Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Бүргэдүүд овгийн П.Бид холбогдох 1803003120209 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүргэдүүд овгийн П.Б, 1962 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Доод салхитын 12 дугаар гудамж 238 тоотод оршин суух хаягтай,

Ховд аймгийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 01 жилийн хорих,

 Ховд аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих,

Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хугацаагаар хорих,

Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПЗ62041511.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доод Салхитын 12 дугаар гудамжны 238 тоот хаалганы замд Тоёота Корса маркийн 57-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 01 нас 8 сартай О.Э-ийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хүүхдийн амь насыг хохироосондоо үнэхээр их харамсаж гэмшиж байна... гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай 6 настай охин талийгаачтай хамт гадаа тоглож байсан. Тэгээд удалгүй манай охин орж ирээд дүүг машин дайраад нас барчихлаа гэж хэлсэн. Гомдолтой байна. Гэхдээ шүүгдэгч олон нялх хүүхэдтэй хамар хашааны хүн болохоор хэцүү л байна. Энэ хүнийг шоронд оруулаад яах вэ миний хүүхэд босоод ирэхгүй нь тодорхой...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...11 цагийн үед би гэртээ бага 4 хүүхэдтэйгээ хамт байсан. Тухайн үед талийгаач Э гэртээ байж байгаад эгч Бадамлянхуагийн хамт гадаа хашаандаа тоглох гээд гэрээсээ гарч байгаа харагдсан. Удалгүй эгч Бадамлянхуа гаднаас орж ирэнгүүт нь би ..дүү чинь хаана байна вэ.. гэж асуутал, ..дүү хашаан дотроо гөлөгтэй тоглоод үлдсэн байгаа.. гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гадаа хажуу хашаанд хүмүүс чанга орилоод унахаар нь би талийгаачийн эгчид ..юун хүмүүс орилоод унав, чи гараад дүүгээ хараадах.. гэж хэлтэл манай 2 охин гэрээсээ гарангуутаа удалгүй буцаад орилоод ороод ирэхээр нь ..би юу болоод байна вэ.. гэж асуутал, манай охин Э-ийгхажуу айлын Дорж ах машинаараа дайраад алчихсан байна гэхээр нь би гэрээсээ гүйж гараад хартал манай хүүхдийг хажуу айлын хашааны үүдэнд дайрчихсан, тархи нь гадагшаа гарчихсан байдалтай хэвтэж байсан. ...тэр гөлөг нь манай хамар хашааны, манай хүүхдийг дайрдаг жолооч Бийн гөлөг байсан. Тэгээд гөлөг нь гэр рүүгээ орох үед манай талийгаач араас нь явж байгаад тэр айлын хашааны үүдэнд машинд дайруулсан байсан...” гэжээ /хх-32-33/.

Гэрч Э.Номин мэдүүлэхдээ: “...би аавынхаа машинтай гэрийнхээ хашаанаас ухарч гарч байсан. Машиныг манай аав Б жолоодож байсан. Би жолоочийн хажуу талын суудалд, харин машины арын суудалд манай нагац эгч Нямдулам сууж байсан. Манай машин хашаанаас ухарч гараад зогсоод аав машинаас хашааны хаалга хаах гэж буунгуутаа гадаа орилохоор нь би гайхаад машинаас гараад хартал манай хашааны үүдэнд нэг жаахан хүүхэд газар хэвтэж байсан. Тэгэнгүүт аав нөгөө газар хэвтэж байсан хүүхдийг өргөөд сэгсрэх гэтэл хүүхдийн толгойноос тархи нь гарчихсан байхаар нь буцаагаад газар тавьчихсан. Энэ үед би түргэн, цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хх-95/.

Гэрч Ц.Нямдулам мэдүүлэхдээ: ...Манай машин хашаанаас ухарч гараад зогсоод, Б ах машинаас хашааны хаалга хаах гэж буунгуутаа гадаа орилохоор нь би гайхаад машинаас гараад хартал, манай машины зүүн хойд талд нэг жаахан хүүхэд газар хэвтэж байсан. Б ах нөгөө газар хэвтэж байсан хүүхдийг өргөөд сэгсрэх гэтэл хүүхдийн толгойноос юм гарчихсан байхаар нь буцаагаад газар тавьчихсан. ...Манай машин хашааны хаалгаар гараад 4-5 метр орчим ухраад зогссон...” гэжээ /хх-97/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
цогцост хийсэн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №863 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгойн хэлбэр алдагдал, гавлын оройн баруун чамархай, зулай, дагз, шанаа ясны цөмөрч, бяцарсан хугарал, гавлын суурийн дунд хонхор ясны хөндлөн салсан хугарал, тархины бяцрал, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, эрүү ясны оочны хэсгийн хугарал, баруун чамархай, зулайн хуйх, шанааны салбарч урагдсан шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн амь насанд аюултай, шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаачийн цогцост хийсэн гадна үзлэгээр 2018.04.10-ны 18:00-д 6-8 цаг болсон гэжээ.

5. Талийгаач нь АВО системээр А2-р бүлгийн цустай байна.” гэжээ /хх-24-25/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлал, Тусгай шинжилгээний газрын Химийн шинжилгээний 2801, 3615 дугаартай Шинжээчийн дүгнэлт:

"...Тоёота Корса маркийн 57-97 УБЕ улсын дугаартай автомашины зүүн урд дугуйн хээ болон зээрэнхийд цусан мөр илэрч байна” гэжээ /хх105-112/.

Замын Цагдаагийн албаны Шинжээчийн 361 дугаартай дүгнэлтэд:

“...Тоёота Корса маркийн 57-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 01 нас 8 сартай О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-122/.

Зам тээврийн осол, хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг /хх-5-14/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16/, тээврийн хэрэгслийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-17/, хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-42-91/, ХХЁТ-гч Б.Отгонзулд нийт 2.400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-92/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-143/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-150/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч П.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доод Салхитын 12 дугаар гудамжны 238 тоот хаалганы замд Тоёота Корса маркийн 57-91 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 01 нас 8 сартай О.Э-ийг дайрч амь насыг хохироосон гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Бүргэдүүд овгийн П.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасныг зөрчин бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонзулд нийт 4.500.000 төгрөг төлсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн үнийг төлсөн гэж үзэх боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй буюу хүний амь хохирсон болно. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  талийгаачийн 49 хоногийн зан үйл хийхэд хэргэлсэн зардлыг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эцэг, эх бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхисон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хохирогчийн ар гэрийнхэнд баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, жолоочийн №941130 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Бадамжоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохыг дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэдүүд овгийн П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Бид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах ялыг хорих ялыг  эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг дурьдаж, шүүгдэгчийн жолоочийн №941130 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

5. Шүүгдэгч П.Б нь хохиролд нийт 4.500.000 төгрөг төлсөнийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэхтэй эрхтэй болохыг тайлбарлсугай.

6. Шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН