Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

2020 11 09 2020/ШЦТ/122

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батхуяг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бямбацогт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч-ын Б-т холбогдох эрүүгийн 2019000160127 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмрийн технологич мэргэжилтэй, “Шинэ Айраг залуус” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн ахлагч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Уурхайчдын 19-16 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг Д овогт Ч-ын Б, регистрийн дугаар:ЕА79040615

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж, 0.5 га талбайг эвдрэлд оруулж, байгаль орчинд шууд 12 075 650 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3 025 900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475 000 төгрөгийн хохирол, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38 000 төгрөгийн, нийт 15 614 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оноос хойш Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 0.5 га газарт жонш олборлохоор координатаа Айраг сумын Засаг даргын тамгын газарт өгч байсан. Тэр координат нь ямар ч давхардах боломж байгаагүй. Дараа нь очиход координатыг нь өөрчилсөн байсан. Би Айраг сумын Засаг даргад та нар миний явуулсан бичгийг өөрчилсөн байна. Хаана бичиг баримт солигдсон гэдгийг шалгаж өгөөрэй гэж хэлсэн. Манай нөхөрлөлийн координатыг өөрчилсөн байсан. Манай нөхөрлөл дээр акт тавигдсан байсан бөгөөд би лацыг нь авч ажилласан. Нөхөн сэргээлтийг 2 удаа хийсэн. Тэр гомдол гаргасан улсууд уурхайн бүсэд ямар ч зөвшөөрөлгүй буучхаад хүмүүсийг гүтгэж байна. Тухай бид нар удаа дараа сум орон нутагт нь хэлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсанаас хойш 2020 оны 1 сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бямбацогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1406 дугаартай тогтоолоор Айраг суманд 5 газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд гаргая гэсэн шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх албан бичиг ирсэн. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Батбаяр ахлагчтай “Шинэ Айраг Залуус” ЗБН-д ашигт малтмал олборлох гэрээг байгуулсан. Хонгор нэртэй талбайг өмнө нь “Монголросцветмет” ХХК ашиглаж байсан. 2019 оны 03 сард аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/155 албан бичгээр бичил уурхайг зогсоо гэсэн үүрэг чиглэл ирсэн. Үүний дагуу нөхөрлөлүүдтэй гэрээг цуцалсан албан бичиг өгч байсан. Үүнээс хойш “Шинэ Айраг Залуус” ЗБН нь үйл ажиллагаагаа зогсоогоогүй явуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Айраг сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг эдгээр нөхөрлөлүүдийг үйл ажиллагааг шалгаж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу хохирлоо төлсөн. Ашигт малтмалын газраас Хонгор 1, Хонгор 2 гэсэн талбайд дүгнэлт гаргуулахаар 2019 оны 03 дугаар сард дээрх 2 газрын координат нь давхцаж байсан тул шалгуулахаар албан бичиг явуулж байсан. Тэнд дахиж шинэчилж гэрээг байгуулаагүй. Мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоо гэсэн үүрэг чиглэл өгсөн учраас одоогоор ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Шинэ Айраг залуус” нөхөрлөлийн хууль бусаар жонш олборлосон гэх газар нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Хонгор гэх газар байх бөгөөд уг газрын байрлалыг байршил тогтоогчоор хэмжихэд 109.242.84: 4548.3787 гэсэн уртраг, өргөрөгт байх жонш ухсан гэх газарт улсын дугааргүй шар өнгийн хьюндай гэсэн том оврын экскаватор ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байрлалтай зогсож байна. Үүнээс цааш 100 метр зайд уг нөхөрлөлийн ухсан гэх том нүх уурхайн отволь байх ба ухсан газрын хэмжээг тодорхойлж бичих боломжгүй байв. газрын гүнд хөх саарал өнгийн чулуулаг зүйлийг ухаж, байсныг бичлэгээр баталгаажуулав .....гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-дүгээр х.х-ийн 7-12/,

Гэрч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын Хонгор нэртэй газарт үйл ажиллагаа явуулж байгаа Батбаяр ахлагчтай уул уурхайн нөхөрлөлд жолооч ажилтай бөгөөд 2019 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаад, хэсэг амарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 28-ний өдөр уг уурхай дээрээ буцаад ирсэн. Уг нөхөрлөлд Хово маркийн автомашин жолоодож жонш зөөдөг ажилтай хүн бөгөөд сарын 1.000.000 төгрөгийн цалин авдаг. Намайг ажиллах хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэл ажиллахад 2 өдөр өнжөөд, нэг удаа тээвэрлэлт хийдэг байсан ба уурхайн дотор тээврийг нь хариуцаж ажилладаг байсан юм...." гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 15-16/,

Гэрч С.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын Хонгор нэртэй газарт Баараа гэдэг ахын жоншны уурхайд хөрс хуулах ажпаар 2019 оны 12 сарын эхээр ирсэн юм. Тухайн үед жоохон хөрс хуулаад газар нь дийлдэхгүй болоод больсон ба одоогоор жонш ялгах ажил хийж байна. Би Батбаяр ахлагчтай нөхөрлөлтэй ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Манай ах Баттөмөрөөр дамжуулан танилцсан. Би энэ нөхөрлөлд нийт 4 техник авчирсан ба 2 ширхэг эксковатор, 2 ширхэг Норд бенз маркийн автомашин авчирсан бөгөөд эдгээр машины бичиг баримт нь хотод байгаа. ...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 17-18/,

Гэрч Г.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн танил ах Энхсайхан дээр жонш ялгахаар Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд энд ирээд 4 хонож байна. Энэ хугацаанд Айраг суман дээр байдаг уг жоншны уурхай дээр нь байрлаад байж байсан ба ямар нэгэн ажил хийгээгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Анх Энхсайхан ахтай ярихад 1 тонн жоншийг 25.000 төгрөгөөр хагалж ялгана гэж ярьсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 19-20/,

Гэрч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03, 04-ний үеэр өөрийн танил ах Энхсайханы хамт Айраг сумын Хонгор нэртэй газарт байх уурхай дээр жонш хагалах ажилд ажиллахаар ирсэн юм. Би тухайн Батбаяр буюу Баараа гэх хүнийг танихгүй, ирээд 3, 4 хонож байна. Би хөдөлмөрийн гэрээ гэх зүйл байгуулаагүй. Анх Энхсайхан ахтай ярихад хийснээрээ л цалинжина гэж хэлсэн. 1 тонн жоншийг 20-30 төгрөгийн хооронд гэж хэлсэн. Би Энхсайханыг нутгийн хүн болохоор танина. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22 /,

Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын 1 дүгээр баг буюу “Нард” багийн Хонгор нэртэй газарт өөрийн нөхөр Наранбат болон 5 хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2017 оноос хойш Хонгор гээд уулын орчим “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуус” нэртэй хоёр нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах болон малаа бэлчээрлүүлэх зэрэг аж амьдралаа залгуулах эх үүсвэрт хор хөнөөл учруулж болохоор хортой нөхцөл байдалд амьдрах болсон. 2019 он гарсаар дээрх асуудлыг сумын Засаг захиргааны эрх бүхий хүмүүст удаа дараа санал гомдлоо өгч байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх 2 нөхөрлөл нь үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй шаардлага тавьсан нутгийн иргэдийг хэл амаар доромжлох болсон. Ингээд миний бие энэ асуудлыг харсаар байж хууль бусаар зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаа нөхөрлөлүүдийг шалгуулж хариуцлага тооцуулах учир шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандсан юм. Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 08- ны өдөр миний хүсэлт гомдлын дагуу Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, Байгаль орчны байцаагч Лхасүрэн, цагдаагийн тасгийн дарга Ч.Ганзориг нар алба хаагчдын хамт ирж Айраг залуус, Шинэ цагийн Айраг залуус нөхөрлөл болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог гэх Дарьцоо гэх хүмүүсийн ухаж сэндийлсэн газрыг үзэж харж, гэрэл зураг болон бичлэгээр баримтжуулан явсан. Эхний очсон газар буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөлийн талбай дээр очиход уурхайн ухсан нүхэн дотор экскаватор асаалттай ажиллаж байсан ба Улаанбаатар хотоос жонш ялгахаар ирсэн гээд 5-6 гадны хүн байсан нутгийн хүмүүсээс адуучин хочтой Ганболд, Ганболдын хүү Ганхуяг, Мядагмаа гээд манай багийн иргэн, Саранцэцэг гэх зэрэг хүмүүс байсан ба шалгалтаар ирсэн албан хүмүүс үзлэг хийж ажиллах явцад өрөм тавьж тэсэлгээ хийхэд бэлдсэн цооногууд илрүүлж зургаар баримтжуулаад байсан. ...Миний мэдэж байгаагаар 2017 оноос хойш дээрх хоёр нөхөрлөл нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлүүд нь Айраг сум болон аймгаас ирж байгаа шалгалтын сургаар үйл ажиллагаагаа зогсоосон мэт болж ажилчдаа нуудаг, заримдаа бол үйл ажиллагаа явуулаагүй гэж засаг захиргааны хүмүүст хэлдэг. Би өөрөө энэ нутагт амьдарч байгаа хүний хувьд эдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг бол гэрчилнэ. Эдгээр нөхөрлөлүүд нь олборлосон жоншоо Даланжаргалан сумын Баяжуулах үйлдвэрт аваачиж өгдөг талаар нутгийн иргэд ярилцдаг. Надад энэ хүмүүстэй ямар нэгэн байдлаар хувийн өш санасан тийм асуудал байхгүй. Зөвхөн нутаг орноо гэх санаа зорилгоор л цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна гэж үзэж байгаа ба уул уурхайн тоос, орчны бохирдлоос болж хохирч байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, хууль бусаар жонш олборлоод байгаа үйл ажиллагааг таслан зогсоож буруутай этгээдээр газар нутгийг минь нөхөн сэргээж малчин ард иргэдээ айдасгүй амьдруулж өгөөч гэсэн санал гомдол байна. Би одоо энэ гомдол саналтай холбоотойгоор миний гэр бүл болон ойр орчмын төрөл саданд гадны муу зүйл тохиолдвол энэ нөхөрлөл уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй шууд холбоотой гэж бодоод албан ёсоор энэ талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-25 /,

Гэрч Н.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн Хонгор гэх газарт 1992 оноос хойш нутаглаж байгаа хүн байгаа юм. Манай нутаг ус маань Хонгор гээд тахилгатай уултай бөгөөд уг уулыг тойрсон уул уурхайн хуучин отвол нүх болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани нөхөрлөлүүд олон байдаг. Үүнээс Айраг залуус болон Шинэ цагийн Айраг залуус гэсэн нөхөрлөлүүд нь манай гэртэй хаяа залгаж байрладаг бөгөөд дээрх хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас эхлээд үйл ажиллагаа явуулах болсон. Анх эхлэхдээ сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулах болсон ба Эрдэнэ-Очир, Батбаяр гэсэн хоёр ахлагчаар удирдуулсан хүмүүс жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ хоёр нөхөрлөлийн үйл ажиллагаа нь томоохон хэмжээний уул уурхай шиг тоног төхөөрөмж ашиглаж байгаль орчинд ноцтой хохирол учруулж эрүүл газрыг эвдэж сүйтгэж байгаа талаар төрийн захиргааны байгууллагад удаа дараа мэдэгдэж, улмаар 2019 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж дээрх хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон тухай акт гаргаж нутгийн иргэд бид нарт мэдэгдсэн. Гэвч дээрх хоёр нөхөрлөл нь мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үл тоож жонш олборлох үйл ажиллагааг тасралтгүй явуулсан ба аймаг болон сумаас шалгалт ирлээ гэхээр үйл ажиллагааг зогсоож явахаар нь буцаад үргэлжлүүлэн ажиллах жишгээр өдийг хүртэл ажиллаа. Ийм учир шалтгааны улмаас цагдаа болон Айраг сумын Тамын газарт хүсэлт тавьж шалгуулахаар энэ асуудлыг мэдэгдсэн юм. ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27/,

Гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эдгээр нөхөрлөлүүд нь 2017 оноос хойш л манай нутгаар жонш ухаж ажиллах болсон ба нөхөрлөлийн ахлагч нар нь Эрдэнэ-Очир, Батбаяр буюу Баараа гэх нутгийн хүмүүс байдаг. Энэ хоёр нөхөрлөл нь олон техник хэрэгсэл ашиглаж нутаг орны бэлчээр, газар нутгийг ухаж сэндийлдэг ба сүүлийн 2019 онд гэхэд эрүүл саруул байсан газрыг ухаж сэндийлэх болсон. Эдгээр нөхөрлөлийн хүмүүс нь Айраг сум болон аймгаас шалгалт ирэхээр үйл ажиллагаагаа зогсоогоод ямар ч ажил хийгээгүй юм шиг болдог ба энд амьдарч байгаа нутгийн иргэд нь байнга хажууд нь байгаагийн хувьд яг тасралтгүй үйл ажиллагаа явуулсныг нь гэрчилнэ. Эдгээр нөхөрлөлүүд нь олон тооны том оврын машин техник ашиглаад томоохон уурхай шиг ажилладаг бөгөөд малчин иргэд бидний малаа бэлчээрлүүлэх газар нутгийг ухаж сэндийлж байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29/,

Гэрч Д.Гангандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар энэ хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулаад байгаа ба анхандаа бол зөвшөөрөл аваад ажиллуулж байгаад явцын дунд зөвшөөрлийг цуцалсан юм байна лээ, гэсэн хэдий боловч тэдгээр улсууд хууль бусаар жонш олборлож нутгийн иргэдийн тавьсан шаардлагыг үл тоодог. Тэгээд Хонгор нэртэй газрын орчимд байгаа морин барианы урд хар дэл орчимд эрүүл газрыг ухаж сэндийлсэн. ..." гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 30-31/, Гэрч Э.Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус сумын 1 дүгээр багийн Хонгор-2 нэртэй газарт Айраг шинэ цагийн залуус, Шинэ Айраг залуус гэсэн 2 нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээг 2018 оны 06 дугаар сард байгуулсан байж байгаад Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05- 03/26 тоот актаар буюу “бичил уурхайн аргаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлтийн төлөвлөөгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлийн дагуу дээрх 2 нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов” гэсэн акт тавигдсан. Гэсэн хэдий боловч дээрх хоёр нөхөрлөл үйл ажиллагаагаа хэсэг зогсоосон болоод удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ байдлаар таслан зогсоохоор Айраг сумын Засаг даргын тамгын газраас 2-3 удаа төлөвлөгөөт шалгалт зохион байгуулан ажиллахад дээрх хоёр нөхөрлөл үйл ажиллагаа нь явж байсан ба Засаг даргын тамгын газраас үйл ажиллаагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийж, хүлээлгэж өгөх талаар албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн боловч энэ шаардлагуудыг биелүүлэхгүй, нөхөн сэргээлт хийхгүй, өнөөдрийг хүрсэн байна. Одоогоор эдгээр нөхөрлөлүүдийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь албан ёсны зөвшөөрөл гэх зүйл байхгүй. 2020 он гарснаас хойш Айраг сумын Хонгор-2 гэх газарт нутаглаж байгаа малчин иргэн Наранбат, Эрдэнэчимэг нараас бичил уурхайн Айраг залуус, Шинэ цагийн Айраг залуус гэсэн нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа явуулаад байна, өдөр шөнөгүй техник ажиллуулж, тэсэлгээ хийгээд байна гэсэн гомдол утсаар өгч байсан. Энэ талаар Засаг дарга Мөнхжаргалд танилцуулж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засаг дарга Л.Мөнхжаргал, Айраг сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга, алба хаагч нарын хамт хяналт шалгалтыг хийж Шинэ Айраг залуус буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөлийн байгаа газарт очиход Улаанбаатар хотоос жонш ялгахаар ирсэн гэх 4 хүн, мөн Айраг сумын нэр бүхий 2 хүн байсан ба ухаж байсан талбайн хэсэгт нь том оврын экскаватор жонш ухаж ажиллаж байсан. Энэ асуудлыг утсан дээрээ бичлэг хийж баримтжуулан авсан ба уурхайн хэсэгт цагдаа нар үзлэг хийхэд жоншны отволь нүхний хойд хэсэгт өрөм тавьсан нүхнүүд байсан, энэ нүхийг тэсэлгээ хийхэд бэлтгэсэн маягтай 12 нүх байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс ямар ажил явагдаж байгаа талаар асуухад Баараа гэдэг хүн дээр жонш ялгахаар ирсэн хүмүүс байгаа юм ирээд 3-4 хонож байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан. ... Шинэ Айраг залуус буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөл нь Хонгор-2 нэртэй газарт өмнө ухсан отвол нүх рүү орсон болохоор байгаль орчинд ямар хохирол учруулсан болох нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдох байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 34-36 /,

Гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд Ашигт малтмалын газраас ирсэн дүгнэлт, аймгаас ирүүлсэн “бичил уурхайг дэмжих” чиглэлийн дагуу 2018 оны 02 дугаар сард “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуучууд” гэсэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, тус сумын Хонгор нэртэй газарт бичил уурхайгаас жонш олборлох гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 03 сард Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт ирээд, уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай улсын байцаагчийн акт тавигдсан. Ингээд уг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийг хүргүүлсэн. Тэгээд уг хоёр нөхөрлөл Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ өгсөн ба үүний дагуу Ашигт малтмалын газарт газрын дүгнэлт гаргуулах тухайн албан бичгийг явуулсан. Уг хүсэлтийн дагуу Х.Эрдэнэ-Очир ахлагчтай нөхөрлөлийн явуулсан газрын сольболцол нь давхцалгүй гэсэн хариу ирсэн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нөхөрлөлүүдтэй нэмж гэрээ байгуулахгүй журам шинэчлэгдэж байгаа гэсэн чиглэлийн дагуу Айраг шинэ цагийн залуучууд болон Шинэ Айраг залуус нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулаагүй. Тэгээд үйл ажиллагаа нь зогсоох тухайн удаа дараа бичгээр болон өөрийн биеэр тавьсан боловч үйл ажиллагаагаа зогсоогоогүй, сумын Хонгор гэх газрыг чөлөөлж өгөхгүй байсан. Айраг шинэ цагийн залуучууд буюу Х.Эрдэнэ-Очир ахлагчтай нөхөрлөл нь 2018 оноос хойш уг нөхөрлөлийн газарт техник түрээслэн үйл ажиллагаа явуулсан ба оператор компани хүртэл оруулж байсан. Шинэ Айраг залуус буюу Ч.Батбаяр ахлагчтай нөхөрлөл нь 2018 оноос хойш оператор компани авчирч үйл ажиллагааг явуулсаар л байсан. Уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсан үеэс эхэлж гэрээ дуусгавар болсон. 2019 оны 03 сараас хойш Засаг даргын тамгын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг 4 удаа явуулсан ба шалгалт бүр л үйл ажиллагааг зогсоож, сумын газрыг чөлөөлж өгөх, ухсан газраа нөхөн сэргээх талаар албан бичгээр 2 удаа, өөрийн биеэр хүртэл уулзаж үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөл гэсэн шаардлагыг Х.Эрдэнэ-Очир болон Ч.Батбаяр нарт тавьдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 22-ны өдөр уг нөхөрлөлийн ахлагч Х.Эрдэнэ-Очир, Ч.Батбаяр нарт хугацаатай албан бичиг өгч нөхөн сэргээлт хийлгэн газар чөлөөлөх тухай шаардлагыг хүргүүлж гарын үсэг зуруулсан. Тэгсэн боловч уг албан бичгийн шаардлагыг хангаж сумын газрыг нөхөн сэргээгүй бөгөөд шинээр нэмж газар ухсан байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр албан бичгээр гомдол гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-49 /,

Гэрч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Контлайн компанийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг салбарт гаалийн хяналтын талбайн эрхлэгч ажилтай хүн байгаа юм. Би Чулуунбаатарын Батбаяр гэдэг хүнийг танина. Энэ хүнтэй ажил хэргийн холбоотой бөгөөд манай компани гаалийн хяналтын талбайгаар үйлчлүүлдэг хүн байгаа юм. Ч.Батбаяр нь манай гаалийн талбайн пүүгээр үйлчлүүлж жоншны жин тогтоолгох үйлчилгээ авдаг хүн байгаа юм. Би Ч.Батбаярыг 2019 оны 03 сараас хойш нийт хэдэн удаа пүүлүүлснийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай компани пүүний бүртгэлээс хэдэн удаа хэчнээн тонн ачсан болох нь гараад ирнэ. Манай компанид албан бичгээр хандаж энэ тоог гаргаж болно. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ Яллагдагч Ч.Батбаярын Төрийн банкин дахь 2018.01.01-ний өдрөөс 2019.12.31- ний өдрийг хүртэлх хугацаан дахь “Депозит дансны харилцагчийн монгол хуулга”-ууд /1 дүгээр хх-ийн 58-67 /,

Яллагдагч Ч.Батбаярын Хаан банкин дахь 2018.01.01-ний 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацаан дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд /1 дүгээр хх- ийн 70-168/,

Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 02/08 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 175-191/,

Тус аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аан, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн дунд хийсэн хяналт шалгалтын тайлан /1 дүгээр хх-ийн 207-217/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээ хийсэн дүгнэлтүүд /2 дугаар хх-ийн 2-13, 16-26 /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Шинэ Айраг залуус нөхөрлөл” нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газарт 2018 оноос эхлэн тус сумын Засаг даргатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох тухай Улсын байцаагчийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 11-05-038/24 тоот акт тавигджээ.

Шүүгдэгч Ч.Б нь улсын байцаагчийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон шийдвэрийг үл биелүүлэн 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу жоншны олборлолт явуулж байгаль орчинд нийт 15 614 550 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Бямбацогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 сард аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/155 албан бичгээр бичил уурхайг зогсоо гэсэн үүрэг чиглэл ирсэн ... Мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоо гэсэн үүрэг чиглэл өгсөн учраас одоогоор ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын Хонгор нэртэй газарт үйл ажиллагаа явуулж байгаа Батбаяр ахлагчтай уул уурхайн нөхөрлөлд жолооч ажилтай бөгөөд 2019 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаад, хэсэг амарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 28-ний өдөр уг уурхай дээрээ буцаад ирсэн. Намайг ажиллах хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэл ажиллахад 2 өдөр өнжөөд, нэг удаа тээвэрлэлт хийдэг байсан ба уурхайн дотор тээврийг нь хариуцаж ажилладаг байсан юм...." гэсэн мэдүүлэг, гэрч С.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Айраг сумын Хонгор нэртэй газарт Баараа гэдэг ахын жоншны уурхайд хөрс хуулах ажлаар 2019 оны 12 сарын эхээр ирсэн юм. Тухайн үед жоохон хөрс хуулаад газар нь дийлдэхгүй болоод больсон ба одоогоор жонш ялгах ажил хийж байна. Би Батбаяр ахлагчтай нөхөрлөлтэй ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаагүй....” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03, 04-ний үеэр өөрийн танил ах Энхсайханы хамт Айраг сумын Хонгор нэртэй газарт байх уурхай дээр жонш хагалах ажилд ажиллахаар ирсэн юм. Би Батбаяр буюу Баараа гэх хүнийг танихгүй, ирээд 3, 4 хонож байна. Би хөдөлмөрийн гэрээ гэх зүйл байгуулаагүй. Анх Энхсайхан ахтай ярихад хийснээрээ л цалинжина гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оноос хойш Хонгор гээд уулын орчим доор “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуус” нэртэй хоёр нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах болон малаа бэлчээрлүүлэх зэрэг аж амьдралаа залгуулах эх үүсвэрт хор хөнөөл учруулж болохоор хортой нөхцөл байдалд амьдрах болсон. 2019 он гарсаар дээрх асуудлыг сумын Засаг захиргааны эрх бүхий хүмүүст удаа дараа санал гомдлоо өгч байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх 2 нөхөрлөл нь үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй шаардлага тавьсан нутгийн иргэдийг хэл амаар доромжлох болсон. ...Эхний очсон газар буюу Батбаяр ахлагчтай нөхөрлөлийн талбай дээр очиход уурхайн ухсан нүхэн дотор экскаватор асаалттай ажиллаж байсан ба Улаанбаатар хотоос жонш ялгахаар ирсэн гээд 5-6 гадны хүн байсан нутгийн хүмүүсээс адуучин хочтой Ганболд, Ганболдын хүү Ганхуяг, Мядагмаа гээд манай багийн иргэн, Саранцэцэг гэх зэрэг хүмүүс байсан ба шалгалтаар ирсэн албан хүмүүс үзлэг хийж ажиллах явцад өрөм тавьж тэсэлгээ хийхэд бэлдсэн цооногууд илрүүлж зургаар баримтжуулаад байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг залуус болон Шинэ цагийн Айраг залуус гэсэн нөхөрлөлүүд нь манай гэртэй хаяа залгаж байрладаг бөгөөд дээрх хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас эхлээд үйл ажиллагаа явуулах болсон. Анх эхлэхдээ сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулах болсон ба Эрдэнэ-Очир, Батбаяр гэсэн хоёр ахлагчаар удирдуулсан хүмүүс жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ хоёр нөхөрлөлийн үйл ажиллагаа нь томоохон хэмжээний уул уурхай шиг тоног төхөөрөмж ашиглаж байгаль орчинд ноцтой хохирол учруулж эрүүл газрыг эвдэж сүйтгэж байгаа талаар төрийн захиргааны байгууллагад удаа дараа мэдэгдэж, улмаар 2019 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж дээрх хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон тухай акт гаргаж нутгийн иргэд бид нарт мэдэгдсэн...." гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эдгээр нөхөрлөлүүд нь 2017 оноос хойш л манай нутгаар жонш ухаж ажиллах болсон ба нөхөрлөлийн ахлагч нар нь Эрдэнэ-Очир, Батбаяр буюу Баараа гэх нутгийн хүмүүс байдаг. Энэ хоёр нөхөрлөл нь олон техник хэрэгсэл ашиглаж нутаг орны бэлчээр, газар нутгийг ухаж сэндийлдэг ба сүүлийн 2019 онд гэхэд эрүүл саруул байсан газрыг ухаж сэндийлэх болсон....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гангандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар энэ хоёр нөхөрлөл нь 2017 оны зунаас хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулаад байгаа ба анхандаа бол зөвшөөрөл юм аваад ажиллуулж байгаад явцын дунд зөвшөөрөл юмыг цуцалсан юм байна лээ, гэсэн хэдий боловч тэдгээр улсууд хууль бусаар жонш олборлож нутгийн иргэдийн тавьсан шаардлагыг үл тоодог...." гэсэн мэдүүлэг, гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд Ашигт малтмалын газраас ирсэн дүгнэлт, аймгаас ирүүлсэн “бичил уурхайг дэмжих” чиглэлийн дагуу 2018 оны 02 дугаар сард “Шинэ Айраг залуус”, “Айраг шинэ цагийн залуучууд” гэсэн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж тус сумын Хонгор нэртэй газарт бичил уурхайгаас жонш олборлох гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 03 сард Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт ирээд, уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай улсын байцаагчийн акт тавигдсан. Ингээд уг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийг хүргүүлсэн. ...Шинэ Айраг залуус буюу Ч.Батбаяр ахлагчтай нөхөрлөл нь 2018 оноос хойш оператор компани авчирч үйл ажиллагааг явуулсаар л байсан. Уг хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тавигдсан үеэс эхэлж гэрээ дуусгавар болсон...” гэсэн мэдүүлэг, Ч.Батбаярын Төрийн банкин дахь 2018.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацаан дахь “Депозит дансны харилцагчийн монгол хуулга”-ууд, Хаан банкин дахь 2018.01.01-ний 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацаан дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 02/08 дугаартай дүгнэлт, тус аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аан, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн дунд хийсэн хяналт шалгалтын тайлан, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны үнэлгээ хийсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Батбаярын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль орчинд шууд 12 075 650 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт хийлгэхэд 3 025 900 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлт хийхэд 475 000 төгрөгийн хохирол, байгаль орчны хяналт, мониторингийн зардалд 38 000 төгрөгийн, нийт 15 614 550 төгрөгийн хохирол учирсан талаар “Сайхан ариун дэлхий” ХХК-ний 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 02/08 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд дүгнэлттэй холбогдуулан гомдол санал гаргаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймээс Ч.Батбаярыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал/ хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ч.Б-ын хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45-79 УН улсын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгслийг, хово маркийн 51-56 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хураан авч улсын орлого болгохоор, хохирол төлбөрөө нөхөн төлсөн тул улсын бүртгэлийн № 000737905 дугаартай гэрчилгээтэй Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 30 дугаар байрны 22 тоот 2 өрөө байрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Энэ хэргийн улмаас байгаль орчинд нийт 15 614 550 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ч.Батбаяр нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Батбаяр нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 172 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ч-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 6000 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45-79 УН улсын дугаартай /арлын дугаар ZL50CL1110312/ шар өнгийн ковш маркийн тээврийн хэрэгслийг, хово маркийн 51-56 ДГС улсын дугаартай /арлын дугаар LZZ5ELND3EA023367/ улаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

5. Хэрэгт ковш болон хово маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 5/05 тоот тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 30 дугаар байрны 22 тоот 2 өрөө байрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/06 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН