Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 07

 

Б-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0007/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Т.Баярмаа,

Хохирогч Ба, өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Б, өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ба, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н, Д нарын давж заалдах гомдлоор Б-д холбогдох эрүүгийн 1839002850242 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Баяндун суманд 1955 онд төрсөн, эрэгтэй, 64 настай, тусгай дунд боловсролтой, барилгын мастер, техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, Баатархайрханы 2А хэсэг 947 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-н Б нь

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ........... улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож яваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 1.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ба-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б-д буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/89 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ба-н нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирол, зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ба, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н, Д нар нь давж заалдах гомдолдоо: Шүүх хохирогчийн нэхэмжилж буй 6596908 төгрөгөөс баримтаар тогтоогдсон гэх 776398 төгрөгийг хангах үндэслэлтэй байна гэж үзсэн нь нэг талыг барьж шийдвэр гаргасныг харуулж байна. Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй. Тухайлбал нотлох баримтууд гарын үсэг, тамга тэмдэггүй, огноо засвартай, юу авсан зэрэг нь тодорхойгүй, гаргацгүй, тухайн эм тариаг зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаарх эмчийн заавар байхгүй гэж үзжээ. Өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс нотлох баримтыг бүрдүүлэхдээ татварын Е баримтыг үндэслэн аж ахуй нэгж болон байгууллагаас олгогдсон баримт, давхар аж ахуй нэгжийн тамгатай зарлагын паданыг хавсаргасан. Эмийн болон эмчилгээний баримт болгоныг тусгаж нотлох баримтыг бүрдүүлсэн. Мөн эм тариа, эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөгөөр хийсэн бөгөөд энэ нь хохирогчийн бүрдүүлсэн баримтаар нотлогдож байна. Гэтэл шүүх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж хохирогчийн эрх ашгийг орхигдуулсан шийдвэр гаргасан.

Иргэний нэхэмжлэгч Н-н хувьд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг үнэлгээний дүгнэлтэд зааснаар 3015000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний хөлс 129000 төгрөг нийт 3144000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхээс Н-г тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болохоо нотлоогүй, канондсан хувийг өгсөн гэж шүүх үзжээ. Гэтэл иргэний нэхэмжлэгч Н хэрэгт нотлох баримтыг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн бөгөөд мөрдөн байцаагч канондсан хувийг хэрэгт хавсаргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б-г гэм буруутайд тооцсон боловч гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан хохирол, мөн эд хөрөнгөөрөө хохирч амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд хохирол учирсныг шууд хохиролд тооцохгүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Б-н хувьд өөрийн буруутай үйлдлээс болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан талаар үнэлэлт дүгнэлт хийхгүй байгаа нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т иргэний нэхэмжлэлийг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр заасан байдаг ба шүүх тус хуулийг зөрчиж нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иргэний нэхэмжлэгчид учирсан шууд хохирлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж байгаа шууд хохиролд тооцохгүй гэж хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байх тул хэргийг анхан дахин хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд хохирогч болон өмгөөлөгч оролцоно гэжээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн өмгөөлөгч Мөнхбат хохиролтой холбоотой төлбөр нэхэмжилсэн. Анхан шатны шүүх зарим баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй бөгөөд энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч дахин иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юм. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шууд хохирол гэж үзэж байна.  Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний хувьд 20 гаруй жил машин барьж байна. Тухайн үед би хоёр хоног нойргүй явсан байсан. Осол гарсны дараа миний даралт 220 хүрсэн. Эмчид үзүүлэхэд даралт 245 болсон байсан. Хэрэг гарснаас хойш миний даралт буухаа больсон. Гурав дөрвөн сар байнгын тариа тариулж, өвчин намдаах эм хэрэглэж байсан. Хүзүү хөдлөхгүй, гурван хуруу мэдээгүй болсон одоо арай гайгүй болж байна. Тухайн үед ямар ч мэдрэмжгүй болоод л замын хажуу руу орсон, харвалт өгсөн байх гэж бодож байна. Мөн “та яваад өгөөч” гээд гуйхаар байхаар нь “ах нь цагаас илүү барьж чадахгүй шүү” гэж хэлээд машиныг нь бариад явсан. Цаг гарны хугацаанд болсон үйл явдал юм. Би хоёр банканд зээлтэй, тэтгэврийн зээлээ оны өмнө авчихсан байгаа учраас мөнгөний боломж байхгүй байна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Хохирлын хувьд хохирогч тал баримтаа бүрдүүлээд өгсөн байдаг боловч зарим баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шүүх дахин гомдол гаргах эрхийг нь үлдээгээд шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хамгаалж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Номуулин тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг хохирогч талаас нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч гэдгээ хууль ёсны дагуу нотлоогүй. Тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн байгууллага нь тусгай зөвшөөрөл аваагүй нь Үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан.

Ял шийтгэлийн хувьд манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулаагүй, болгоомжгүй байдлаас гэмтэл учруулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б өөрөө давхар осолд орсон. Тухайн үед биеийн нөхцөл байдлаас болоод хохирогчийг эргэж очиж чадаагүй. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие болон болон Б Ба-аас уучлалт гуйж байсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч нь тухайн гэм хорыг хариуцахаар заасан байдаг. Иймд гэм хорын хохирлыг иргэний хариуцагчаар гаргуулах тал дээр анхаарч үзэх нь зүйтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б-д холбогдох хэргийг хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ........ улсын дугаартай, Д-н “Протер” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 1.5 дахь ...хөдөлгөөний аюулгүй байдлыг... гэсэн заалтуудыг зөрчин, Ба-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ба-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Нөхөр Д бид хоёр Улаанбаатар хотоос бэр Н-н “Портер” машинд Батхүү гэгчийн 5 үнээг ачаад, би кабинд нь сууж явсан. Жаргалтхаан сум өнгөрөөд Д нойр хүрээд байна гээд, Б ахыг гуйж жолоогоо шилжүүлээд, өөрөө жижиг машинд суусан. Зүүрмэглээд явж байтал колонкын өмнө хазайх шиг болоод, өвгөн ч сандраад зүүн гар тийш дараад л, далан руу зүүн гар тал руугаа хазайгаад, онхолдсон. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний биеийн баруун хэсэг маш их өвдөлттэй, хөндүүр, баруун эгэм хугарсан, хамаг бие өвдөөд тариа хийлгэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Машин миний эзэмшлийнх, хадам эцэг, эх унаж хэрэглэдэг юм. Машиныг үнэлүүлэхэд 3015000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...”Та портерийг жолоодоод яваад өгөөч” гэхэд 1 цаг жолоодоод өгье гэхээр нь би унтсан. Машин онхолдсоны улмаас эвдэрсэн. Эхнэр Ба-н хөл хаалганы кабинд хавчуулагдсан байсан. Энэ нь манай бэрийн машин, Б бид хоорондоо нэхэмжлэх зүйлээ ярьж тохирч болох байх гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7900 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Ба учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 11 дугаартай дүгнэлтэд ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а заалт “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, мөн дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчлэн, шүүх хуульд заасан төрөл хэмжээний ялыг оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх 6596908 төгрөгөөс 776398 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэн, хохирогчид 1000000 төгрөгийг шүүгдэгч Б төлсөн байна. Харин өмгөөллийн хөлс 1500000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Н-н нэхэмжилсэн 3144000 төгрөг, бусад эмчилгээнд зарцуулсан гэх хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дурджээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Н нь ......... улсын дугаартай портер машины эзэмшигч болох нь хавтаст хэргийн 70 дугаар талд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4-т ...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэх заалтын дагуу  шүүгдэгч Б нь 3144000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Харин хавтаст хэргийн 187 дугаар хуудсанд хавсаргасан хохирлыг Ба-н эмчилгээнд зарцуулсан эм тарианы үнэ болох 537800 төгрөгийг шүүгдэгч Б-с нэмж гаргуулахаар тогтоон, өмнөх болон тогтоол гаргасны дараах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б-с  537800 төгрөг гаргуулж хохирогч Ба-д олгосугай, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Н-н нэхэмжилсэн 3144000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтуудыг тус тус нэмэн, “Нэхэмжлэгч нь эмчилгээний болон бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Б нь хохирогч  Ба-д 1000000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ