Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  О.Нандинцэцэг

                          Хохирогч                                               М.*******

                          Хохирогчийн өмгөөлөгч                    Ч.*******

                        Шүүгдэгч                                             Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2032000120085 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг,  Төмөр замын 36-24 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Урьд  нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар Б.*******д энэ тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон 07 жил 01 сарын  хорих ялыг өршөөлийн хуульд хамрагдан өршөөн хэлтрүүлсэн. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ТЯ:*******/ ******* ******* ******* *******.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.******* нь 2019 оны 04 дүгээр сард М.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.*******гийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулж, улмаар “Бэрс финанс” ББСБ-д барьцаат зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 12051500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сард нөхөр надад зээл аваад, нэмж аваад 8500000 төгрөг авч өгөөд тэрнээс хүнд 4 сая төгрөгийг гаргаж өгөөд үлдэгдэл 3 сая төгрөгийг Сэргэлэн гэж хүнтэй нийлж зээл хааж эхэлсэн. Өрөө төлөх гэж байгаа надад зээл хаах нь ашигтай байсан. 2019 оны 02 дугаар сард Баярмаа, Баярсайхан, *******ээс хэдэн зуун төгрөг авчихсан чинь төлж чадахгүй байна гээд зээлэх хүн байвал зээлээд өгөөч гэсэн. Тэгэд 8500000 төгрөг зээл авч, *******ийн өрийг төлж өгсөн. Тэгээд Баярмаа нөгөө өрөө зээл авах боломжгүй нөгөөдөх нь гарах боломжгүй болохоор нь Сэргэлэн мөнгөө нэхээд байхаар нь Даваасүрэн гэдэг эгчээс мөнгө зээлж авч Сэргэлэнгийн мөнгийг өгөөд хүүтэй болохоор нэмэгдээд бараг 6 сая төгрөг болсон. Эргээд Баярмаа нь мөнгөө төлж чаддаггүй. Тэгээд байж байтал ******* надтай уулзсан. Чи зээл хааж байгаа юм байна. Хоёулаа нийлээд зээл хаая надад бол энэ талын мэдээлэл жаахан тийм байгаа болохоор би яахав мөнгийг нь гаргая. Чи зээл хаа гэсэн. Тэгээд хоёулаа ярилцаж тохиролцоод 10 хувиар, ******* өндөр 20 хувиар хаая гэснийг нь би зөвшөөрөөгүй. Тэгээд  таван хувийг нь авъя гэсэн. Тэгээд *******ээс авсан мөнгөөрөө Даваасүрэн эгчээс авсан тэр 10 сая төгрөгийг өгсөн. Ингээд ******* маань Солонгос явах виз нь гарлаа, би мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Баярмаагийн зээл гардаггүй. Дүүгийн зээл хөөцөлдөөд Баярмаа надад дүүгээ авчирч уулзуулахгүй өөрөө л ингээд банкны шаардсан юмыг бариад гүйгээд байсан. Тэгээд 04 дүгээр сарын 8-нд ярилцлаганд орох ёстой мөнгөө авмаөр байна гэсэн. Тэгээд Насан эгч дээрээ очоод энэ тухайгаа яриад та надад хашаа байшингаа тавиад зээл аваад өгөөч гэсэн. Тэгээд Баярмаа хөөцөлдөж байгаад зээл гаргаад өгөх юм бол би танд хүүнээс нь гадна өөрт чинь сая төгрөг өгье гэсэн юм. Тэрийг би эгчдээ хэлсэн. Удахгүй байх 14 хоногийн дотор л зээл нь гарчих байх. Тэгээд та 500,000 төгрөгийг нь аваад хэрэглэчих би 500,000-г нь авчихъя гээд тухайн үед надад өөрт байсан 200,000 төгрөгөө Баярмаагийн өгнө гээд байгаа 500,000 төгрөгнөөс би түрүүлээд өгч байя та энийг авч бай гэсэн. Тэгээд эгчтэйгээ цуг  хоёулаа гараад тэгээд Бэрс финанс дээр ирээд уулзсан. Зээл олгох боломжтой юм байна гэсэн. Тэгээд 200,000 төгрөгөөр эгч гурил мурил ахуйн хэрэглээний юмаа авсан. Тэгээд тэрийг нь авахыг хүлээж захын гадаа зогсож байгаад би хүргэж өгсөн. Маргааш өглөө нь эргээд Бэрс дээр уулзахад Туул гээд зээлийн мэргэжилтэн очиж үзээд зураг авахуулаад буцаагаад хүргэж өгсөн. Үдээс хойш ******* над руу зургаан долоон сая гарна гэнэ үү нэг тийм юм яриад байна. Өндөр гарахгүй юм байна гээд Бэрсийн эрхлэгчтэй уулзаад тэр зээл гаргаад гарсанаас нь хойш хувааж байсан. Тэгээд рүү залгаад хэлсэн ийм бага гарна гэж байна эгчид нь 12 сая төгрөг хэрэгтэй байгаа шүү дээ яах вэ Оюунсүрээн гэсэн чинь юу яачихаач ахыг авчираад  хамтран зээлдэгчээр оруулчихаач, тэгэх юм бол илүү өндөр гарчихна шүү дээ гэсэн. ах нь өвөл зээл авчихсан илүү өндөр байгаа шүү дээ гэхэд зүгээрээ тэрийг нь би зохицуулчихъя гэсэн. Тэгэхээр нь нөхөртөө очиж хэлээд ингээд *******ийн мөнгийг өгөхгүй бол гадагшаа явна гээд нилээн асуудал үүсгээд болдоггүй гэхэд зөв л юм хийгээрэй хамаагүй би очоод гарын үсэг зурж болж байна. Баярмаа чинь эргээд гол нь өгөх юм уу гэж байсан. Тэгээд нөхрийгөө явуулаад гарын үсэг зуруулаад 11 сая төгрөг авсан. Тэрнийхээ 5 сая төгрөгийг *******т өгсөн.4 сая төгрөг нь Сэргэлэнгээс авсан мөнгө байсан учраас Сэргэлэнд эхний өдөр 2 саяыг явуулаад маргааш нь 2 саяыг явуулаад ингээд 4 саяыг өгөөд Даваасүрэн эгч болохоор яг үндсэн мөнгөө авсан хэрнээ өдрийн 10 хувиар бодож хүү авна гээд уурлаад байсан учраас өөрт нь бэлэн 500,000 төгрөг өгөөд охиных нь данс руу 500,000 төгрөг хийсэн.  Тэгээд 11 сая төгрөгийн зээл гарлаа гээд орой нь над руу буцаад хэлэхээр нь та ын данс руу хийчих гээд 2 таслаад хийсэн. Түрүүнд нь 200,000 төгрөгийг өгсөн байсан учраас та одоо 300,000 төгрөгийг аваад үлдчих гэсэн. 50,000 төгрөгийг нь *******гийн банди нь эхнэр аваад бэр нь төрсөн гээд маматай болсон гэж ярьж байсан болохоор өгч байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 10450000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд л яг л ингээд үрсэн. Эргээд бүх л шаардлагатай юмнуудаа аваад өг гэсэн чинь аягүй том гэдэстэй жирэмсэн хүнд зээл авахуулах гээд надаар хөөцөлдүүлээд байсан юм байна лээ. Тэр том гэдэстэй хүнийг хараад зээл гаргахаа больчихсон. Тэгээд Баярмаа надад ямар ч мөнгө өгөөгүй гэв.

Хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Өнөөдөр би хамгийн муу хүн болж хувирчихаад байна. Өөрөө гуйгаад ирэхэд дараа нь шүүх цагдаа болж болохгүй шүү гэхэд за л гэж байсан. Би өөрөө л босгосон шүү дээ тэр хашааг. Үнэхээр орон байр хураагдахдаа тулахад хэцүү шүү дээ. Сая бие хаа өвдөхөд хэн нь ч намайг гээгүй. Чи нагац эгчээ гээд ороод ирдэг байсан чинь яачихсан юм бэ. Хүн өөрөө авч өгсөн юм шиг болчихлоо. Би хүнд сайн санасан л болохоос буруу санасан зүйл байхгүй. Ядаж хэвийн төлөөд байх хэрэгтэй. Одоо байдал ийм болсныг мэдэж байгааа мөртлөө намайг ингээд байх, муу байна болохгүй. 12051500 төгрөгийг төлж хашаа байшинг суллаад өгчихөөч гэж хүсэж байна гэв.

Хохирогч М.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын эхээр манай хамаатны Б.******* нь манай гэрт ирээд ******* эгчээ надад мөнгөний хэрэг болоод танийг зорьж явна гэж хэлсэн. ... ******* би хүнээс яах аргагүй хэдэн төгрөг авчихсан юм аа, нөгөө хүний маань виз нь гараад нисэх хугацаа нь болчихсон надаас мөнгө нэхээд байна, эгчээ та надад хашаа байшингийхаа бичиг баримтыг барьцаанд тавиад өгөөч, би 14 хоногийн дотор асуудалгүй буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би *******д жаахан эргэлзэж байгаад “чиний хугацаа чинь богинохон юм байна. ******* минь цагдаа шүүх гэхгүйгээр миний мөнгийг аваад өгөөрэй гэж хэлсэн чинь ******* за тэгье тэгье би 14 хоногийн дотор мөнгийг чинь аваад өгнө гэж хэлээд явсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа ******* миний хашаа байшинг барьцаанд авах гэж байга газар цуг очсон чинь “Бэрс финанс” гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллага байсан. ... Миний хашаа байшингийн бичиг баримтыг ажилтан нь үзээд 6000000 төгрөгний зээл гарах боломжтой гээд яваад өгсөн. Үдээс хойш ******* эгчээ нөхрийхөө цалингийн толорхойлолтыг хийгээд ирлээ, манай нөхөр өндөр цалинтай болохоор таны хашаа байшинд 11000000 төгрөг гарах боломжтой гэж хэлээд *******гийн нөхөр миний хамтран зээлдэгч болж гарын үсэг зурсан гэж ойлгосон. ... Миний хашаа байшинг барьцаанд тавьсанаасаа хойш зээлэнд “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагат 3 сар эргэн төлөлтийг хийгээд 2019 оны 08 дугаар сараас одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй, асуудал болж эхэлсэн. “Бэрс финанс” намайг зээл авсан болохоор та төлөлтөө хийгээч гэж удаа дараа хэлж мэдэгдэх хуудас өгсөн. Би энэ талаар *******д утсаар болон уулзаж зөндөө хэлээд мэдэгдэх хуудсыг нь тухайн үед үзүүлж байсан.  Энэ талаар хэлэх болгонд ******* янз бүрийн юм яриад тийм юм зарах гэж байна, тийм зээл авах гэж байна гэх зэргээр зөндөө олон удаа худлаа яриад өгөөгүй. ... 2019 оны 04 дүгээр сарын 17-нд Бэрс Финанс ББСБ-аас миний дансанд 11000000 төгрөг орсон. Б.******* манай нөхрийн ХААН банкны 5001194066 тоот данс руу  шилжүүлчих гэж хэлэхээр нь 5000000 төгрөг, 5649 000 төгрөг нийт 10649000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 350000 төгрөгийг  та авчих гэж хэлсэн. ... Манай нөхөр Лхагвасүрэн хагалгаанд ороод гэртээ байх үед Б.******* манай гэрт ирж манай нөхрийг эргэж чадаагүй гээд 200000 төгрөгийг хашаа байшинг барьцаанд тавигдахаас өмнө өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 36-37, 144-145 дугаар хуудас/

Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сард ******* гэх хүнээс зээлсэн мөнгөө буцааж төлөхийн тулд хамаатны хүн болох М.*******гийн хашаа башинг “Бэрс Финанс” ББСБ-д 11000000 төгрөгөнд тавиулсан юм. Ингэж тавиулахдаа манай нөхөр нь хамтран зээлдэгчээр оролцсон. М.*******гийн хашаа байшинг “Бэрс Финанс” ББСБ-д барьцаанд тавиулсныхаа дараа 5,6,7,8 дугаар саруудын төлөлтийг нь би өөрөө төлөөд түүнээс хойш төлөлтүүдийг нь хийгээгүй байгаа.  ... Би өөрийн нагац эгч *******гээс нийт  10450000 төгрөгийг түр хугацаагаар зээлэх хэлбэрээр 2019 оны 04 дүгээр сарын эхээр авч байсан. Тэр 10450000 төгрөгийг 5000000 төгрөгийг *******т өгсөн. Мөн Сэргэлэн гэдэг хүнд 4000000 төгрөгийг өгсөн. Хүүтэй мөнгө зээлдэг Зүүнхараад мах зардаг Даваасүрэн гэх хүнд 1000000 төгрөг өгөх байснаас  500000 төгрөг өөрт нь бэлэн өгсөн. Үлдэгдэл 500000 төгрөгийг түүний охин Саранзаяад өгсөн. Үлдэгдэл 450000 төгрөгийг “Бэрс Финанс” ББСБ-д зээлийн төлөлт хийж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Б.******* нь мөнгө зээлээч гэж 2019 оны 04 дүгээр сарын үед надаас 29000000 төгрөгийг түр хугацааны зээл хэлбэрээр авсан. Б.******* нь 5000000 төгрөг өгсөн нь үнэн. Уг 5000000 төгрөг нь ******* надаас авсан 29000000 төгрөгийн тал мөнгө нь байгаа юм. ... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8000000 төгрөгийг 5 сарын хугацаатай эргэлдүүлж байгаад нэмээд 2500000 төгрөг өгье гэж хэлээд авсан. ... Би өөрийн хашаа байшинг барьцаалан *******д 8000000 төгрөг өгсөн. Б.******* нь зээлийн эргэн төлөлт гэж хийгээгүй  гэх мэдүүлэг /ХХ-ийн 49, 110-111 дүгээр хуудас/

Гэрч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Б.******* гэх хүн 2019 оны 03 дугаар сард надаас 10250000 төгрөг авч байсан. 2019 оны 04 дүгээр сард 500000 төгрөгийг надад өгсөн. Мөн миний охин Э.Саранзаяд  500000 төгрөг өгсөн нь үнэн. Дээрх мөнгө нь надаас хүүтэй авсан мөнгөний хүү төлсөн мөнгө байгаа юм. ... 2018 оны 03 дугаар сард Ц.******* нь нөхрийнхөө дансаар  5800000 төгрөгийн зээл хаачихаад 7 хоногийн дараа өгөх нөхцөлтэйгээр 20 хувийн хүүтэй, мөн 2018 оны 03 дугаар сард би өөрийн хүүгийнхээ дансаар 4750 000 төгрөг шилжүүлсэн.  Мөн зээл хаагаад 7 хоногийн дараа өгнө гээд 20 хувийн хүүтэйммнгө авч байсан. Нийт 1055000 төгрөг зээлсэн. ... Одоо надад 600 000 төгрөг өгөх ёстой гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51, 108-109 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Б.*******гийн эх М.Шүрхүүгийн төрсөн дүү М.******* зээл хүсч байгаа гэж эхнэр Б.*******д хэлсний дагуу эхнэр Б.******* мөн надад мөнгө хэрэгтэй байгаа, би өөрийн нөхөр Б.ыг хамтран зээлдэгчээр оруулаад зээл авчихаж болох уу гэж эхнэр М.*******гээс асуусан байсан. Тэгээд ******* эгч зөвшөөрсний дагуу эхнэр Б.******* намайг дуудсан. ... М.******* нөхрөө эмчлэхээр 500000-60000 төгрөг хэрэгтэй гэж тухайн үед хэлж байсан. ... Б.******* надад хэдэн төгрөг авсан талаар хэлж байгаагүй, би тухайн үед мөнгө төгрөгт нь огт оролцоогүй. Эхнэр Б.******* гарын үсэг зураад өг гэсний дагуу л очиж гарын үсэг зурж өгчихөөд ажил ихтэй байсан учир яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/

Гэрч З. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... ******* удаа дараа бусдын эд хөрөнгийг барьцаалан зээл авч байхдаа тухайн үед ******* нь манай эгч, манай ах, манай хамаатан байгаа юм. Хашаа байшингаа барьцаанд тавьж өөр хашаа байшин болгох гэж байгаа, мөн ойртож хашаа байшин авах гэж байгаа, төв рүү дөхөх гэж байгаа гэж янз бүрийн шалтгаан хэлж орж ирдэг байсан.Та ямар учраас янз бүрийн хүмүүс дагуулан ирж байгаа юм бэ гэж асуухад  уг хүмүүсийн зээлийг бүтээж өгөөд дундаас нь 200000-300000 төгрөгийн ашиг хараад явж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/

Гэрч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Б.******* надаас чи хашаа байшингаа барьцаанд тавьсан байгаа юу гэж асуусан. Тухайн үед би Б.*******д Дунд-Өлөнтийн 127 тоот өөрийн хашаа байшингаа Бэрс Финанс ББСБ-т 5000000 төгрөгөнд барьцаанд тавиад одоо үлдэгдэл 2000000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь чи тэгвэл нэмж 7000000 төгрөгийн зээл аваад найздаа өгчих, яаралтай хэрэг гараад байна гэж намайг гуйгаад ятгаад байсан. Тухайн үед би *******гаас чи хэр хугацаатай авах юм гэхэд найз нь хүнээс мөнгө аваад маш хурдан чамаас зээлэх 7000000 төгрөгийг барагдуулаад өгье, сарын хүүг нь төлөөд явж байя гэхээр нь за за гээд 7000000 төгрөгийг *******д авч өгсөн. ... Б.******* надаас гаргуулж авсан 7000000 төгрөгөөс 1 ч мөнгө өгөөгүй, хүүний мөнгө огт төлөөгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 120-121 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 64 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 66-74 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 96 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 04 дүгээр сард өөрийн нагац эгч  М.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.*******гийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийн залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулж, улмаар “Бэрс финанс” ББСБ-д барьцаат зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 12051500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 36-37, 144-145 дугаар хуудас/, Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/, Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49, 110-111 дүгээр хуудас/, Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50-51, 108-109 дүгээр хуудас/, Гэрч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/, Гэрч З.гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/, Гэрч Ч.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 120-121 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.******* нь  2019 оны 04 дүгээр сард М.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.*******гийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийн зээл гаргуулан   уг зээлээр өөрийн өр төлбөр зээлийг хааж иргэн М.*******гийн эд хөрөнгийн эрхэд нь  үлэмж хэмжээний хохирол, хор уршиг учруулсан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан нь тогтоогдож байна.

Хохирогч Д.******* нь “Бэрс финанс” ББСБ-д байгуулсан гэрээний дагуу зээл, зээлийн хүү, торгууль төлөх иргэний хэргийн  шүүхийн шийдвэр гарсан бөгөөд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 тоот шийдвэр /ХХ-148-150/, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 тоот магадлал /ХХ-151-153/ хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй  Ү-1307006983 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №43-Б тоотод байрлах 50 м2 талбай бүхий хувийн орон сууц, хашааны фото зураг /ХХ-ийн 106 дугаар хуудас/,эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /ХХ-122 дугаар хуудас/, үнэлгээ 4500000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-125 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бөгөөд уг хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоолыг /ХХ-107 дугаар хуудас/  хохирол төлтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж  хор уршгийг арилгахаа илэрхийлсэн болон  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын  хувьд хохирогч Т.******* нь шүүгдэгч Б.*******гийн  төрсөн эх Мандшир *******ой Шүрхүүгийн төрсөн дүү хоорондоо төрөл садангийн холбоотой. Хохирогч нь  хашаа байшингийн гэрчилгээгээ гаргуулж хохиролоо барагдуулвал ял шийтгэлийн хувьд хэлэх саналгүй, төлбөр барагдуулах боломжиийг олгож өгөөч гэх хүсэлттэй байгаа,  гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч хувийн байдал ар гэртээ насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдтэй, өөрөө эрүүл мэндийн хувьд өвчний улмаас  группд байдаг, хэргийн улмаас учирсан хохиролыг шүүхээр тогтоосон хугацаанд барагдуулахаа илэрхийлсэн  зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь урьд  ял шийтгэгдэж байсан  ял шийтгэл нь өршөөлийн хуульд хамрагдсан байна. Мөн  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* ******* ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар   гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Шүүгдэгч Б.*******гаас 12051500 /арван хоёр сая тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг 06 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 12051500 /арван хоёр сая тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж  Сэлэнгэ  аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гарам №29 тоотод оршин суух, /РГ:68092303, утас:96130923, 99573080/ ******* ******* Мандширийн *******д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг  дурьдсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй  Ү-1307006983 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №43-Б тоотод байрлах 50 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолыг  хэвээр үлдээсүгэй. 

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.