| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00353/и |
| Дугаар | 142/шш2017/00435 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 142/шш2017/00435
2017 оны 04 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2017/00435 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, .............. тоотод оршин суух О.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ............ тоотод оршин суух Х.Б-д холбогдох,
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б-, хариуцагч Х.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд Х.Б-тай хамт амьдрах санал тавьж байсан боловч шийдвэрт хүрч чадаагүй. Мөн 2013 онд дахин хамт амьдрах хүсэлтэй байгаагаа хэлж, шийдвэр гарган хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 09 дүгээр сард Б.Онцгойбаяр төрсөн. Сүүлийн хамт амьдрах хугацаанд Батжаргал урьдах хамтран амьдрагч Тунгалаг гэдэг эмэгтэйтэй харилцаа холбоогоо таслахгүй байсан ба, уг Тунгалаг нь надаас хүүгээ бидэнд өг, бид 2 хүүг авч өсгөнө гэж миний хүүг өгөхийг шаардсан. Иймээс хамт амьдрах боломжгүй болсон. Хүү Онцгойбаяр нь одоо 1 нас 6 сартай бөгөөд эх миний асрамжинд үлдээж, эцэг Х.Б-аас тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Б- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие тусдаа амьдарч хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Би урьд нь архи уудаг байсан бөгөөд одоо архи уухгүй 8 сар гаруй болж байна. Хэрвээ нэхэмжлэгч үнэхээр болж бүтэхгүй гэж байгаа бол тэтгэмжийг нь хадгаламж хэлбэрээр өгмөөр байна. Анх төрөхөд нь хадгаламж нээсэн тул энэ мөнгийг нь өсгөөд хийвэл ирээдүйд нь хэрэг болох байх гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч Х.Б-д холбогдуулан Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2013 оноос хамтран амьдарч тэдний дундаас хүү Б.Онцгойбаяр 2015 оны 09 дүгээр сарын 13-нд төрсөн болох нь хүүхдийн төсрний гэрчилгээ, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.Б-, хариуцагч Х.Б- нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байна.
Зохигчид хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2016 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар хэн аль нь тайлбарласан. Нэхэмжлэгч хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх бөгөөд, шүүх 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Онцгойбаярыг насны байдал /бага насны хүүхэд/, хүүхдийн санал, хүүхдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан эх О.Б-гийн асрамжинд үлдээж, эцэг Х.Б-аар насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 37 990 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Онцгойбаярыг эх О.Б-гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Онцгойбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Б-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 37 990 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА