Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00670

 

П.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1048 дугаар магадлалтай,

П.Гын нэхэмжлэлтэй

Э.Гт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 8 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 12-нд машин авах зорилгоор Улаанбаатар хотод орж ирээд, Да-Хүрээ зах орж машин сонирхож байгаад хариуцагч Э.Гоос 88-61 УНН улсын дугаартай Тоёота приус маркийн машиныг 8 300 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, өөрийн нэр дээр нотариатаар итгэмжлэл хийлгэж, мөнгийг бэлнээр өгч тооцоо хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин дүүг маань бариад явж байхад Дархан-Уул аймгийн прокурор А.Оргилбаяр гэдэг хүний уг машиныг хэргийн холбогдолтой учраас хураан авч битүүмжлэх зөвшөөрлөөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст машиныг хураан авч битүүмжилсэн. Ингээд бид үүнээс хойш машиныг авч чадаагүй. Худалдсан Э.Гтоо хандахаар хүлээж авдаггүй. Гэрээ хийгээд төлбөрөө төлөөд авсан юм чинь худалдагч Э.Гт төлсөн 8 300 000 төгрөгөө буцааж гаргуулахаар нэхэмжилж байна. Би машинаа сар унаад л хураалгасан. Энэ хугацаанд банкны хүү төлж байна. Мөрдөгч н.Гэрэлцогтой уулзаж, энэ асуудлын араас өөрөөсөө мөнгө гаргаад л явж байна. Э.Гоос мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. Энэ хүнээс машин авсан биш өөрөө өчнөөн хохироод явж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Да-Хүрээ зах дээр автомашин худалдаалдаг ченж юм. П.Г 2018 оны 8 дугаар сарын 12-нд намайг зах дээр байж байх үед ирж, Приус-20 маркийн 88-61 УНН улсын дугаартай машиныг худалдаж авсан. Уг машиныг би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ганхуяг овогтой Энхсайханаас худалдан авч, өөрийн нэр дээр машиныг шилжүүлэн гэрчилгээ авсан байсан тул П.Г нь надаас машиныг худалдан авахдаа өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж аваад явсан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй ч бид харилцан амаар тохиролцож худалдсан. Энэ машиныг миний өмнө гэмт хэрэгт холбогдож байсан, үгүй талаар би мэдэхгүй. Авто тээврийн улсын бүртгэлийн газар нэр шилжүүлэхэд ямар нэгэн өр шир барьцаанд тавигдсан гэж гарч ирээгүй тул мэдэх боломж байгаагүй. Би шударгаар худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэж байна. Би машиныг Энхсайханаас худалдан авахдаа түүний 5075370751 дансанд 7 200 000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч П.Г 2019 оны 2 дугаар сард надруу яриад би Энхсайханаас 7 200 000 төгрөгийг нь гаргуулаад авсан, чи үлдэгдэл 1 100 000 төгрөгийг нь өг гэж байсан боловч одоо бүхэлд нь нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үлдэгдэл гэх 1 100 000 төгрөгөөр нь би П.Гад зарсан машинд сэлбэг худалдан авч сайжруулсан учир огт мөнгө өгөхгүй. Би ч мөн хохирчхоод байна. Хэрвээ гэмт хэргийн холбогдолтой гэдгийг мэдсэн бол би ч худалдаж авахгүй байсан. Иймээс 8 300 000 төгрөгийг надад машиныг зарж, бусдад хохирол учруулсан буруутай этгээд болох өмнөх эзэмшигч Г.Энхсайханаас шаардаж авна уу. Би тухайн машинаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Авто тээврийн үндэсний төвд очиж өөрийн нэр дээр шилжүүлэхэд ямар ч асуудалгүй, өр зээлгүй байсан. Зарчихаад, ингэж хураалгасан талаар мэдэж байгаа зүйл алга. Машин миний нэр дээр байсан. Хууль ёсоор зарсан. Өөрөө бас хохирогч болчхоод явж байна. Үүнийг шийдэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гоос 8 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Гад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 147 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 147 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1048 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Г хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зевшөөрч гомдол гаргаж байна. Би Да хүрээ зах дээр хүнээс хүүтэй мөнгө зээлж 1 машин аваад түүнийгээ сэлбэж тордоод худалдаж амьдрал ахуйгаа авч явдаг. Г.Энхсайхан 7 200 000 төгрөгийг машины төлбөрт авсан гэдэг нь тогтоогдохгүй гэж үзсэн байна. 2018 оны 08 сарын 11-ний өдөр миний Хаан банкны 5026478776 тоот данснаас Энхсайханы 5075370751 тоот данс руу 7 200 000 төгрөг орсон дансны хуулгаа анхан шатны шүүх өгөхөд гүйлгээний агуулга дээр машин авсан гэж тодорхой бичсэн байдаг. Иргэний хуулийн 114.1 зүйлээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээргүй байна гэжээ. 1 өдрийн дараа л машинаа зарсан байна шударгаар авсан гэж үзэхгүй гэж дүгнэлт хийж байгаа нь хэт 1 талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй магадлал гарсан гэж үзэж байна. Би мөнгө багатай, хүнээс хүүтэй мөнгө зээлдэг тул тэр доор нь захаасаа сэлбэг хэрэгсэл аваад янзлаад зарсан. Шүүхийн магадлалын хянах хэсэгт эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзжээ. Би хуулийн дагуу Автотээврийн үндэсний тов орж лавлаж асуугаад зөрчил дутагдал байхгүй гэж эрхий бүхий байгууллага нь хэлэхээр нь автомашинаа шилжүүлсэн. Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар 30-92 ДАХ дугаартай машин бол миний авсан машин биш байна. Би 30-92 ДАХ улсын дугаартай автомашин авсан. Зохигчдын тайлбараар л анхан шатны шүүх үнэлсэн гэж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд болох П.Г нь нэхэмжлэл гаргаж тайлбар гаргах эрхгүй этгээд байна. Авто тээврийн Үндэсний төвөөс авсан лавлагаагаар П.Эрдэнэсувд гэдэг хүний өмч байсан. Одоо Эрдэнэсувд гэдэг хүн 8 300 000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж надад хүнд байдал учруулахаар байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад давж заалдах шатны шүүх буруу үнэлсэн. Д.П.Г надтай утсаар ярихдаа 7 200 000 төгрөг авсан, үлдэгдэл 1 100 000 төгрөгөө авах юм байна гэж ярьж байсан. Гэтэл анхан шатны шүүх дээр огт мөнгө аваагүй гэж 2 янзаар ярьдаг. Шүүх гэрийн хаяг тодорхой бус болохоор болохгүй гэсэн. Автомашин Энхжин Инвест ХХК -ийн эзэмшилд байсан учир Г.Энхсайханы талаархи хувийн мэдээлэл байхгүй байсан. Би хурал болохын Г.Энхсайханыг гэрчээр оролцуулах хүсэлттэй байгаа талаараа хэлж байсан. Г.Энхсайхан гэдэг хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Энхжин Инвест ХХК-ийн Автотзэврийн Үндэсний төвд нэр шилжүүлэх хүсэлт, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Энхжин Инвест ХХК-ийн салбарын гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг олон нотлох баримтыг шүүхэд өгөх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Гт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 8 300 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байв.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

1.2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр П.Г нь Э.Гоос Тоёота приус-20 маркийн, 88-61 УНН улсын дугаартай автомашиныг 8 300 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг бүрэн төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт тохирсон, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэжээ.

Гэрээний зүйл болох автомашин эрхийн доголдолтой байсан эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.

П.Г нь автомашиныг гэрээний дагуу шилжүүлж авсан боловч 17 хоногийн дараа Дархан-Уул аймгийн прокурорын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор уг машиныг хураан авсан тул улмаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байна.

Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө эрхийн доголдолтой бол худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Гэрээний зүйл нь Энхжин инвест ХХК-ийн барьцаанд байхад ажилтан Энхсайхан хуурамч баримт бүрдүүлэн нэр дээрээ шилжүүлж, бусдад зарсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, эд хөрөнгийг хурааснаас үзэхэд Э.Г нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.

2. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Автотээврийн үндэсний төвөөс лавлаж шалгасны үндсэн дээр Энхсайханаас машиныг худалдаж аваад, өөрийн нэр дээр болгож, П.Гад худалдсан..., өмчлөх эрхийг шударгаар олж авсан байхад шүүх анхаараагүй..., машины өмчлөгч нь П.Эрдэнэсувд байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан..., нэхэмжлэгч нь Энхсайханаас 7 200 000 төгрөг авсан гэж ярьж байсан, Энхсайханыг гэрчээр асуулгах хүсэлттэй байна... энэ хүсэлтээ хуралдаан дээр хэлж байсан, ...бүртгэлийн байгууллагаас Энхжин инвест ХХК-ийн хүсэлт, гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд өгөх хүсэлтэй байна..., шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргажээ.

П.Г нь Э.Гтой байгуулсан хэлцлийн дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа өөрийн нэр дээр бус бусдын нэр дээр бүртгэл хийлгэсэн боловч уг эд хөрөнгийн үнийг төлсөн, худалдах-худалдан авах гэрээний нэг тал тул нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хариуцагч Э.Гийг шударга өмчлөгч биш гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад тохироогүй боловч дүгнэлтийг залруулах боломжтой байна. Хариуцагч Э.Г нь өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд Энхсайханыг өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан нь тогтоогдоогүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй юм. Тэрээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн баримт бичгийг шалгасан, бүртгэлийн баримтад үндэслэж тухайн автомашиныг худалдан авсан, улмаар П.Гад худалдсан боловч эрх бүхий байгууллагаас автомашиныг хураан авсан тул эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл бий болжээ. Э.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээдэг тул гэм буруугүй эсэхээс үл хамаарч үүргээ биелүүлэх ёстой юм.

Хариуцагч нь гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах хүсэлттэй байсан гэх боловч энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1048 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА