны шил, чулуу зэргээр иргэн Д.Энхбаатарын толгойн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд “...2016 оны 10 дугаар сарын 04-03-нд шилжих шөнө би найз охинтойгоо модны хоёрт уулзаж ганц хоёр пиво ууж сууж байгаад гарч таксинд суусан. Би таксинд сууж явахдаа ууж байсан пивоо өвөр дээрээ асгасан. Тэр даруй нь жолоочоос уучлалт гуйсан. Очих газраа очиход таксны жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан. Би таксины мөнгийг нь өгсөн. Гэтэл намайг таксины жолооч заамдаж авч газар унагаагаад дээр суугаад нүүр ам руу цохьсонд гомдолтой байгаа. Миний барьж байсан утсыг газар унагааж эвдсэн. Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө найз Мөнхжаргалын хамт Баянгол дүүргийн модны хоёрын паабад сууж пиво ууж байгаад 03 цагийн үед гараад модны хоёрын замаас такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талд буусан. Буух үед таксины мөнгө 8000 төгрөг нэхээд байхаар нь “3.4 км гарсан байхад яагаад их мөнгө нэхээд байгаа юм бэ?” гэж хэлээд таксины мөнгө 5000 төгрөг өгөх үед бид хоёрыг янхан,  архичин гэж хэлээд байсан. Тэгээд буухдаа машины хаалгыг саваад буусан чинь ухарч гарахдаа миний зүүн хөлийг шүргэхээр нь машины хойд талын хэсэг дээр нь зүүн гараараа нэг удаа цохисон чинь таксины жолооч нь хавсарч унагаад дээр гараад суусан. Тэгээд миний нүүр ам хэсэг рүү цохиод байхаар нь би өөрийн биеийг хамгаалж хумсаараа маажсан. Бид хоёр маргалдаж байх үед манай найз Мөнхжаргал цагдаад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-23, 50, 52/,

 

Хохирогч Д.Энхбаатарын “…Би 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн модны хоёрын замаас үл таних 2 эмэгтэйг таксинд авсан чинь “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орно” гэж хэлэхээр нь явж байх үед хоёр үл таних эмэгтэйн өндөр, унжсан хамартай /Д.Б/ нь хойд суудал дээр пиво асгахаар нь би “дараа нь хүн сууна ш дээ” гэсэн чинь хамт явж байсан намхан, махлаг биетэй, бор царайтай /Э.Мөнхжаргал/ нь “зүгээрээ жоохон асгасан” гэсэн. Би тэгээд жоохон асгасан юм байх гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. Тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр очоод таксины мөнгө 4.000 төгрөгийг намхан, махлаг биетэй, бор царайтайгаас /Э.Мөнхжаргал/ нь авсан. Тэгээд буух гэж байхдаа Д.Б нь “суудал дээр чинь пиво асгасан зүгээр биз дээ” гэсэн. Би тухайн үед таксины мөнгө тоолж байх үедээ “зүгээрээ” гэж хэлсэн чинь дахиад “хөөе зүгээр биз дээ” гэж асуусан. Би тэгээд эргэж хараад “зүгээрээ” гэсэн чинь “тэгээд юундаа ярвайгаад байгаа юм бэ, шалдан банди минь” гэж хэлсэн. Тэр үед хамт явж байсан намхан. махлаг биетэй, бор царайтай /Э.Мөнхжаргал/ эмэгтэй буугаад Д.Бийн буух хаалганы гадна талаас хаалга онгойлгоод Д.Бийг түшээд буулгасан. Тэр үед миний машины зүүн гар талд Д.Б. Мөнхжаргал хоёр зогсож байсан. …Тэгээд ар тийшээ эргэж харах үед миний машины ар талд Д.Б нь зогсож байхаар нь машинаа тормослоод зогссон чинь эргэж хараад “чи намайг мөргөх гэлээ” гэж хэлээд миний машины ар талаас 2 удаа өшиглөсөн. Би тэгээд машинаасаа буугаад “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өшиглөсөн газар нь хараад буцаад харсан чинь миний зүүн шанаа орчим пивоны шилээр нэг удаа цохиод арагшаа ухраад пивоны шилээр далайх үед нь би тэвэрч аваад унагаагаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд байж байсан чинь Д.Б нь “шээс хүрээд байна” гэсэн, хажуу талаас нөгөө хамт явж байсан найз Э.Мөнхжаргал нь “одоо зүгээр байхаа, одоо босгочих” гэж хэлэхээр нь босоод байж байх үед “чи муу яагаад миний дээр суудаг юм бэ” гэж хэлээд байсан. Тэр үед миний утас дуугараад дуудлагыг нь авч байхад нүдний буланд тонгойж байгаа харагдсан. Би тэгээд утсаар ярьж байх үед миний хажуу талаас миний духан дээр нэг удаа чулуугаар цохисон. Тэгээд дахиад дайраад байхаар нь тэвэрч аваад дараад унагаасан. ...Д.Б нь баруун гартаа пивоны шил барьж байгаад зүүн шанаанд нэг удаа цохисон, духанд чулуугаар нэг удаа цохисон. Миний хүзүүг нэг удаа маажсан. ...Пивоны шилээр цохиод, дахиад пивоны шилээр далайгаад байсан учраас дээрээс нь дарж суусан. Өөр нөхцөл байдлаар зогсоох боломжгүй байсан. Эхний удаа дарахад Д.Б “босъё, шээс хүрээд байна” гэхээр нь босгосон чинь дахиад чулуугаар цохисон. ...Намайг “шалдан банди, хол явж боовоо саа” гэх мэтээр доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-10, 11, 45/,

 

Гэрч П.Амарсанаагийн “…2016 оны 10 дугаар сарын 03-ны шөнө би таксинд явж манай найз Энхбаатар над руу залгаад “яаралтай Черри дэлгүүрийн урд талаар эргээд ороод ир, би энд зогсож байна” гэж ярьсан. …тэгээд би Черри дэлгүүрийн урд талаар ороод хотын түргэн тусламжийн авто баазын урд талд манай найз Энхбаатар нь машиныхаа аваарын гэрлийг асаасан хажууд нь нэг үл таних эмэгтэйн хоёр гарыг бариад дээр нь гараад суусан байсан. Намайг харах үед Энхбаатарын нүүр нь хоёр хацрын аль нэгэн дээр нь зүсэгдсэн, дух нь бас шарх болсон байдалтай байсан. Тэгээд би “яасан юм” гэж асуусан чинь “энэ хүүхэн машин дотор пиво асгачихлаа, намайг зүгээр үү гэж хэлэхээр нь би зүгээр гэсэн чинь “чи юундаа ярвайгаад байгаа юм бэ” гэж хэлээд буусан хойноо машин өшиглөсөн” гэж Энхбаатар нь хэлсэн. Тэгээд “наад нүүр амаа яасан юм бэ” гэж асуусан чинь “энэ хүүхэн чинь машинаас буусан хойноо машин өшиглөхөөр нь буугаад харах үед ууж байсан пивоны шилээр миний нүүр лүү цохисон” гэж хэлсэн. Одоо тэгээд “наадах чинь чамайг дахиад цохьчих юм биш босгочихгүй юу” гэсэн чинь “би түрүүн дарчихсан байж байгаад босгосон чинь дахиад намайг чулуугаар цохьчихлоо” гэж хэлсэн. ...Маргаан болсон гэх газар чулуу болон пиво байсан. Намайг очих үед даруулсан байсан эмэгтэйн найз нь бас пиво барьсан зогсож байсан. Би аль хацрыг нь сайн санахгүй байна. Аль нэг хацраас нь цус гарсан, духнаас нь цус гарсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-48/,

Гэрч Н.Цэрэнбатын “…намайг дуудлагаар очих үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд нэг эрэгтэйн толгойноос цус гарсан, нөгөө хоёр эмэгтэйтэйгээ хэрэлдээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-47/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13760 тоот актын “...Энхбаатарын биед дух, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн дээд зовхи, зүүн хацрын өнгөц шарх, хүзүү, баруун гарын сарвууны зулгаралт тогтоогдлоо.. …Дээрх гэмтэл хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-16/,

 

Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгаж хуудас /хх-28/, сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах тогтоол /хх-44/, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-17, 49/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа пивоны шил, чулуу зэргийг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж иргэн Д.Энхбаатарын бие махбодид “…дух, зүүн хацрын төвгөрийн шарх, зүүн дээд зовхи, зүүн хацрын өнгөц шарх, хүзүү, баруун гарын сарвууны зулгаралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Энхбаатар, гэрч П.Амарсанаа, Н.Цэрэнбат нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13760 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Д.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Хохирогч Д.Энхбаатар энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгч Д.Бийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч Д.Б нь жирэмсэн болох нь “Тод мэдрэмж” эмнэлгийн Хэт авиан оношлогоо,  ургийн эхо зураг болон жирэмсэн эмэгтэй түүний ар гэрийнхэн, хяналтын эмчийн хооронд байгуулах гурвалсан гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Сүмбэр овогт Доржсайханы Д.Бийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Доржсайханы Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Бийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            5.Эрүүгийн 201625022552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Бт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДУЛАМСҮРЭН

 

Х.ИДЭР