| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0317/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2017-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 60 дугаар байрны 09 тоотод оршин суух, Ботохара овгийн Зенолдайн Жагслых /РД:УР67110905/-ын
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Найрамдлын гудамж, өөрийн байранд оршин байгаа, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Жагслых, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Жагслых шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт тогоочоор 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд орж 7 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, одоогийн эрхлэгч Б.Гандулам томилогдсоноос хойш хувийн таарамжгүй харилцааны улмаас зөрчил үүсэх болсон. Энэ оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эхэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой 19 цаг 40 минутын үед нярав Тогтохбаяр
надруу утсаар залгаад “таныг Тэрэлж рүү явуулахаар болсон та маргаашаас эхлээд Тэрэлж рүү туслах тогоочоор явж ажил хий” гэсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө эрхлэгчтэй уулзаад “та ямар шалтгаанаар намайг Тэрэлж рүү ажиллуулж байгаа юм бэ энэ талаар тушаал гаргаад өг” гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл эрхлэгч “танд тушаал гаргаж өгөхгүй та хөлөө хүрэх газраа хүртэл заргалд. Та надад баярлах хэрэгтэй” гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Би гараад Боловсролын хэлтсийн даргатай тэр өдрөө очиж уулзаад бүх учир байдлаа хэлэхэд гомдлоо гаргаж өргөдөл бичээд өгөөрэй гэж хэлсэн. Боловсролын хэлтсийн даргын хэлснээр би өргөдлөө гараар бичээд өгсөн. Мөн би Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаад өргөдөл бичиж өгөөд хариуг нь хүлээгээд байж байсан. Ерөнхийдөө эрхлэгч 2017 оны 06 дугаар сараас хойш ажиллах боломж олгоогүй. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд манай цэцэрлэгт ээлжийн бүлэг гэж бүлэг хичээллэдэг. Тэнд намайг ажиллуулах бүрэн боломжтой байхад эрхлэгч ажил үүргийг хийлгээгүй. Туслах багш Заяа гэдэг охиноор бүтэн сарын турш тогооч хийлгэсэн. Миний амралт 07 сард дуусдаг. Намайг тэр үед дуудаж ажиллуулаагүй, гаднаас өөр хүнийг дуудаж ажиллуулсан. Амарч байхад эрхлэгч дуудаж ажилд оруулаагүй, харин гаднаас хүмүүс дуудаж ажиллуулсан байдаг. Ер нь биднийг амарч байхад төсөв мөнгө хүрэлцээгүй гэх шалтгаанаар ихэвчлэн 08 дугаар сарын 28-ны өдрөөс эрхлэгч дуудаж ажилд оруулдаг. Би ажил таслаагүй, харин намайг Тэрэлж рүү явуул гэхэд нь дургүй байсан ... Хичээлийн шинэ жил эхэлж ажил эхлэх болсон тул 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгчтэйгээ очиж уулзахад намайг ажлаас халсан хэмээн тушаал танилцуулсан. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул намайг Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Гандулам эрхлэгч өөрийн гаргасан хариу тайлбартаа Тэрэлжийн салбар руу шилжүүлэх асуудал 2017 оны 05 дугаар сард бүх ажилчдын хурлаар яригдаад шийдвэрлэх асуудалд тусгагдсан. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр З.Жагслых ирээд ямар ч тайлбар сонсохгүй маргаан үүсгээд гараад явсан гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Тэрэлж дэх салбарлуу явуулах субьектив санаа зорилго байсан гэдэг нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна ... Тэрэлж дэх салбарлуу томилох болсон, ямар нэгэн тушаал гаргахгүй гэсэн нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн даргад, мөн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна ... Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг сэлгэн ажиллуулах тухай хоёр тохиолдол байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д зааснаар сул зогсолтын үед сэлгэн ажиллуулж болно гэж заасан байдаг. Бусад тохиолдолд зөвхөн ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр сэлгэн ажиллуулах тухай яригдана. Харин хэн нэгэн эсвэл байгууллагын ажилтнууд бүгд хуралдаад таныг сэлгэн ажиллуулахаар шийдвэр гаргалаа, та тэнд очиж ажлаарай гэж амаар ярих асуудал биш. Ингэж яригдсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Тиймээс 11 хоног ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгэр тасалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Тэрэлж дэх салбарлуу яв гээд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ... Ажилгүй байсан өдрөөс эхлээд шүүх хуралдааны өдөр хүртэлх хугацааны цалинг нэмж гаргуулна гэсэн. Үүнд нэмэлт тодруулга хийе. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу Нийгмийн даатгалын дэвтэрт заагдсан сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь 350.904 төгрөг гарч байна. 1 өдрийн цалин 16.321 төгрөг гарсан. Сэлгэн ажиллуулах болсон хэмээн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдээд түүнээс хойш ажилтан З.Жагслых ажил үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүртэл 2 сар 16 хонож байна. Энэ хугацааны цалин хөлс нь 962.444 төгрөг болж байгааг тодруулж байна гэв.
Хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Тогооч З.Жагслыхтай хувийн таарамжгүй харилцаагүй. Харин зөвхөн албан ажлын хүрээнд шаардлага тавьж ажилладаг байсныг эсэргүүцэж хүлээж авдаггүй, ёс зүйн зөрчил удаа дараа гарган ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар сануулах арга хэмжээ авагдсан. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасны дагуу үндсэн цалинг 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл авсан. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийгдэж Хоол үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тогооч З.Жагслых тус цэцэрлэгийн ахлагч тогоочоор ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тогооч З.Жагслых нь хүүхдийн нарийн боов, талх барьдаг шарах шүүгээг хогийн шүүрээр шүүрдэж, дараа нь шалаа шүүрдээд гараа угаалгүй нарийн боов хийсэн. Мөн ажлын форм хувцас бүрэн өмсөөгүй, хүүхдэд өгөх хийцтэй цайг сүүл, гурилыг нь хуураад буцалгалгүй хүүхдэд өгсөн зэрэг зөрчил гаргасан. Энэ зөрчил гаргахад хамт олны хурал хийж, технологи ажиллагаа зөрчсөн, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй зэргээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж хамт олонд танилцуулсан боловч ажлаас чөлөөлөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр багш, ажилтнуудын 2016-2017 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангийн хурал зохион байгуулсан. Энэ үед тогооч З.Жагслыхын гаргасан алдаа дутагдлыг танилцуулж сэлгэн ажиллуулах талаар хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүх ажилтнууд ажилдаа ороход тогооч З.Жагслых ганцаараа ирээгүй маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 10 минутад орж ирээд тайлбар сонсохын завдалгүй хэл амаар доромжилж, хашгирч загнаж байгаад ажлаа хийлгүй гараад явсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэхгүй явсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 10 минутад орж ирээд тушаалаа авья гэсэн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Тогооч З.Жагслых нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгэх хугацаа байсан боловч ирээгүй. Дээрх нөхцөл байдлын улмаас З.Жагслыхыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн З.Жагслых нь ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна цэцэрлэгийн хоолны цэс болон бусад баримт бичгийг хүлээлгэж өгөөгүй авч явсан болно. З.Жагслых нь байнга ёс зүйгүй үйлдэл гаргаж, ажилтан болон хамт олныг удирдлагын эсрэг элдэв гүтгэлэг, худал цуу яриа дэгдээдэг, хүүхдийн хоолны технологи ажиллагааг байнга зөрчдөг, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг ажилтан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдааны гол хууль зүйн факт нь Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд үндэслэн иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлж шүүх хуралд оролцож байна. Ажлаас халсан тушаалын агуулга, маргаан хоёр нийцэхгүй байна. Манай тушаал З.Жагслыхыг ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдгээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч өөр зүйл яриад байна. Тушаалын доторх агуулгыг яръя. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хоёр агуулгатай байдаг. Манайх ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгээр ажлаас халаагүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Ноцтой зөрчил гэдэгт Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасан 2 ба түүнээс дээш хоногоор ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдгээр ажлаас чөлөөлсөн. Өнөөдөр энэ тушаалын хүрээнд маргааны үндэслэл болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хамгаалах, нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Мөн З.Жагслых хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргийг зөрчсөн. Ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ажиллах нөхцөл бүрэн байсан. Манай тушаалыг нотлох баримт нь цагийн бүртгэлийг эх хувиар өгсөн. Байгууллагын дотоод журамд заасны дагуу ажилдаа ирсэн, явсныг байгууллагын жижүүрт ирж бүртгүүлээгүй. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй нь бичгийн баримтаар нотлогдоно. 14 хоног ирж ажиллагаагүй гэдгийг нотлох баримтыг хангалттай өгсөн. Мөн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилтны хурал хийсэн. Энэ хурлаар З.Жагслыхыг тогоочоор ажиллах талаар тодорхой байдаг. Тухайн хуралд З.Жагслых ирээгүй, мөн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хурал хийхэд бас л ирээгүй. Энэ хүний яриад байгаа нь тушаалд хамааралгүй байна. Тушаалын хүрээнд ярина гэж бодож байна ... Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Жагслых нь хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... эрхлэгч Б.Гандулам нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг Тэрэлж дэх салбарлуу ямар нэгэн албан ёсны тушаал шийдвэргүйгээр, хууль бусаар ажиллуулахаар болсон ... энэ хууль бус шийдвэрийн талаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нарт хандаж өргөдөл гаргаж албан ёсны шийдвэр гарах хүртэл ажилдаа очоогүй, тэгээд ч ажиллах боломжоор хангаагүй тул үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна ...” гэж,
Хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь З.Жагслыхын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ
“... тогооч З.Жагслых нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэгт ажлаа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 11 хоног тасалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ...” гэж тус тус тайлбарладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан.
Ажилтан З.Жагслых нь ажил олгогч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч гомдлоо хуулийн хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч З.Жагслых нь Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарыг, /хх-5/
Хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбаруудыг тус тус шүүхэд гаргаж ирүүлсэн. /хх-50, 112/
Хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгосон талаар тайлбарлаж, баримтаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр “хэвлэмэл хуудас хүчингүй болгох тухай” тушаал, тушаалын хуулбар зэргийг гаргаж өгсөн. /хх-116, 117/
Дээрх “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын талаар нэхэмжлэгч талаас маргаагүй тул шүүх Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуулийн хүчин төгөлдөр тушаал гэж үнэлсэн болно.
Нэхэмжлэгч З.Жагслых нь Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тушаалаар тогоочийн албан тушаалд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон,
2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 дүгээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогч Налайх дүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1., 11.1.2., Байгууллагын дотоод журмын 4.20к, хөдөлмөрийн гэрээний 4.6., 6.2., 7.ё.-д заасныг тус тус үндэслэн ахлах тогооч З.Жагслыхыг хүндэтгэн үзэх шалтгаангүй үүрэгт ажлаа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 11 хоног тасалсан гэсэн үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримтад талууд маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид нь шаардлага ба үндэслэлээ нотолж, нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй.
З.Жагслыхыг ажлаас халсан Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хуулийн дагуу гаргасан гэж үзэх дараах үндэслэл байна.
Ажил олгогч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь ажилтан З.Жагслыхтай 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 11 дүгээр хөдөлмөрийн гэрээний 7.2.-т Ажилтан дараах хэлбэрийн зөрчлүүдийн аль нэгийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгоно. Үүнд: ... 7.ё.-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг дараалсан 2 ба түүнээс дээш хоног тасалсан ... гэж заасныг ажил олгогч, ажилтан хоорондоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд дагаж мөрдөх байгууллагын дотоод журмын 4.20.-д ажилтны ёс зүйн алдаа гаргасан дараах тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ... 4.20к.-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа дараалан 2 ба түүнээс дээш хоног тасалсан тохиолдолд ... гэж заажээ.
З.Жагслых нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 11 дүгээр хөдөлмөрийн гэрээний 7.ё. /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг дараалсан 2 ба түүнээс дээш хоног тасалсан/, байгууллагын дотоод журмын 4.20к. /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа дараалан 2 ба түүнээс дээш хоног тасалсан/-д тус тус заасан ноцтой зөрчил гаргасан нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр хөдөлмөрийн гэрээ /хх-12-13/, гэрээнд оролцогч талуудын дагаж мөрдөх байгууллагын дотоод журам /хх-28-32/, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн багш ажилчдын хурлын 23 дугаар тэмдэглэл, багш, ажилтнуудын нэрс /хх-84-86/, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн багш ажилчдын хурлын 24 дүгээр тэмдэглэл, багш, ажилтнуудын нэрс /хх-87-89/, цагийн бүртгэл /хх-118-119/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж ажил олгогч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг нь З.Жагслыхыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 11 дүгээр хөдөлмөрийн гэрээний 7.ё., байгууллагын дотоод журмын 4.20к.-д тус тус заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг ажлаас халсан нь “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4.-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасантай нийцэж байна гэж дүгнэв.
Мөн З.Жагслых нь Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/02 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар /хх-42/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02-02-361/26 тоот “үйл ажиллагааг түр зогсоох тухай”, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-02-361/30 тоот “үйл ажиллагааг сэргээх тухай” актуудын хуулбарууд /хх-43-45/, шалгалт хийсэн тухай тэмдэглэлүүд /хх-46-47/, Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн 2017 оны багш ажилчдын хурлын тэмдэглэлүүд /хх-51-83/ зэргээр нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч З.Жагслых нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой нярав Тогтохбаяр утасдаж “Тэрэлж дэх салбарлуу очиж ажлаарай” гэсэн тул 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрхлэгч Б.Гандуламтай уулзаж ямар шалтгааны улмаас хууль бусаар өөр салбарлуу шилжүүлж байгаа талаар асууж, албан ёсоор шилжүүлсэн тушаал гаргаж өгөхийг шаардаж, энэ хууль бус шийдвэрийн талаар зохих албан тушаалтнуудад хандаж хариуг нь гартал ажилдаа очоогүй болохоос ажлаа таслаагүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж баримтаар Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр “ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх-4/, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “З.Жагслыхыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-5/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-7/, цалингийн хүснэгт /хх-8/, ажлын байрны тодорхойлолт /хх-9-11/, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр хөдөлмөрийн гэрээ /хх-12-13/, байгууллагын дотоод журам /хх-14-16/, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Отгонжаргалд гаргасан өргөдлийн хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга н.Алтангэрэлд гаргасан өргөдлийн хуулбар зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх-17, 18, 19, 20/
Гэвч шүүх эдгээр баримтуудыг үндэслэж З.Жагслыхыг хууль бусаар өөр ажилд шилжүүлсэн гэж үзэн, үүний улмаас түүнийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 11 хоног ажилдаа очоогүйг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч З.Жагслыхын хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Жагслых нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг тус тус баримтлан Ботохара овгийн Зенолдайн Жагслыхын хариуцагч Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч З.Жагслых нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН