Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 142/шш2017/00449

 

 

 

 

                                                                        2017 оны 04 сарын 20 өдөр

                                                                 Дугаар 142/ШШ2017/00449

                                                   Орхон аймаг

                

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум .................. оршин суух, Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б миний бие 2013 оны 04 дүгээр сарны 03-ны өдөр тухайн үеийн Засаг дарга байсан Г.Зоригттой хөдөлмөрийн гэрээ байгуулан Орхон аймаг дахь “Ирээдүйн одод” биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилд орж тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалт 2014 онд явагдаж би тэнцсэн тул Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Тус сургуулийн захирлаар 3 жил 10 сар ажилласан. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх бөгөөд миний бие ийм хүсэлт гаргаагүй бөгөөд намайг ажилд томилох байх санал болгох байх гэж өнөөдрийг хүртэл харлаа надад ажил өгөхгүй нь тодорхой боллоо. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж улсын хэмжээнд болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан. Иймд  Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа учир намайг “Ирээдүйн Одод” сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар “Ирээдүйн одод” сургуулийн захирал Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харилцан тохиролцсон бөгөөд Б.Б нь өөрөө ч хүлээн зөвшөөрч тохиролцсон болох нь тогтоогддог. Б.Бгийн “Ирээдүйн одод” сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Ирээдүйн одод” сургуулийн захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

 Нэхэмжлэгч Б.Б нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/17 дугаар Орхон аймгийн засаг даргын захирамжаар “Ирээдүйн одод” биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдож, улмаар мөн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар тус сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар  Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалууд, зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ”... Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харилцан тохиролцсон, Б.Б нь өөрөө ч хүлээн зөвшөөрч тохиролцсон. Ингэхдээ амаар тохиролцсон...” гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй.   

Б.Бг ажлаас чөлөөлсөн Б/10 дугаар захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахаар заасан заалтыг баримталсан байх ба, хариуцагч энэ тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хариуцагчийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.   

Иймд Б.Бг ажлаас чөлөөлсөн Орхон аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Бг Орхон аймгийн “Ирээдүйн одод” биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох /сарын цалин 741 234 төгрөгнөөс тооцож, ажлын 47 өдрөөр бодов/ 1 620 372 төгрөг гаргуулан Б.Бд олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжаар 40 876 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Бг Орхон аймгийн “Ирээдүйн одод” биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Орхон аймгийн засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 620 372 төгрөгийг гаргуулан Б.Бд олгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн засаг даргаас 40 876 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор  гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                               

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА