Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0570

 

 Ц.М*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.М*******, гуравдагч этгээд Н.Г******* нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Н.Г*******ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М*******ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн *******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ц.М*******ыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү” гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 15 дугаар зүйлийн 15.1.8, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар албан бичиг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М*******ыг хууль тогтоомжид заасан журмын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид даалгаж шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд Н.Г******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэр дэвшигчдийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн. Уг шийдвэр Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу гарсан боловч дээрх журмын 33 дугаар зүйлийн б-д “энэ журмын 9-ийн б, в, г-д заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж, 1 дүгээрт жагссан Ч.Б*******ийн нэрийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байдаг.

            Ц.М*******ын Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.М*******ын төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулахтай холбоотой нэхэмжлэл бүхий маргаанд захиргааны хэрэг үүсгэхээс өмнө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлтэй байхад уг журмыг хэрэглэлгүйгээр шууд захиргааны хэрэг үүсгэн зохигчдын эвлэрлийг баталсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.

            Ц.М*******ын төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой маргааныг Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлээр маргаан үүсгэн шийдвэрлэх үндэслэлтэй.

            Шүүх хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот албан бичгээр өгсөн хариуг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар бий болгосон гэж дүгнэсэн боловч захиргааны актын ямар шинжийг агуулсан талаар тодорхой дурдаагүй, мөн эрх зүйн ямар үр дагавар бий болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй учраас дээрх шүүхийн шийдвэр бодитой болоогүй.

            Шүүх нэхэмжлэгч Ц.М*******ын төрийн албанд хэрхэн ажиллаж байсан талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, Хишиг-Өндөр сумын Засаг даргын гаргасан тайлбар тодорхойлолт, санхүүгийн баримт зэрэг нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бодитой үнэлээгүй.

            Шүүх миний эрхэлж байсан албан тушаалын талаар буруу дүгнэлт хийсэн. Миний хувьд 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр намын гишүүнээс татгалзах тухай өргөдлөө өгч, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/07 дугаар тогтоолоор төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн байхад шүүх албан тушаалд томилогдсоныхоо дараа албан тушаал хавсарч байсан гэж дүгнэж шийдвэртээ тусгасан.

            Шүүхийн шийдвэрт “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 9-ийн г-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2-оос доошгүй иргэний нэрийг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дэвшүүлэх байсан хэдий ч Төрийн албаны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг хавсран эрхлэх боломжийг түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон хариуцагчид ч, мөн Н.Г*******т ч олгоогүй хууль бус ажиллагаа юм” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйл, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” 2-ын алийг нь давуу хүчин чадалтай гэж хэрэглэсэн нь тодорхой бус, өмнөх дүгнэлтүүдээ үгүйсгээд байна уу, эсхүл зөвтгөөд байна уу гэдгийг ойлгохооргүй үндэслэл гаргасан.

            Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Булган аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.М******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж  тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд онооны дэс дарааллаар 1 дүгээрт жагссан учир Төрийн албаны салбар зөвлөлөөс түүнийг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.

Гэтэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Ц.М*******ыг хууль зүйн үндэслэлгүйгээр Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоос татгалзаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

            Хариуцагч, гуравдагч этгээд нараас “Ц.М******* ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж, ажлын хариуцлага алдаж байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргах боловч эрх бүхий этгээдийн шийдвэрээр Ц.М*******ыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг тогтоогоогүй байх тул хэрэгт авагдсан түүний ажлын хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, арга хэмжээ авах талаар албан бичиг, иргэдийн гомдол зэрэгт үндэслэн түүнийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

            Иймд Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлийн 351.6-д “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй...” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин гуравдагч этгээдийн “шүүх миний ажиллаж байсан албан тушаалын талаар буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлын тухайд Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Г*******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолоор жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасантай нийцээгүй шийдвэр болжээ.

Нөгөөтэйгүүр, Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д заасан үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй Н.Г*******ийг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон буруутай байна.

Шүүх Ц.М*******ыг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилохоос татгалзсан шийдвэр болон Н.Г*******ийг тус албан тушаалд томилсон шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг  томилох эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн нь мөн үндэслэл бүхий байна.

Мөн гуравдагч этгээдийн “Ц.М*******ын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй, Ц.М******* сонгон шалгаруулалттай холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэх байсан” гэх гомдол нь Ц.М*******ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн *******д холбогдох уг захиргааны хэрэгт хамааралгүй юм.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгч Ц.М*******ыг хууль зүйн үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан, Н.Г*******ийг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН