Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 08

 

М-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0008/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Я.Сансар,

Яллагдагч М нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн 1839005140016 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1966 онд төрсөн, эрэгтэй, 53 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Н-н М нь

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсэг болох хилийн 796/1 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 200 метр газраар гарч, 796/3 дугаар тэмдгийн зүүн гар талаар 150 метр газраар орж ирж зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч М-д холбогдох 1839005140016 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн 54 дугаартай захирамжийн зарим заалтыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол, хор уршгийг бүрэн шалгаж тогтоогоогүй, яллагдагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн

төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, тухайлбал Хилийн 0287 дугаар ангиас хилийн зөрчлийн үед гарсан зардлын тооцоог гаргасан /хх-ийн 21 хуудас/ ба хилийн цэргийн анги уг зардлыг нэхэмжилж байгаа эсэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон эсэх, хэргийн газраас мөр илрүүлсэн, тамхины хайрцаг, тамхины иш олсон гэж мэдүүлсэн байх тул түүнийг олж тогтоон зохих шалгалтуудыг хийж хэрэгт хавсаргах, тамхины иш байгаа бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой эсэхийг тодруулах гэсэн заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжид шууд болон шууд бус хохирол, хор уршиг шаардагдахгүй ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан ба Хэнтий аймгийн Дадал сум дахь Хилийн 0287 дугаар ангиас хилийн зөрчлийн үед гаргасан зардлын тооцоо нь хойшлуулшгүй ажиллагааны үед гарсан зардал ба тухайн байгууллагын ажил үүргийн хуваарийн дагуу тухайн байгууллагын төсөвт төсөвлөгдсөн зардал учраас тухайн байгууллагаас иргэний нэхэмжлэгч тогтоох шаардлагагүй юм. Улсын Хилийн дэглэм зөрчсөн гэх этгээдүүд нь “Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэх үйлдэлдээ маргаагүй, Хилийн дэглэмийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 8-11 хуудас/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн газраас илрүүлсэн мөр, тамхины хайрцаг, тамхины ишинд шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэлгүй бөгөөд дээрх нэмэлт ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 54 дүгээр захирамжийн 1, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-д холбогдох хэргийг Хэнтий аймгийн прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус  хохирол, хор уршгийг тогтоогоогүй, хилийн 0287 дугаар ангиас зөрчлийн үед гарсан зардлыг нэхэмжлэх эсэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох эсэх, мөн Г, Б нарыг хил нэвтэрсэн талаар мэдүүлсэн байхад тэдний хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, эргэлзээтэй, гэмт хэрэг гарсан байршлыг тогтоогоогүй, холбогдогч нарын буу ямар зориулалттай болох, шүүгдэгч нарын бусад үйлдлүүдэд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, эд мөрийн баримтаар хураагдсан буу, сум зэргийг зохих журмын дагуу шийдвэрлэх зэрэг үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЗ/54 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ