Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 3

 

                                                                                109/ШШ2020/0003

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
         зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Н.А-ын нэхэмжлэлтэй, А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.У, А.У, А.У нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6568 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Д.Б нь А.У, А.У, А.У нарын биологийн эцэг байх магадлал нь 99,99% байна гэж дүгнэлт гарсан тул иргэн Н.А-аас тус газарт холбогдуулан гаргасан “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.У, А.У, А.У нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.А-аас А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.У, А.У, А.У нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 109/ШЗ2019/0264 дүгээр  захирамжаар хүүхдүүдийн эцгийг тогтоолгохоор шинжээч томилж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6568 дугаар дүгнэлтээр Д.Б-г А.У, А.У, А.У нарын биологийн эцэг байх боломжтой гэж үзэн, биологийн эцэг байх магадлалыг 99,99% гэж дүгнэжээ. 
Улмаар хариуцагчаас “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.У, А.У, А.У нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн байна. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагавартай танилцаж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-аас гаргасан “А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А.У, А.У, А.У нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохыг А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах” шаардлагыг хариуцагч А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 
ШҮҮГЧ                                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ