Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00674

 

“С Э С К”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалтай,

“С Э С К”ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Э, Б.А, Д.Цнарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 95 523 822 төгрөг, алданги 47 761 911 төгрөг, нийт 143 285 733 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Г.Эийг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, түүний өмгөөлөгч Д.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр Эм энд Жи Констракшн ХХК-аас 5 903 879 190 төгрөгийг гаргуулж “С Э С К”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Эм энд Жи Констракшн ХХК-ийн барьсан Голден Вилл хотхоны орон сууцнуудыг “С Э С К”ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Ингээд тус байранд амьдарч байсан иргэн Г.Э болон иргэн Б.А, Д.Цнартай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулж Голден Вилл хотхоны 103 дугаар байр, 604 тоот, 4 өрөө орон сууцыг, В-10 зогсоолын хамт 224 000 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу худалдан авагч талын Эм энд Жи Констракшн ХХК-д төлсөн 60 000 ам.долларыг хасч тооцон үлдэх 164 000 ам.долларыг 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөхөөр болсон. Худалдан авагч нь төлбөрөөс 125 803 ам.долларыг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 38 197 ам.долларыг удахгүй төлнө гэсэн тул Г.Эийн хүсэлтийн дагуу түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд гэрээнд заасны дагуу алдангийн хамт нийт 143 285 733 төгрөгийг Г.Эээс гаргуулж өгнө үү. Холбогдох нотлох баримтуудад үндэслэн хариуцагч Д.Ц, Б.А нарт холбогдох шаардлагаас татгалзаж байгаа болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Гэрээний үнийн дүнд авто зогсоолын үнэ хамт орсон учир орон сууцнаас нь салгаж тооцох боломжгүй юм. Хариуцагч Г.Э нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжуудаар Д.Ц, Б.А нараас орон сууц болон авто зогсоолын үлдэгдэл төлбөрийг авсан атлаа “С Э С К”ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул хариуцагч Г.Эийн орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж, маргаж байгаа нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.2-т Г.Э нь дээрх төлбөрийг иргэн Д.Ц, Б.А нараас шаардах эрхтэй, 2.3-т гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 103 дугаар байрны 604 тоотод оршин сууж байгаа иргэн Г.Э нь иргэн Д.Ц, Б.А нараас шилжүүлсэн орон сууцны төлбөрийг “С Э С К”ХХК-д шилжүүлэх ба “С Э С К”ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Эийн нэр дээр шилжүүлнэ, 3.1-д Б тал буюу иргэн Д.Ц, Б.А нар нь дээрх орон сууцыг В10 автомашины зогсоолын хамт 224 000 ам.доллараар бодож А тал буюу Г.Эт төлнө, 3.2.1-т Үлдэгдэл 92 000 ам.долларыг Д.Ц, 3.2.2-т Үлдэгдэл 72.000 ам.долларыг Б.А төлөхөөр, мөн гэрээний 3.3-т Б тал буюу Д.Ц, Б.А нар нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1- 3.2-т заасан үүргийг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд А тал буюу Голден вилл хотхоны 103 дугаар байрны 604 тоотод оршин сууж байгаа иргэн Г.Э болон “С Э С К”ХХК-ийн өмнө хүлээх бүх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ. Энэхүү заалтаас үзвэл 92 000 ам.доллар, 72 000 ам.долларыг Д.Ц, Б.А нараас уг үнээр Г.Э нэхэмжилсэн нь гэрээний дүн болоод огноо, дугаар тохирч байх бөгөөд төлбөрийг “С Э С К”ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагч Г.Э нь “С Э С К”ХХК-ийн өмнө хүлээх үүргээс бүрэн чөлөөлөгдөөгүй болно. Хэрэв орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Байрны үнэ болох 224 025 ам.долларыг 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Наран моторс ХХК-ийн менежер н.Батцэнгэл болон нягтлан бодогч нарт бэлнээр төлж санхүүгийн тамгатай баримт авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарахыг Наран Моторс ХХК-ийн менежер н.Батцэнгэлээс лавлахад 2008 оны 9 дүгээр сараас хэтрэхгүй гарчихна, ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж байсан. Наран моторс ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны 103 дугаар байр 604 тоот байрыг анх иргэн Б.А, Д.Цнараас ВМW-Х5 автомашинаар сольж авсныг мэдсэн. Миний бие 2011 оны 10 дугаар сард Нийслэлийн прокурорын газарт иргэн Б.А, Д.Ц, Наран Моторс ХХК-ийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хүсэлт гаргасан боловч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хянаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хүргүүлсэн тухай хариу ирүүлсэн. Г.Э миний бие 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Голден вилл хотхоны 103 дугаар байрны 604 тоотын орон сууцны үнэ төлбөрийг 100 хувь шударгаар бэлэн төлсөн иргэн мөртлөө хууль ёсны өмчлөгч болж чадахгүй хохирч байна. 2013 оны 02 дугаар сард залилагч Д.Ц, Б.А нар нь манай ажил дээр БНСУ-ын компани болох “С Э С К”гэдэг Солонгос компанийн захирал L Y-M, орчуулагч н.Сарантуяа хоёрыг авчран надтай анх танилцуулж, танай байрны гэрчилгээ БНСУ-ын “С Э С К”компанийн нэр дээр гарсан байгаа, тийм учраас бид гурвалсан гэрээ хийх шаардлагатай байна гэсний дагуу 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын “С Э С К”ХХК болон иргэн Б.А, Д.Цнартай гэрээ хийхийг зөвшөөрсөн. Би Б.А, Д.Цнараас төлсөн төлбөрийг БНСУ-ын компани болох “С Э С К”ХХК-ийн захирал L Y-M-т хүлээлгэн өгөх, төлбөр төлөгдөж дууссанаар уг орон сууц миний нэр дээр шилжин ирэхээр заагдсан гэрээ байсан. Гэтэл 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “С Э С К”ХХК-ийн захирал L Y-M нь Б.А, Д.Цнар 2012 оноос хойш төлбөрөө барагдуулахгүй хугацаандаа мөнгөө төлөхгүй байна, L Y-M би Монгол Улсад амьдрахад маш хүнд байгаа тул надад туслаад Б.А, Д.Цнарын төлөх мөнгөнөөс түрүүлж 50 000 ам.долларыг өөрөөсөө өгөөч, тэгвэл танай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн чинь нэр дээр шилжүүлж өгье гээд Голден вилл хотхоны 103 байр 604 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад үзүүлж гуйсан. Ингээд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “С Э С К”ХХК захирал L Y-M-д 50 000 ам.долларыг бэлнээр өөрөөсөө өгч, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын компани болох “С Э С К”ХХК-иас Монгол Улсын иргэн Г.Эийн нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Нэгэнт худалдаж авсан орон сууцны төлбөрөө дахин төлөх зохицуулалт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, дээрх орон сууцыг авто зогсоолын хамт Б.Болормаа, Эм энд Жи Констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/17 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Б.Болормаа нь захиалан бариулсан ба уг гэрээг Б.Болормаагийн зөвшөөрлийг үндэслэн Г.Эийн төрсөн эцэг болох Л.Гомбожав 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 6/17 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Эм энд Жи Констракшн ХХК-тай байгуулж, гэрээний нийт үнийн дүнг 224 025 ам.доллар байхаар харилцан тохиролцсон ба гэрээний нийт үнэ болох 224 025 ам.долларыг 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Наран моторс ХХК-ийн санхүүд бэлнээр бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр тус компаниас санхүүгийн тамга тэмдэг бүхий баримтыг авсан. Гэтэл “С Э С К”ХХК нь В-10 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Г.Эийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж Голден Вилл хотхоны 108 дугаар байрны В-10 тоот, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Эээс 82 815 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С Э С К”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 470 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, Д.Батзориг нар хариуцагч Б.А, Д.Цнарт холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Y-2204078122 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 108 байр, в-10 тоот хаягт байршилтай, 12.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Эийг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 572 027 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Эт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Эээс 67 061 134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С Э С К”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 224 599 төгрөгт холбогдох хэсэг болон Эрхийн улсын бүртгэлийн Y-2204078122 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 108 байр, в-10 тоот хаягт байршилтай, 12.5 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч Г.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад 572 027 гэснийг 493 256 гэж, БНСУ-н “С Э С К”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан Г.Эт гэснийг хасч, уг заалтын дугаарыг 3 гэж, 5 дах заалтын дугаарыг 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 572 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Г.Эийн зүгээс доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. "“С Э С К”” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Г.Э нь Д.Ц, Б.А нараас авсан орон сууцны төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлсныг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ. ...Үйл байдлыг гэрчлүүлэх зорилгоор тухайн үед Г.Этэй хамт байсан, үйл байдлыг бүрэн мэдэж байгаа иргэн Ч.Ганцэцэгийн шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ нотлох эрхийг хөндсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “гэрээ № С&С-Е-Тs.А” гэх гэрээг байгуулахдаа уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт иргэн Д.Цгийн “С Э С К” ХХК-д 2012 оны 3 сарын 23-ны өдөр төлсөн 20.000 ам долларыг, гэрээний 3.2.2 дахь хэсэгт иргэн Б.Агийн “Эм энд Жи Констракшн” ХХК-д төлсөн 40.000 ам долларыг /төлсөн гэх ямар ч баримтгүй/ тус тус хасч тооцож гэрээ байгуулсан атал “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн 2011 оны 3 сарын 29-ний өдрийн 45 дугаартай албан бичигт дурдсан 44 000 ам долларыг /баримттай/ ямар үндэслэлээр төлсөн төлбөрт оруулан тооцохгүй байгаа нь тодорхойгүй бөгөөд уг 44.000 ам долларыг Б.А болон Д.Цнарын төлөх төлбөрт оруулан тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 23-ны өдрийн 101/Ш32016/02588 тоот шүүгчийн захирамжаар тогтоосон 18.576 ам доллар буюу 38.004.267 төгрөг, тус шүүхийн 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 101/Ш32016/04381 тоот шүүгчийн захирамжаар тогтоосон 21.872 ам доллар буюу 44.811.134 төгрөг нийт 82.815.402 төгрөгийг Г.Эээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь 82.815.402 төгрөгийг иргэн Д.Ц, Б.А нараас шүүхийн журмаар нэхэмжлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Д.Цгээс 38.004.267 төгрөг гаргуулахаар 2016 оны 4 сарын 08-ны өдөр 16/4324 дугаартай, Б.Агаас 44.811.134 төгрөг гаргуулахаар 2016 оны 6 сарын 24-ний өдөр 16 5702 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулж, гэрээнд заасан хувь хэмжээ буюу 44.811.134 төгрөгийн 6.5% 2.912.723 төгрөг, 38.004.267 төгрөгийн 6.5% буюу 2.470.277 төгрөг нийт 5.383.000 төгрөг, мөн Д.Цнь 38.004.267 төгрөг төлөхөөс 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг төлж, үлдэгдэл 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг төлөлгүй харилцан тохиролцсон ба Г.Э нь 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “гэрээ № С&С-Е-Тs.А” гэх гэрээний дагуу иргэн Д.Ц, Д.Б.А нараас төлбөр шаардахдаа нийт 21.383.000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 82.815.402 төгрөгөөс 21.383.000 төгрөгийн зардлыг хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч 21.383.000 төгрөгөөс 15.754.268 төгрөгийг хасч шийдвэрлэсэн хэдий ч үлдэх 5.628.732 төгрөгийг мөн хасч шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “гэрээ № С&С-Е-Тs.А” гэх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бус иргэн Д.Цгааанхүү, Б.А болон нэхэмжлэгч “С Э С К”” ХХК-ийн хооронд тодорхой мөнгийг тодорхой хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон гэрээ гэж хариуцагч талаас үзэж байна. Д.Б.А, Д.Цнар нь 2013 оны 05 сард нэхэмжлэгч талд мөнгө өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 5 сараас 2018 оны 9 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд аливаа байдлаар нэг ч удаа мөнгө төлөх талаар шаардаж байгаагүй атал 5 жил 4 сарын дараа мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан, 2013 оны 02 сарын 01-ний өдрийн “гэрээ № С&С-Е-Тs.А” гэх гэрээний дагуу нэхэмжлэгч “С Э С К”” ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэл болох В10 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Баянзүрх дүүргийн 1 хороо, “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 604 тоот 149.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг В10 тоот зогсоолын хамт захиалан бариулсан бөгөөд энэхүү 2 үл хөдлөх хөрөнгийн үнийг салган тооцох боломжгүй юм. Мөн Г.Э нь нэхэмжлэгч талд төлбөрийг бүрэн төлөөгүй учир шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэхийн сацуу нэгэнт хариуцагч Г.Эээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж үзэж байгаа тул 108 дугаар байрны В-10 тоот 12.5 мкв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 1060 дугаартай магадлалын Хянавал хэсэгт “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э нь нэхэмжлэгч болон төлбөр авагчийн хувиар хариуцагч буюу төлбөр төлөгч Б.А, Д.Цнараас авах төлбөрөөс татгалзсан явдаг нь нэхэмжлэгч “““С Э С К”” ХХК-ийн зохих хариуцагч нараас төлбөр шаардах эрхийг хөндөхгүй болно” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Эээс 67.061.134 төгрөг гаргуулахаар буюу анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үнийн дүнгээс 15.754.268 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос 2 үндэслэл буюу хууль хэрэглээний болон үнийн дүнгийн хувьд гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэж заасан. Иймд давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд “С Э С К”ХХК нь хариуцагч Г.Э, Б.А, Д.Цнарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 95 523 822 төгрөг, алданги 47 761 911 төгрөг нийт 143 285 733 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Б.А, Д.Цнарт холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч Г.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 108 байрны, в-10 тоот, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Эээс 82 815 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С Э С К”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг багасган 67 061 134 төгрөг болгож, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг буюу автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох гомдол үндэслэлтэй байна.

1. Г.Э нь 2008 оны 7 сарын 7-ны өдөр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 15/3, Денверийн гудамж, 103 дугаар байр, 604 тоот, 4 өрөө, орон сууц, автомашины зогсоолын үнэ 224 025 ам.долларыг Наран моторс ХХК-д төлж, энэ үеэс эхлэн эд хөрөнгийг эзэмшиж байсан боловч дээрх орон сууцны өмчлөгчөөр “С Э С К”ХХК бүртгэгдсэн нь 2012 оны 10 сарын 15-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн №0000000000тоот гэрчилгээгээр тогтоогджээ.

Г.Э, “С Э С К”ХХК дараах 3 гэрээг байгуулсан байна. Үүнд:

2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “С Э С К”ХХК-ийн захирал И Ё М /L Y-M/, нөгөө талаас Г.Э, Д.Ц, Б.А нар гэрээ байгуулж, орон сууцны үнэд 224 000 ам.доллар төлөхөөс 60 000 ам.доллар төлөгдсөн тул хасч, үлдэх 164 000 ам.долларыг төлөхдөө Д.Цнь 92 000 ам.долларыг, Б.А нь 72.000 ам.долларыг тус тус Г.Эт хуваарийн дагуу төлөх, Г.Э нь иргэн Д.Ц, Б.А нараас шилжүүлсэн төлбөрийг “С Э С К”ХХК-д шилжүүлснээр “С Э С К”ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Г.Эийн нэр дээр шилжүүлэх, /1 хавтас 15-17 тал/

2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “С Э С К”ХХК-ийн захирал И Ё М, Г.Э нар гэрээ байгуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гурван талт гэрээ хүчин төгөлдөр болохыг тусгаж, Д.Ц, Б.А нарын төлөх төлбөрөөс 50.000 ам.долларыг Г.Э нь урьдчилж төлснөөр худалдан авагчийн эрх үүргийг эдэлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон, /1 хавтас 76 тал /

2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр И Ё М, Г.Э нар орон сууцыг 50 000 ам.доллароор худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Г.Э нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 50 000 ам.долларыг И Ё М /L Y-M/ хүлээлгэн өгч, улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /1 хавтас 75,77 тал /

2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна., 198.2-т заасан “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэсэн зохицуулалтын дагуу гэрээний агуулга, гэрээний төрөл, талуудын хүлээсэн үүрэг, үүргээ биелүүлсэн байдал, өмчлөх эрх үүссэн эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3 талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 07, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “С Э С К”ХХК, Г.Э нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй байв. Эдгээр гэрээ нь тус тусдаа байгуулагдсан хэдий ч гэрээний зорилго нэг тул нэг гэрээний харилцааг зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу “С Э С К”ХХК орон сууцны өмчлөх эрхийг Г.Эт шилжүүлэх, Г.Э нь орон сууц, автозогсоолын үнийн үлдэгдэл 164 000 ам.долларыг Д.Ц, Б.А нараас авч, худалдагч “С Э С К”ХХК-д шилжүүлэх, Д.Ц92 000 ам.долларыг, Б.А 72 000 ам.долларыг Г.Эт төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан тул Г.Э нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан, улмаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохын тулд гэрээгээр тохирсон үнийг бүрэн төлөх үүрэгтэй байна.

Эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээгээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3. Давж заалдах шатны шүүх Г.Э нь компанийн өмнө эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг хүлээгээгүй, харин Б.А, Д.Цхоёр хүлээсэн гэж дүгнэхдээ гэрээг бүхэлд нь дүгнээгүй, гэрээний талуудыг зөв тодорхойлж чадаагүй алдааг гаргажээ.

Тухайн орон сууцыг Г.Э нь 2008 оноос эхлэн эзэмшихдээ орон сууцны үнийг Наран моторс ХХК-д бүрэн төлсөн боловч орон сууцны өмчлөлийн маргаан үүссэнээс өмчлөх эрхээ шилжүүлж авч чадаагүй, Наран моторс ХХК-д төлсөн мөнгийг Д.Ц, Б.А нар Г.Эт буцаан төлөхөөр тохирч, Г.Э нь орон сууцны үнийг дахин төлөх ёсгүй тул Д.Ц, Б.А нараас мөнгийг авч “С Э С К”ХХК-д төлж, өмчлөх эрхээ олж авахаар тохирсон үйл баримтыг зохигч талууд маргаагүй боловч хожим нь “С Э С К”ХХК, Г.Э нар гэрээ байгуулж, Г.Э нь худалдан авагчийн үүргийг хүлээхээр болж, 2013 оны 02 дугаар сарын 07-ны гэрээний дагуу Г.Э нь өөрөөсөө “С Э С К”ХХК-д 50 000 ам.долларыг төлж, төлбөр дутуу хэдий ч “С Э С К”ХХК 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг Г.Эт шилжүүлсэн байна.

Г.Э нь гэрээгээр үүрэг хүлээж, орон сууцны өмчлөх эрхийг олж авсан  этгээд тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авагч юм. Тэрээр 2013 оны 02 дугаар сарын 07, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнд Г.Э нь худалдан авагч тал болохыг тодотгон заасан байх ба “С Э С К”ХХК-ийн зүгээс хариуцагч Г.Эт холбогдуулж үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэж чадаагүйгээс гадна гэрээг дуусгавар болгохыг хүссэн маргалдагч талуудын зорилго, хүсэл зоригийг анхаараагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4. Анхан шатны шүүх гэрээний үүргийг хангуулахыг хүссэн “С Э С К”ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г.Эийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1-д нийцсэн байна. Шүүхийн энэ шийдвэрээр талуудын байгуулсан гэрээг дуусгавар болгож, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Д.Цнь 18.576 ам.доллар буюу 38.004.267 төгрөгийг Г.Эт төлөхийг хүлээн зөвшөөрсөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/02588 дугаар, Б.А 21.872 ам.доллар буюу 44.811.134.88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04381 дугаар захирамж, эдгээр шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон баримт хэрэгт авагджээ. /1хавтас 162-176 тал/

Анхан шатны шүүх хариуцагчаас 82 815 402 төгрөгийг гаргуулахдаа шүүхийн дээрх 2 шийдвэрт заасан хэмжээг баримталсан ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

5. Хариуцагч Г.Э нь худалдах-худалдан авах гэрээний үлдэх үүргийг шүүхийн энэ шийдвэрээр биелүүлэх болсон нь Д.Ц, Б.А нарыг түүний өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Гэрээний дагуу 164 000 ам.долларыг төлөхөөс 125 803 ам.долларыг төлсөн, 38 197 ам.доллар төлөөгүй тооцоог зохигч маргаагүй байна. Хариуцагч Г.Э 50 000 ам.долларыг өөрөөсөө төлсөн нь 2013 оны 02 дугаар сарын 07, 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ, мөнгийг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогджээ. Г.Э нь Д.Ц, Б.А нарын төлөх төлбөрийг төлсөн хэдий ч Д.Ц, Б.А нар Г.Эийн өмнө үүргээ бүрэн биелүүлэх ёстой юм.

Анхан шатны шүүх Д.Цнь 92.000 ам.доллар, Б.А нь 72.000 ам.доллар, нийт 164.000 ам.долларыг Г.Эт шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Г.Э нь хүлээн авсан төлбөрийг “С Э С К”ХХК-д бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Б.А, Д.Цнар нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй гэж өөр өөр дүгнэлтийг хийсэн байх ба анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч нь Д.Ц, Б.А нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүх хариуцагч Г.Эт холбогдох “С Э С К”ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа тул өөр асуудлыг буюу Д.Ц, Б.А нар Г.Эт гэрээний дагуу мөнгөө бүрэн төлсөн эсэх, Г.Э нь өөрөөсөө төлсөн 50 000 ам.долларыг авсан эсэхийг дүгнэх нь талуудын зарчмыг зөрчинө. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

6. Хариуцагч Г.Э сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан, анхнаасаа Наран моторс ХХК-д 224 025 ам.доллар төлсөн тул үнийг дахин төлөх үндэслэлгүй...” гэж, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүсчээ.

Г.Э нь шүүхийн энэ шийдвэрээр эд хөрөнгийн үнийн үлдэх хэсгийг төлж байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1060 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 175 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА