Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1238

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

“Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Амгаланбаатар, Б.Батцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 74 585 600 төгрөг, зардал 15 000 төгрөг, нийт 74 600 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгөний анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 30 100 000 төгрөгөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадрах, Б.Болорчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нарантунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Амгаланбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 14 тоотод байрлах 68.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан 50 000 000 төгрөгийн зээл хүссэн өргөдлийг гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг хянан үзээд иргэн Ч.Амгаланбаатарт 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 14/2177 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/4173 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан нотариат болон бүртгэлд бүртгүүлэн батгалгаажуулж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримт дээр гарын үсэг зуруулан олгосон. Зээлдэгч Ч.Амгаланбаатар нь уг 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу харилцан тохиролцож барьцааны зүйлийг өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/4104 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан, Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, Ү-2203016341 улсын бүртгэлийн дугаартай, 000017980 тоот гэрчилгээтэй, 50.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Улмаар уг гэрээг бүртгэлд бүртгүүлж, өмнөх барьцааны орон сууцыг суллаж өгсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийг авснаас хойш гурван удаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 020 000 төгрөг буюу нийтдээ үндсэн зээлд 2 000 000 төгрөг, хүү 18,900,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 620 000 төгрөг бүгд 22 520 000 төгрөг төлсөн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр заасан тул энэ дарааллаар хариуцагчийн төлсөн мөнгийг харилцан тохиролцож тооцсон.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 43 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 27 181 330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 404 270 төгрөг, нийт 74 585 600 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү. Мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 15 000 төгрөгийг гаргуулна. Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны Ч.Амгаланбаатартай байгуулсан 15/4104 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасны дагуу Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, Ү-2203016341 улсын бүртгэлийн дугаартай, 000017980 тоот гэрчилгээтэй, 50.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 43 000 000 төгрөгийн 70 хувь буюу 30 100 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Амгаланбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлд 25,468,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ нь нийт зээлсэн мөнгөний 50 хувиас илүү дүнтэй байна. Гэтэл хамаагүй их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Ориент-Инвест” ББСБ-аас Ч.Амгаланбаатарын авсан 45 000 000 төгрөгийн зээлд ямар ч хамааралгүй, зээлийг би аваагүй. Тухайн үед байрыг барьцаалж зээл авахад хуулийн мэдлэг дутуугаас үр дагаврыг ойлгоогүй. Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Голомт хотхон Е байрны 33 тоот байраар зээлийн эргэн төлөлтийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн өмчлөгч эзний зөвшөөрөлгүй үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, 1 м.кв нь зах зээл дээр 3 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг улсын тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний газар үнэлдэг гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Амгаланбаатар тус байгууллагаас 45 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Мөн зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 020 000 төгрөг, нийт 22 520 000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Зээлийн гэрээг анх 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссан байхад хариуцагчийн төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд үндэслэлгүйгээр тооцож авсан байна. Иймд зээлээс 31 292 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ч.Амгаланбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 314 134 төгрөг, гарсан зардал 15 000 төгрөг, нийт 61 329 134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент-Инвест” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 271 466 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Батцэцэгээс гаргуулах болон барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 31 500 000 төгрөгөөр тогтоох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Амгаланбаатар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Батцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016341 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах 1 өрөө, 50,28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 614 586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13 508 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Амгаланбаатараас 464 595 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах гомдолдоо “...Ч.Амгаланбаатартай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6 сарын хугацаатай 14/2177 тоот Зээлийн гэрээ болон 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул 14/2177 тоот гэрээний 2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү бодогдсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, зээлийн гэрээний 2.4-т "Зээлийн төлбөрийг иэмэгдүүлсэн хүү, зээлийи хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө" гэж тус тус заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл бодогдсон нэмэгдүүлсэн хүү 1 620 000 төгрөг, зээлийн хүү 18 900 000 төгрөг, үндсэн зээлээс 2 000 000 төгрөг буюу нийт 22 520 000 төгрөгийг Ч.Амгаланбаатарын зээл төлөлтөнд харилцан тохиролцсоны үндсэн дээр хувиарилж тус ББСБ нь хүлээн авсан. Тухайн үед Ч.Амгаланбаатар нь зээл төлөлтийн хуваарьт гомдол гаргаагүй болно. Тус “Ориент-Инвест ББСБ” ХХК нь Ч.Амгаланбаатарын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сунгахаар болсон тул Ч.Амгаланбаатартай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14/2177-1 дугаартай “Сунгалтын гэрээ”-г байгуулж нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн болно. Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14/2177-1 дугаартай “Сунгалтын гэрээ”-г огт хүлээн авч үзэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 13 271 466 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Ч.Амгаланбаатартай байгуулсан 15/4104 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-т зааснаар Б.Батцэцэгийн өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 43 000 000 төгрөгөөр Ч.Амгаланбаатартай харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Ч.Амгаланбаатартай харилцан тохиролцсон үнэлгээ болох 43 000 000 төгрөгийн 70% буюу 30 100 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ гэж тогтоох бүрэн боломжтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 74 585 600 төгрөгийг Ч.Амгаланбаатараас гаргуулж, Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж 39 дүгээр байрны 33 тоот хаягт байрлах, 50.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 43 000 000 төгрөгийн 70 хувь буюу 30 100 000 төгрөгөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Амгаланбаатар, Б.Батцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74 585 600 төгрөг, зардал 15 000 төгрөг, нийт 74 600 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгөний анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 30 100 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Амгаланбаатар нэхэмжлэлийн шаардлагаас 31 292 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, хариуцагч Б.Батцэцэг нь зээлийн гэрээг байгуулаагүй тул зээлийг хариуцахгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Ч.Амгаланбаатар, “Ориент-Инвест ББСБ” ХХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №14/2177 дугаар зээлийн гэрээ болон мөн өдөр 14/4173 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, хариуцагч нь 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 18-14 тоотод байрлах, 68.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, үүргийн гүйцэтгэлийг Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, 50.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулахаар 15/4104 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г байгуулан барьцааны зүйлийг сольсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Батцэцэгээс Ч.Амгаланбаатарт олгосон итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 9-10, 13-14, 17, 87, 91-118, 136-139/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ч.Амгаланбаатар нь зээлийн гэрээний хугацаанд 22 520 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар зохигчид маргаагүй, өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх уг төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх хэсгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу тооцож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийг үлдэгдэл, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 61 314 134 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

            Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа анх нэмэгдүүлсэн буюу барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 31 500 000 төгрөгөөр тогтоолгохоор шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 30 100 000 төгрөг болгосныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 31 500 000 төгрөг гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00565 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...31 500 000...” гэснийг “...30 100 000...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН