Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д холбогдох

Барилгыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсний алдангид 263 330 000 төгрөг гаргуулах, Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв талбай бүхий 5 ширхэг, нийт 282.93 м.кв орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангид 65 003 580 төгрөг, мөн байрны үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөг, нийт 208 333 580 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Нямцоож

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Шинэбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөн

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 1 дүгээр улиралд багтаагаад бүрэн хүлээлгэж өгнө гэсэн санал хариуцагчаас гаргасан учир нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрсөн. Уг гэрээний дагуу 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв бүхий нийт 282.93 м.кв талбайтай орон сууцыг 526 660 000 төгрөгөөр цэцэрлэгийн зориулалтаар бариулахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон явцын дунд төлөх төлбөрүүдийг бүрэн төлж дуусгасан боловч одоо болтол үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Гэрээний 7.2 дахь заалтыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийт 485 өдрийн алданги 766 290 300 төгрөг болж байгааг 50 хувиар тооцож үзэн 263 330 000 төгрөг болж байгаа, мөн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж 282.93 м.кв нийт 5 ширхэг байрыг бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хугацаа хэтрүүлсний алданги 263 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14/39 дугаартай байр захиалгаар бариулах гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээнд гүйцэтгэгч нь барьж захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохирсон. Мөн гэрээний 2.3-т төлбөр төлөх графикийг талууд харилцан тохирсон, алдангийн хувьд байр захиалгаар бариулах гэрээний 7.2 дахь хэсэгт барилга ашиглалтад оруулах хугацааг хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид өгөх алдангийн хэмжээ хоног тутамд 0.3 хувь байна. Алдангийг энэхүү гэрээний 1.3-т заасан өдрөөс хойш 1 улиралтай тэнцэх хугацаа өнгөрсөн үеэс эхлэн тооцохоор тохирсон байдаг. Гэрээний 7.2-т зааснаар нийт үнийн дүнгээс тооцох эсэх нь тодорхойгүй. Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй гэх боловч хэдэн төгрөгөөс яаж алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Зүй нь нэхэмжлэгч тал гүйцэтгэгчид хэдэн төгрөгийн төлбөр төлсөн, одоо хэдэн төгрөг төлөх, гүйцэтгээгүй ажлыг хэдэн төгрөгөөр тогтоосон үнийн дүнгээс алданги тооцох учиртай. Уг барилгыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн улсын комиссын актын 1.7 дахь хэсэгт уг барилгыг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусгасан гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 102б байр гэж цэцэрлэгийг бүрэн барьсан. Энэ цэцэрлэгээ хүлээн аваач гэсэн боловч авдаггүй, үүнийг нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргасан” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар талууд хоорондоо ярилцсан. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцохоор тохирсон. Байр захиалан бариулах гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь төлөх хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тухай бүр тооцоход 130 007 160 төгрөг болж байгаа боловч 50 хувь буюу 65 003 580 төгрөг, дээр нь үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөгийг нэмж нийтдээ 208 333 580 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан энэ шаардлагынхаа хүрээнд шийдүүлэх саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хоорондох гэрээний үнийн дүн нийт 526 660 000 гэдэгт талууд маргахгүй байгаа. Мөн нийт төлсөн төлбөрүүдийн хэмжээ болон он, сар дээр талууд маргахгүй байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлөлтийн тооцоолол гаргасан. Үүнд 383 000 000 төгрөгийг төлөхдөө 2014 оны 08 дугаар сарын 28-нд гэрээ байгуулсан өдөр 200 000 000 төгрөг төлсөн тул алданги тооцохгүй, 2 дахь төлбөр гэрээний 3.2-т заасны дагуу 09 дүгээр сарын 10-ны өдөр 83 330 000 төгрөг төлөгдөх ёстой байсан. Гэтэл 1 хоногийн хугацаа хэтэрч 50 000 000 төгрөгийг 09 дүгээр сарын 11-ны өдөр төлсөн, үүнээс 29 хоногийн дараа 7 000 000 төгрөг, дараа нь 20 000 000 төгрөг гэх мэтээр цувуулж төлсөн, нийтдээ 62 хоног л хугацаа хэтэрсэн байгаа. Одоогийн байдлаар үлдэгдэл 143 330 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй байгаа учир алданги төлөхгүй. Гэрээний 3.1 дэх заалтад барилгын ажлыг дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч Ц.Баярмаад байраа хүлээлгэж өгөөгүй байдаг. Талуудын байгуулсан гэрээнд уг барилга нь хаана баригдах ёстой талаар заасан. Гэрээний 1.1-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана гэсэн байхад улсын комиссын акт нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Шүрэн” ХХК-ийн захиалгатай гэсэн зөрүүтэй баримт байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 143 330 000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөх үүрэг үүсээгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв талбай бүхий 5 ширхэг, нийт 282.93 м.кв орон сууцыг бүрэн дуусгаж “хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар Ц.Баярмаад хүлээлгэн өгөхийг хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д даалгаж, хариуцагчаас алдангид 263 330 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баярмаагаас 5 017 380 төгрөг гаргуулж “Шүрэн солюшнс” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203 316 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Шүрэн солюшнс” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж Ц.Баярмаад, Ц.Баярмаагаас 95 228 төгрөг гаргуулж “Шүрэн солюшнс” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 544 800 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 199 620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож давж заалдах гомдолдоо “...Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хоцроосноос үүдэн гүйцэтгэгчийн захиалагчид төлөх алдангийн хэмжээ хоног тутам 0.3 хувь байх...” гэсний дагуу тооцон нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “хугацаа хэтрүүлсний алданги 263 330 000 төгрөгт холбогдох хэсгийг “...ажил гүйцэтгэгчийн үүрэг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойгүй...” гэх дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2, 1.3-т тус тус зааснаар гэрээгээр тохирсон байрыг тогтоосон хугацаанд барьж, гэрээний 3.1-т заасны дагуу “тухайн байрыг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч нь гэрээний 7.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл талууд гэрээний 1.2-т “...526 660 000 төгрөг...” гэж гүйцэтгэх ажлын үнийн дүнг тохиролцсон, хариуцагч ийм хэмжээний ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгч талын өмчлөлд бүрэн шилжүүлээгүй байх тул уг дүнгээс алданги шаардсан нь үндэслэлтэй.

Шүүх “хариуцагч тал...нэхэмжлэгчээс 65 003 580 төгрөгийн алданги төлүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй...” гэх дүгнэлтийг хийсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 017 380 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөн, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар давж заалдах гомдолдоо “...Хариуцагч "Шүрэн солюшнс" ХХК нь нэхэмжлэгч Ц.Баярмаатай байгуулсан байр захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүгийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан "Шүрэн" ХХК-ийн захиалгатай 51 автомашины зогсоолтой, 80 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байнгын ашиглалтанд оруулж, улсын комисс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иргэн Ц.Баярмаа нь анх "Шүрэн Солюшнс" ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14/39 тоот байр захиалгаар бариулах гэрээг байгуулан Ариг бүрд орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарт 41.29 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.7 м.кв, нийт 283.33 м.кв талбай бүхий байруудыг захиалж, 1 м.кв нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр, нийт 566 660 000 төгрөг байхаар, уг төлбөрийг гэрээний 2.3 дэх хэсэгт заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гүйцэтгэгчийн зүгээс Ариг бүрд орон сууцны цогцолборыг гэрээний 1.3 дэх хэсэгт заасан хугацаанд барьж гүйцэтгэж чадахааргүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч Ц.Баярмаатай харилцан тохиролцон гэрээний 1.2 дахь хэсэгт заасан нийт төлбөрийн хувьд өөрчлөлт оруулан гэрээг 2015 оны 03 дугаар сард дахин байгуулсан ба захиалагчийн зүгээс орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар засуулах санал гаргаж, уг саналыг гүйцэтгэгч хүлээн авч цэцэрлэгийн дотоод засал чимэглэлийн ажил болон цахилгаан, сантехникийн холболт угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болж гэрээний нийт төлбөрөөс барилгыг хугацаандаа оруулж чадаагүйн төлөө захиалагчийн өмнө 40 000 000 төгрөгийн хариуцлага хүлээж, хөнгөлөлт үзүүлэн гэрээг дахин байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно. Улмаар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссын акт гарснаас хойш захиалагчтай уулзан барилгыг хүлээн авах талаар удаа дараа санал гаргаж байсан боловч захиалагчийн зүгээс байрыг /цэцэрлэгийг/ хүлээн аваагүй байдаг. Сүүлд хөнгөлөлт үзүүлэн байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар захиалагч Ц.Баярмаагийн зүгээс явцын төлбөрүүдийг төлөхдөө нийт 62 хоногийн хугацаа хэтрүүлж төлбөрийг төлсөн, энэ хугацаа хэтрүүлсэний алдангийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин гэрээний үлдэгдэл 143 330 000 төгрөгийг улсын комиссын акт гарсан өдөр төлөхөөр талууд төлбөрийн графикийн хувьд харилцан тохирсон боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй, захиалагчийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх ба ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ариг бүрд цогцолборын зүүн корпусын 2 дугаар давхарын 5 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэж байгаа тохиолдолд гэрээний үлдэгдэл төлбөр болох 143 330 000 төгрөгийн асуудлыг мөн шийдвэрлэх ёстой байсан боловч сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

...Захиалагч тал гэрээний 2.3 дэх хэсэгт заасан улсын комиссын акт гарсан өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт "...Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл байр гүйцэтгэгчийн өмчлөлд байна..." гэж талууд тохиролцсон байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсний алданги шаардсан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд тулгуурлалгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Баярмаа нь хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д холбогдуулан “Ариг бүрд” орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв, нийт 283.93 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсэний алдангид 263 330 000 төгрөг гаргуулах, уг орон сууцнуудыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөх хуваарийг хэтрүүлсний алдангид 65 003 580 төгрөг, байрны үлдэгдэл төлбөрт 143 330 000 төгрөг, нийт 208 333 580 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Байр захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь “Ариг бүрд” орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв, нийт 283.93 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг м.кв тус бүрийг нь 1 861 450 төгрөгийн хөлстэйгөөр барьж, 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн, түүнчлэн зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж уг орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөн засуулах ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, захиалагч нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 383 300 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, орлогын ордер, Голомт банкны төлбөрийн даалгавар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 5-21, 27, 28, 58, 59, 132-134/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг хүлээхээр тус тус заажээ.

 

            Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч хугацаанд нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй байх тул зохигчдын хэн аль нь уг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзнэ.

 

            Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 3.1-д заасны дагуу 282.93 м.кв талбай бүхий 5 байрыг бүрэн барьж дуусгаж” хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар нэхэмжлэгч Ц.Баярмаад хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэх үндэслэлээр алдангид 263 330 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Түүнчлэн хариуцагчийн “...барилга байгууламжийг ашиглалтад өгөхөөс өмнө нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулж, барилгын засал чимэглэлийг нь цаг тухайд нь өөрчилсөн...2016 оны 05 дугаар сард барилгын засалд шаардагдах материалыг ирүүлсний дагуу заслын ажлыг хийж дуусгасан” /хх 28, 58, 59/ гэх тайлбараар захиалагчийн саналын дагуу барилгын зориулалтыг өөрчилж ажлыг гүйцэтгэсэн нь гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх хугацааг хожимдуулахад нөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

 

            Шүүх гэрээний 7.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгчээс төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алдангид 5 017 380 төгрөгийг гаргуулж хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д олгосон нь үндэслэлтэй байх ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

            Харин шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн дагуу 5 ширхэг байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн атлаа уг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 143 330 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, хүлээлгэн өгсөний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр буюу улсын комиссын акт гарсан өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцсоныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх харилцан тооцох шаардлагын талаар буруу дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үлдэгдэл төлбөр болох 143 330 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баярмаагаас гаргуулан хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаантай харилцаа, шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 дахь заалтуудыг хэрэглэсэн нь оновчтой бус болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

Талуудын байгуулсан гэрээнд барилгыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо гэж, харин уг барилгыг хүлээн авсан улсын комиссын актад тус дүүргийн 25 дугаар хороо гэж зөрүүтэй бичсэн байх боловч уг барилга нь өөр барилга гэдгийг нэхэмжлэгч үгүйсгэсэн баримтыг гаргаагүй бөгөөд Ариг бүрд орон сууцны цогцолбор хорооллын нэг барилга болох нь тогтоогдож байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ариг бүрд” орон сууцны цогцолборын зүүн корпусын 2 давхрын 41.49 м.кв, 45.51 м.кв, 55.25 м.кв, 70.38 м.кв, 70.3 м.кв, нийт 283.93 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг Ц.Баярмаад хүлээлгэн өгөхийг хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК-д даалгаж, хариуцагчаас алдангид 263 330 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Баярмаагаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 143 330 000 төгрөг, алдангид 5 017 380 төгрөг, нийт 148 347 380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шүрэн солюшнс” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 003 580 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...95 228...” гэснийг “...899 687...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.          

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шүрэн солюшнс” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 174 531 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН