Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1237

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Э.Ганзоригийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Э.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лхагвадулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие Э.Ганзориг нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/017 тоот тушаалаар тус газарт баримт дэвтэрлэгчээр ажиллаж байгаад, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/025 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт архивын эрхлэгчээр томилогдон ажилласан. Дээрх байгууллагад 2 жил гаруй хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Архивын эрхлэгчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй ажлаас халагдсанд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Захиргааны албаны гаалийн улсын байцаагч Ч.Жаргалсайхан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.Ганзоригт уг мэдэгдлийг биечлэн танилцуулж, нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн. Хэрэв нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, хүсэлт байсан бол мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, 15.1.7-д заасан Захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Гаалийн байгууллагын удирдлагуудад хандан гомдол, хүсэлт болон холбогдох нотлох баримт гаргаж өгч байгаагүй. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/18 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Э.Ганзорийг Улаанбаатар дахь Гаалийн газрын архивын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Гаалийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 541 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ганзоригт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааны Э.Ганзоригийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Ганзоригийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 39 612 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам давж заалдах гомдолдоо “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа "нэхэмжлэгч тухайн үед хөдөлмөрийн гэрээ болон хувийн хэргээ аваад явсан байх магадлалтай", "хөдөлмөрийн гэрээ хугацаатай эсэхийг ч мэдээгүй байгаа", "тус хэргийг хянан шийдвэрлэхэд хөдөлмөрийн гэрээ шаардлагатай" гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэгч талаас "хөдөлмөрийн гэрээний хувь" байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүгчийн захирамж гарч нотлох баримтаар шаардсан атал хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч "хөдөлмөрийн гэрээ"-г хугацаагүйгээр байгуулсан гэж тайлбарлаж байсан талаар шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах түүнийг үнэлэх талаарх хуульд заасан журам зөрчсөн, хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Э.Ганзориг нь хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Ганзориг нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/025 тоот тушаалаар архивын эрхлэгчээр томилогдон  ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 24-25, 69-70/

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан талаар заагаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй гэж ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарласан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр цуцлах болсон талаарх холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байна.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Гаалийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч Э.Ганзоригт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан гэж тайлбарласан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээг хэн алин нь шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болохгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН