Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Г-т холбогдох эрүүгийн 1806 06608 1859 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 48 гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 234 дугаартай шийтгэх 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгэгдэж, хугацаа дуусан суллагдсан, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, О.Г,

Холбогдсон хэргийн талаар /яллах дугнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г Ганчимэгийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /хх-7-8/, иргэн Г.Г-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, /хх-5-6/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9566 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15-16/, яллагдагч О.Г-ийн мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч О.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч О.Г-т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г Ганчимэгийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Г-ийн өгсөн:" .2018 оны 8дугаар сарын 4-ний өдөр гэртээ байж байсан чинь манай хажуу талын хөрш болох Ганшүхэр гэх залуу нь орж ирээд ганц пиво уучихмаар байна гэхээр нь би ч гэсэн уучихмаар л байна гэсэн чинь Ганшүхэр надад мөнгө алга чи мөнгөтэй бол ганц пиво авчихаач гэхээр нь би дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй Нийслэл пиво би худалдаж аваад манай гэрт Ганшүхэр ахиад ганц пиво авчираад байна гэсэн чинь Чимгээ нь дэлгүүр яваад 2 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авчираад Сумжав бас 2 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авсан надад 7000 төгрөг байхаар нь хүүхэддээ 5000 төгрөг өгсөн чинь Ганшүхэрийн эхнэр Чимгээ нь 3 дугаар ангийн хүүхдээс нөгөө 5000 төгрөгийг тоглоод аваад халаасандаа хийчихсэн чинь манай хүүхэд уйлаад гэртээ орчихсон. Тэгэхээр нь би Чимгээ миний найз эгч нь тоглосон юм гээд манай хүүхдэд мөнгийг нь оруулаад өгчих гэсэн чинь Чимгээ гараад газар нөгөө 5000 төгрөгийг шидчихээр нь би уурлаад нохойд юм хаяж өгч байгаа юм шиг жоохон хүүхдийн мөнгийг тоглоомоор авчихаад одоо өөрсдөө явж баярлах гэж байгаа байж гэсэн чинь Чимгээ ямар сүртэй юм гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд гол явах гээд Ганшүхэрийн машинд бид нар бөөнөөрөө суугаад би Чимгээд уурласан чинь Ганшүхэр нь хашааныхаа үүдэнд ирээд миний талын хаалгыг нээгээд намайг буу гээд намайг хацар руу алгадсан чинь Алтан-Өргөө Ганшүхэрийг нь цааш нь аваад явсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь би Чимгээтэй гудамжинд үсдэлцчихсэн зогсож байсан. Тэгсэн чинь хүмүүс биед хоёрыг салгах гэсэн чинь Чимгээ салахгүй улам зулгаагаад байсан. Тэгэхээр нь Чимгээгийн үсийг зулгаасан чинь Ганшүхэр чи ямар зэвүүн пизда вэ гээд миний зүүн талын шанаа руу өшиглөөд толгой дээр дэвссэн бас үснээс чирээд зодож байхад нь ах Мандаа нь ирж салгаад цагдаа нар ирээд Ганшүхэрийг аваад явсан." /хх-7-8/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад иргэн Г.Г-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-5-6/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9566 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1.  Г.Г-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чиний дэлбээ, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх- 15-16/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Г-ийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Бүрэнжаргалын гэрт Ганчимэг болон манай эхнэр Чимгээ бид 3 пиво уусан. Бүрэнжаргал Ганчимэгээс салсан юм билээ. Бүрэнжаргал байхгүй байсан. Бүрэнжаргал Сэлэнгэ аймагт байдаг гэсэн. Тэгээд би дэлгүүр явчихаад ирэхэд Ганчимэгийн хүүхдэд нь өгсөн юм уу, авсан юм уу, 5000 төгрөгөөс болоод манай эхнэр Чимгээ, Ганчимэг хоёр маргалдаж байхаар нь би юун мөнгөнөөс болоод маргалдаад байгаа юм бэ, надад өгөх мөнгөө өгөө гэж Ганчимэгт хэлсэн. Надаас Ганчимэгийн нөхөр болох Бүрэнжаргал машин авсан юм, надад 1.000.000 төгрөг өртэй юм, тэгээд Ганчимэг нилээд согтуу хашгираад орилоод манай эхнэр лүү дайрч давшлаад байхаар нь Ганчимэгийн хашаан дотор нь Ганчимэгийн нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Ганчимэг цагдаа дуудсан, энэ асуудлын дараа салхинд гаръя гэж ярьсан боловч болъё гээд больцгоосон. Би тухайн үед эрүүл шахуу байсан. Ганчимэг бол нилээд согтуу байсан. Би урд нь Г.Г-тэй ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй. Манай ахын хашаанд хашааг нь харж байдаг юм.... Би ШШҮХ-ийн шинжээч эмчийн гаргасан Г.Г-ийн биед учирсан гэмтлийг тусгасан дүгнэлттэй танилцлаа. Би Г.Г-ийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Г-т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Г нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г Ганчимэгийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч О.Г-ийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Г нь хохирогч Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Х овогтой О-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Г-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
  5.  Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  7.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.