Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/883

 

 

 

 

 

 

 

 

2020           10           09                                      2020/ШЦТ/883

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэнэ

шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-т холбогдох эрүүгийн 2002004080245 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.Х-  2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүнхараа гэх газраас “өвс” гэх гудамжны нэршилтэй гялгар ууттай нойтон жин нь 935 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай, 0,0485 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Х-т шүүх хуралдаанд “ Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв болох Зүүнхараад хүнд гар утас өгөх гэж очсон. Очсон өдрийн орой нь сагсны талбай дээр тоглож байтал тухайн тоглоомын талбайн хажууд интернетээр харж байсан өвс байхаар нь сонирхол төрөөд татаж үзсэн” гэв.

        Хавтаст хэргээс: Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд“...Н.Х-оос “та мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи байгаа” гээд үүрч явсан хар өнгийн гол хэсгээрээ шар өнгийн туузан оруулгатай хажуу талд Your secknd life by halla Sport” гэсэн бичиг бүхий цүнхнээс цагаан тагтай, бор шаргал өнгийн саарал савтай зүйлийг гаргаж ирээд тагийг нь онгойлгоход ургамал мэт ногоон өнгийн зүйл, түүний дотор шар өнгийн асаагуур дээр бор өнгийн шавар мэт зүйл байсныг хураан авлаа. Хураан авсан цагаан өнгийн тагтай, бор шар өнгийн саванд байсан ургамал мэт зүйлийг хөх өнгийн гялгар уутанд хийж албаны жин дээр жинлэж үзэхэд 953,4 грамм, шар өнгийн асаагуур дээр байх шавар мэт зүйлийг цаасны хутгаар хусаж авч зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж албаны жин дээр жинлэж үзэхэд 1,2 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл гэрэл зургууд /хх-ийн 7-12/

Н.Х-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Наранбатын Н.Х-ыг өөрөө сайн дураараа тестээр шалгуулах хүсэлт гаргасан тул тэмдэглэлд тусган Н.Х-ыг хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-ын өрөөнд оруулж 10 төрлийн..., мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг өөрт нь харуулан задалж, Н.Х-ыг тест ашиглаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр..., зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 3 минутын дараа тестний үр дүнг харахад ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ .... болохыг тэмдэглэлд тусгав”... гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-6/

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 4215 дугаартай “...Н.Х- УХ01220157 “ гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4214 дугаартай шинжилгээнд “Наранбат Н.Х- 1,2 гр” гэж хаягласан цэнхэр бичиглэлтэй гялгар уут ирүүлсэн бөгөөд задалж үзэхэд шар өнгийн асаагуур, гялгар ууттай шавар мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,2207 грамм, цэвэр жин нь 0,0485 грамм, шинжилгээнд дээж ач үлдсэн жин нь 0,0126 грамм байна. “ Н.Х-оос хураан авсан эд мөрийн баримт” гэж хаягласан ягаан өнгийн хуванцар сав ирүүлсэн бөгөөд задалж үзээд хар өнгийн гялгар уут, цэнхэр өнгийн гялгар уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйл ирүүлсэн бөгөөд гялгар ууттай нойтон жин нь 935 грамм, дээж авч үлдсэн жин нь 934 грамм болов..., Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн асаагуур, гялгар ууттай шавар мэт зүйл, “Н.Х-оос хураан авсан эд мөрийн баримт” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүр дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-31/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн: “цагаан өнгийн тагтай, ягаан өнгийн дөрвөлжин хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн асаагуур уг шар өнгийн асаагуурт наалдсан байсан шавар мэт зүйлийг шинжилгээнд хүргүүлснээс үлдсэн ургамал мэт зүйлтэй төстэй, шавар мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хх-ийн 15/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 768 дугаартай “Н.Х- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Х- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.  Н.Х- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Х- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Х- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Х- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/

Яллагдагч Н.Х- мөрдөн байцаалтанд: “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн вагоноор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу Мэндтэй уулзаж Note 4 маркийн  гар утсаа зарах, мөн вагонд сууж үзэх гээд нэг өдөр явчихаад ирье гэж бодоод явсан юм. Вагоноор яваад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дээр 15 цаг 10 минутад буухад Мэнд намайг тосож авсан. Мэндийн хамт түүний эмээгийнд очиж хоол цай идэж уугаад Note 4 маркийн гар утсыг 40,0 мянган төгрөгөөр зарсан. Ингээд Мэндтэй хамт буцах вагоны тасалбар аваад сагсны шийд дээр сагс тоглож байгаад Мэндээ орой болчихлоо гээд 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан. Би өдөр нь Мэндээтэй хамт вагоны билет захиалах гээд алхаж байхдаа хашааны хажууд хар тамхины ургамал ургасан байхыг харсан. Би өмнө нь өвсний хэлбэрийг хүний өмссөн хувцас болон, интернэтээр харж байсан. Тэр хашааны хажууд ургасан байсан өвч нь миний интернэтээр харж байсан хар тамхины ургамал мөн байсан. Мэндээг гэр рүү нь явуулчихаад вагон явах болоогүй байсан болохоор вагоноо хүлээгээд сагсны шийдэн дээр тоглож байгаад танихгүй хоёр хүүхдээс галаа өгөөч гэсэн чинь надад шар өнгийн асаагуур өгөхөөр нь тамхиа асаачихаад асаагуур луу хартал хажуу тал нь нэг зүйл наасан байсан, тэгтэл тэр хоёр хүүхэд надаас зугтаагаад яваад өгөхөөр нь кармалчихсан юм. Ингээд сагсны шийдний хажуу талын саравчинд сууж байгаад хашааны хажуу талд хар тамхины өвс байхаар нь ганцаараа түүгээд өөрийнхөө хоолны саванд түүсэн өвсөө хийсэн. Өвсөө түүж байхдаа цэвэр усны саванд түүсэн өвсөө хийсэн. Өвсөө түүж байхдаа цэвэр усны саванд бонго болгож байгаад өвсөө сорж хэрэглэж үзсэн. Ингээд тэндээ байж байгаад шөнийн 02 цагт вагондоо суугаад өглөө 06 цагт буугаад автобусны буудал дээр автобус хүлээгээд байж байгаад цагдаад баригдсан...Би Мэндэд хар тамхитай ургамал түүсэн, түүх гэж байгаа талаараа ямар нэгэн зүйл яриагүй. Мэндээ өөрөө хар тамхины ургамал байдаг гэдгийг хэлж байсан. Гэхдээ надад яг энэ ургамал гэж зааж өгөөгүй. Та орой буцахдаа болгоомжтой буцаарай хотын хүн гэвэл танд хар тамхины ургамал сонирхуулж магадгүй шүү энэ хавиар тиймэрхүү хүмүүс байдаг юм гэж хэлж байсан...Интернэтэд youtube-д яаж хэрэглэж байгаа талаар бичлэг зөндөө олон байдаг юм. Интернэтэд ороод WEED гээд бичихэд л хар тамхины талаар мэдээлэл, бичлэг зөндөө гараад ирдэг. Хар тамхины талаарх мэдээллийг би интернэт орчноос сонсож мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Байгаль орчин, аялал зуучлалын яамны, Монгол улсад ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархцын талаарх судалгаа /хх-ийн 57-77/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-49/,  ял шалгах хуудас /хх-ийн 78/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүнхараа гэх газраас “өвс” гэх гудамжны нэршилтэй гялгар ууттай нойтон жин нь 935 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай түүж бэлтгэн олж авсан, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх бодисыг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай 0,0485 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.Х-ын“...галт тэргээ хүлээж байхдаа галт тэрэгний буудлын ойролцоо байх саравч руу явж байх замд каннабис өвс ургасан байхаар нь түүгээд хоолны ягаан дөрвөлжин хуванцар саванд хийж хот руу авч ирээд автобусанд суух гэж байгаад вокзалын автобусны буудал дээр цагдаад баригдсан... Зүүнхараад буцах галт тэргээ хүлээж байхдаа би түүсэн өвснөөсөө хуванцар саванд хийж сорсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...хураан авсан цагаан өнгийн тагтай, бор шар өнгийн саванд байсан ургамал мэт зүйлийг хөх өнгийн гялгар уутанд хийж албаны жин дээр жинлэж үзэхэд 953,4 грамм, шар өнгийн асаагуур дээр байх шавар мэт зүйлийг цаасны хутгаар хусаж авч зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж албаны жин дээр жинлэж үзэхэд 1,2 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл гэрэл зургууд /хх-ийн 7-12/, Н.Х-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай  “... Н.Х-ыг тест ашиглаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр..., зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 3 минутын дараа тестний үр дүнг харахад ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ...болохыг тэмдэглэлд тусгав”... гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-6/, Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 4215 дугаартай “...Н.Х- УХ01220157” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 24-26/, шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4214 дугаартай шинжилгээнд “Н.Х-оос хураан авсан эд мөрийн баримт” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүр дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна....” гэсэн дүгнэлт гэрэл зургууд /хх-ийн 28-31/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/, Байгаль орчин, аялал зуучлалын яамны, Монгол улсад ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархацын талаарх судалгаа /хх-ийн 57-77/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Н.Х- Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцогдоно.

      

        Иймд хяналтын прокуророос Н.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Н.Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Н.Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

 Шүүгдэгч Н.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

        

         Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

        

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалт нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч Н.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

        Иймд өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дээрх санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

        Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр  шүүх шийдвэрлэлээ.  Шүүгдэгч Н.Х-т оногдуулсан хорих ялыг түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн тагтай, ягаан өнгийн дөрвөлжин хуванцар савтай, шинжилгээнд дээж авч үлдсэн 934 грамм “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамал, шар өнгийн асаагуур, “шавар” гэх нэршилтэй /гялгар ууттай жин нь 1.2207 грамм, цэвэр жин нь 0,0485 грамм/ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэрэг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна. Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Н.Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Н.Х-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Н.Х- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг  дурдсугай.

 

5. Н.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай

      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн тагтай, ягаан өнгийн дөрвөлжин хуванцар савтай, шинжилгээнд дээж авч үлдсэн 934 грамм “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын ургамал, шар өнгийн асаагуур, “шавар” гэх нэршилтэй /гялгар ууттай жин нь 1.2207 грамм, цэвэр жин нь 0,0485 грамм/ хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х-ыг цагдан хорьсоныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            

     

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ