Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/шш2017/00219

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2017/00219

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Э” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ...... тоотод оршин суух, Х.Х-д хариуцагдах

“Зээлийн гэрээний үүрэг 3 429 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Х.Х- 2014.06.20-нд тус хоршооноос 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4.5%-ийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Х.Х-гээс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 2 340 000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг нийт 4 448 000 төгрөг гаргуулан авахаас түүний зээлийн хүүд төлсөн 1 019 000 төгрөгийг хасаад үлдэх 3 429 000 төгрөгийг гаргуулан авна. Иймд зээлдэгч Х.Х-гээс 3 429 000 төгрөгийг гаргуулж “Э” ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.Х- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Х- би 2014 онд Э ХЗХ-оос 6 сарын хугацаатай 2 000 000 төгрөг хашааны гэрчилгээ барьцаанд тавьж зээлийг 4.5%-ийн хүүтэй авсан юм. Байшин барьхад өөрийн мөнгө хүрэлцэхгүй байсан учир энэ зээлийг авсан. Би энэ үед ОРО Металл ХХК-д харуулаар ажиллаж байсан. Энэ хооронд ээжийн бие муу байсан учир би “Э” ХЗХ-нд өөрийн биеэр очиж миний зээлийн хүүг зогсоож өгөөч гэж гуйсан. Миний үндсэн зээл болох 2 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4 хуваагаад өгөөч гэж гуйхад надад зөвшөөрөөгүй юм. Учир нь зээлийн хүүг шүүхээр шийдэж байж зогсоодог гэдэг тайлбар өгсөн. Энэ хугацаанд би ээжийгээ 6 сар гаруй асарч байгаад миний ээж Увс аймагт өөд болсон. Ингээд би зээлийг хийж чадахгүй явсаар байгаад 2016 оны 09 сар хүртэл явсан юм. Энэ хооронд надтай юу ч ярихгүй байсаар байгаад сүүлд нь шүүхэд хандсан байна. Би өөрөө групптэй, миний группын хугацааг 2017.01.25-аар таслаад намайг Улаанбаатар хот явж хагалгаанд орж ирээд группээ сунгуулж ав гэдгээ хэлсэн. Би зүрхний шигдээстэй юм. 2017.01.28-нд нэгдсэн эмнэлэгт очер авсан байгаа. 10 хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би үндсэн зээл 2 000 000 төгрөг 6 сарын хүү 540 000 төгрөг нийт 2 540 000 төгрөгнөөс зээл, зээлийн хүүд төлсөн 1 019 000 төгрөгийг хасаад 1 521 000 төгрөг төлөх боломжтой. Бусад мөнгийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн бусад 1 909 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчидын тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э” ХЗХ нь Х.Х-д холбогдуулан “3 429 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлээс 1 521 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, бусад хэсгийг  хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 23-27 дугаар хуудас дахь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, батлан даалтын гэрээ, барьцааны гэрээнд тус тус үндэслэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...би үндсэн зээл болох 2 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4 хуваагаад өгье гэхэд зөвшөөрөөгүй,  зээлийн хүүг шүүхээр шийдэж байж зогсоодог гэсэн тайлбар өгсөн. Энэ хугацаанд би ээжийгээ 6 сар гаруй асарч байгаад миний ээж Увс аймагт өөд болсон. Ингээд би зээлийг хийж чадахгүй явсаар байгаад 2016 оны 09 сар хүртэл явсан юм. Би өөрөө группт, зүрхний шигдээстэй  2017.01.28-нд нэгдсэн эмнэлэгт очер авсан 10 хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би үндсэн зээл 2 000 000 төгрөг 6 сарын хүү 540 000 төгрөг нийт 2 540 000 төгрөгнөөс зээл, зээлийн хүүд төлсөн 1 019 000 төгрөгийг хасаад 1 521 000 төгрөг төлөх боломжтой...” гэж татгалзсан. Хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба “уг зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Тиймээс нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу, хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон  2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 14-06/20-92 тоот зээлийн гэрээгээр 2,0 сая төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлсэн талаар маргаагүй. 

Хариуцагч зээлийн төлбөрт нийт 1 019 000 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд, нэхэмжлэгчийн төлсөн дээрх мөнгийг зээлийн хүүнээс хасаж тооцсон гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. 

Иймд үндсэн зээл 2,0 сая төгрөг, зээлийн хүү 2 340 000 төгрөг /нэхэмжлэл гаргах хүртэл/, нэмэгдүүлсэн хүү 108 00 төгрөг, нийт 3 429 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 1 019 000 төгрөгийг хасаад 3 429 000 төгрөгийг хариуцагч Х.Х-гээс гаргуулан “Э” ХЗХ-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69 814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Х-гээс 3 429 000 төгрөг гаргуулан “Э” ХЗХ-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69 814 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 69 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА